130-хан хүний эрх ашгийн төлөө…
Алга дарам газраа алаан хядаантай булаалддаг нь аргагүй л Монголд дэлгэрээд буй сүүлийн үеийн мода. Хотын “А” зэрэглэлийн бүсэд буйдангийнхаа квадратыг эзэмшихээр баруун солгойгүй мөнгө цацаж чадах нэгэн хэд хичнээн байгааг бодохоор “мода хөөхөд мөнгө хэрэгтэй” гэдэг үг аргагүй л үнэний ортой.
Гэсэн ч газрын маргаантай асуудалд иргэдийн эрх ашгийг үргэлж хөнддөгийн жишгээр “хүйсээ олоогүй” барилгын асуудал улам бүр хүндэрч байна.
Тодруулбал Засгийн газрын ард баригдаж буй эмнэлгийн зориулалттай барилгын асуудал юм. Өдгөө 80 хувь нь баригдаж дууссан эл барилга ирээдүйд ямар хүйстэй төрөх нь одоогоор эргэлзээ төрүүлсээр байна. Өвчтөн хэвтэж эмчлүүлэх үү, өрөөлд ял төлөвлөж суух уу гэдэг нь иргэдийн сонорыг ихээхэн татаж буй юм.
Учир нь эмнэлгийн зориулалттай уг байрыг энэ сарын 3-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас УЕП-ын 40, Хууль зүйн яамны 90, нийтдээ 130 хүний оффисын байр болгох шийдвэр гаргасан. Гэвч шийдвэрийг эсэргүүцэн эмнэлгийн ажилчид, энгийн иргэд нэгдэн эрчимтэй тэмцэж эхэлсэн. Тэд удаа дараалан шат дамжлагатайгаар албан тушаалтад хүсэлт хүргүүлсэн ч шийдвэртэй хариу сонсолгүй өнөөдрийг хүргэсэн.
Харин төв талбай дээр жагсаал хийж төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн хүсэлтийн хариу ямар ирэхээс шалтгаалж дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ гэсэн шийдвэрийг тэд өчигдөр гаргасан. Хэрвээ хариу татгалзсан аваас эмч нар суулт зарлаж, өвчтөн эмчлэгчгүй үлдэх нь. Жилээс жилд л эмнэлгийн салбар шалдаа буусан, шинэчлэл хэрэгтэй гэдэг атлаа иргэний эрүүл мэндтэй холбоотой чухал обьектыг зүгээр л ялын газар болгочихлоо.
Уг нь улсын төсвөөс 10 тэрбум орчим төгрөг зарцуулж, дээрээс нь Солонгосын хөнгөлөлттэй зээлээр 20 сая ам.долларын өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн компьютер, томографийн аппарат оруулж ирэхээр бэлтгэж, вакум хагалгааны хэсэг, хийн систем, цахим сүлжээг цоо шинээр суурилуулсан аж.
Гэвч дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, нийтдээ 240 хүний ортой, жилд хоёроос гурван мянган хүнд хагалгаа хийж, долоогоос найман хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулториар 120 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай энэ эмнэлгийг зүгээр замхаруулчихлаа. Түүнчлэн эмнэлгийн зориулалт, оффисын зориулалт гэдэг асар хоёр өөр ойлголт. Эмнэлгийн нэг өрөө гэхэд л дотроо ариун цэврийн өрөөтэй баригджээ.
Мөн барилгын гүйцэтгэл дуусахаас өмнө байрлуулсан байх шаардлагатай тоног төхөөрөмжийг ч гэсэн суурилуулсан аж. Хэрвээ энэ барилгыг оффис болгон өөрчлөх юм бол ахин барихаас өөр аргагүй гэж эмнэлгийн барилгын зургийн ерөнхий архитектор Н.Цогтоо мэдэгдсэн. Гэтэл хууль бус, хүнийг амь насаар нь хохироосон барилгаа буулгаж чадахгүй байж олон мянган хүнийг анагаах эмнэлэгээ буулгах гэж байдаг.
Эсвэл өрөөндөө нойлтой хагалгаа хийхэд зориулсан тусгай хамгаалалттай ханан дотор суух гээд байгаа юм уу. Нийслэлдээ шавсан иргэдтэй дээрээс нь эрүүл амьдрах баталгаагүй энэ нийгэмд 10 хүрэхгүй мянган эмнэлгийн ортой атлаа 130- хан хүний эрх ашгийн төлөө сая гаруй нийслэлчүүдээ зөнгөөр нь орхих гэж үү. Өнөөдөр Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн дээвэр тааз нурж, мөөгөнцөрт идүүлсэн байна.
Ор хүрэлцэхгүйгээс болж хүүхдүүд хүйтэн шалан дээр гудас тавиад нормын тариа хийлгэж байна. Түлэнхийн төвийн байр ашиглах боломжгүй болсон учраас, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй нийлүүлж, тус эмнэлэг өнөөдөр гурав дахин илүү ачаалалтай ажиллаж байна. Тус эмнэлэгт байсан нэгдсэн мэс заслын тасаг, мэдрэлийн эмгэгийг эмчлэх гэсэн хоёр тасгийг татан буулгаж, тархи нуруу нугасны тасаг байрлаж байсан тасагт 80 ор тавьж ачаалал ихтэй ажиллаж, өвчтөнүүд хонгилоор зовиурлан хэвтэж байна.
Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцоогоор Хятад, Тайланд, Сингапур зэрэг оронд жилдээ 20 мянга гаруй монголчууд эмчилгээ, оношлогоо хийлгэхээр зорчиж, 100 гаруй сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Харин энэ нь голдуу компьютер томограф, соронзон резонанст томографын эмчилгээ байдаг аж.
Гэтэл энэ бүх тоног төхөөрөмжийн заримыг нь суурилуулж, үлдсэнийг нь суурилуулахаар тохирсон байхад Засгийн газар гэнэтийн “үхэлтэй” шийдвэр юунд гаргасан юм бол. Магадгүй эрхэм дарга нар бие нь чилээрхвэл гадаадад эмчлүүлэх чадалтай болохоор тоодоггүй байж болно. Энгийн иргэд эм авах мөнгөөр хомс байхад холын мөрөөдөл болсон гадаад эмнэлгийг нь ядаж нүдэнд нь харагдахаар босгоод өгөөч. Энгийн иргэд энэ бүсэд чинь бөгс ч тавих эрхгүй болох нь.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: