Д.Эрдэнэбат: Тендерийн бодлогод өөрчлөлт оруулах ёстойг Мөрөн хот харуулж байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Тариалан суманд ажилласан юм. Түүнтэй томилолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Таны УИХ-ын гишүүний анхны томилолт Хөвсгөл аймгаас эхэллээ. Энэ томилолтын зорилго юу байв?
-УИХ сая 2013 оны төсвийг батлаад дууслаа. Энэ жилийн хөрөнгө оруулалтын нийт 1.4 их наяд төгрөгөөс 1.1 их наяд нь хуучин хөрөнгө оруулалтууд үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн дээр 1.1 их наяд төгрөг өнөөдөр Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлоод явж байна. Их хурлын захирамж юу гэж гарсан гэхээр бид хөрөнгө оруулалтын бодлогоо одоогийн төрийн бодлогод нийцүүлж өөрчлөх ёстой юм байна гэсэн. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлага байгаа учраас орон нутагт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтыг эргэж харъя гэдэг шийдлийг УИХ-аас гаргасан. Тэгээд хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөөд, урт буюу дунд хугацааны гэж ангилъя. Хөрөнгө оруулалт эдийн засгийн хөгжлийнхөө бодлогод нийцсэн, зорилттой, цэгцтэй, урт удаан хугацаагаар төлөвлөгддөг байх нь зөв гэж үзсэн. Тийм учраас би Хөвсгөл аймагт томилолтоор ирээд, хоёр хоног ажиллалаа.
-Аймаг, орон нутгийн иргэд юу хэлж, ярьж байна вэ, анхаарах ёстой зүйлсийн талаар?
-Хөвсгөл аймагт одоо үргэлжилж байгаа, ирээдүйд хийгдэхээр 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжиж байгаа юм байна. Үүнээс 73 тэрбум төгрөг нь 2013 онд хэрэгжих юм байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга, байгууламжуудаас болж байгаа нь юу байна, болохгүй байгаа нь юу байна гэдгээр иргэдтэй хоёр өдөр санал солилцсон. Хөвсгөл аймгийн ирээдүйн хөгжлийг зөв гольдролд нь оруулахтай холбоотой хөрөнгө оруулалтууд нэлээд цөөхөн байна. Хамгийн гол ач холбогдол өгч байгаа хоёр асуудал байна. Нэгдүгээрт, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлыг өргөтгөх. Хөвсгөл аймагт аялал жуулчлал, мал аж ахуйн салбараа түшиглэн хөгжих боломжтой гэдгийг бид тодорхойлсон. Хэрвээ аялал жуулчлалаар хөгжинө гэж байгаа бол нисэх онгоцны буудлыг өргөтгөж, олон улсын нисэх буудал болгох нь зарчмын хувьд зөв. Энэ асуудал цаашдаа урт хугацааны хөрөнгө оруулалтад тусгагдаад явна гэсэн үг. Хоёр дахь асуудал бол Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой холбоотой. Мөрөн хотын шинэчлэлийн бодлоготой холбоотой хөрөнгө оруулалт дутуу хийгдэж байгаа, бодлогын шинжтэй хөрөнгө оруулалт угаасаа алга байна. Зүгээр л сургууль, цэцэрлэгийн барилга байшинг өргөтгөх, зам харгуй засах гэх мэт. Ийм хөрөнгө оруулалтыг бид багцалж өөрчлөх ёстой юм байна. Шинэчлэлийн Засгийн газрын баримталж байгаа нэг бодлого байгаа нь жишиг хотыг бий болгох. Аймгуудын төвүүдийг жишиг хот болгон хөгжүүлэхэд жишээлбэл, Мөрөн хот бол их дөхөм байгаа юм.
-Он дамжсан барилгуудын тендер нэлээд асуудалтай байгаа нь таныг ажиллаж байх үед нэлээд харагдлаа. Юуг анхаарах ёстой вэ?
-Тендерийн бодлогод бид өөрчлөлт оруулах ёстой. Он дамжаад л мөнгөтэй, мөнгөгүй гээд явдаг. Барилгынх нь хийц, суурь нь хуучирдаг, ач холбогдолгүй болгоод л хаядаг зүйл их түгээмэл байна. Үүний жишээ сая Мөрөн хот дээр харагдлаа. Цэцэрлэгийн жижигхэн барилгын өргөтгөл хоёр жилийн турш он дамнаад хийгдсэн, одоо мөнгөгүй гээд хаячихсан байна. Дахиад хөрөнгө оруулалт хийхэд магадгүй хэрэгтэй мөнгөнийх нь хэмжээнд өөрчлөлт орох магадлал өндөртэй. Компанийнх нь шалгуур үзүүлэлт их муу. Орон нутгийн компаниар хийлгэнэ гээд тендер зарлачихдаг. Орон нутгийн эрх барьж байгаа нөхдүүд хөрөнгө мөнгө, чадал муутай нэг компанид өгчихдөг. Тэр компани нь хамаг ажил уяад, нэг жилд барих ёстой цэцэрлэгийн барилгыг гурван жил дамнаж байгаа юм. Тэгэхээр хэрвээ тухайн хугацаандаа барилгыг барьж, гүйцэтгэж чадаагүй бол тэр хөрөнгө оруулалт оролцох эрх нь хаагдаж байх ёстой. Амласан бол тэр хугацаандаа л багтааж, ажлаа дуугах гэдэг зарчим алдагдаад байгаа. Бид энэ дээр цаашид анхаарах ёстой. Тендерийн асуудлыг бид цаашид баримтлах урт хугацааны бодлогодоо нийцүүлж өөрчилнө.
-Мөрөн хотод хэрэгжиж байгаа хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажилтай та танилцсан. Ерөнхийдөө орон нутагт хөрөнгө оруулалтууд хяналтгүй, сул хэрэгжиж байна уу гэдэг нь харагдаж байсан шүү дээ?
-Хяналтгүй, сул байгаа нь хэд хэдэн газраар ороход харагдлаа шүү дээ. Хөрөнгө оруулалт бодлогогүй хийгддэг, хийх шаардлагагүй зүйл рүү дахин хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ нь, энд төрөх эмнэлгийн барилга баригдаж байна л даа. Уг нь их аятайхан, боломжийн хөрөнгө оруулалт. Гэтэл хүүхдийн төрөх эмнэлгийг яагаад Мөрөн хотод дахин барих ёстой болов гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Урд нь ийм том хот төрөх эмнэлэггүй байсан юм уу гэхээр “байсан” гэж байна. Тэгээд яасан юм гэхээр “Хувьчилчихсан юм аа” гэх жишээтэй. Яагаад хувьчилсан юм гэхээр “акталсан” гэж байгаа юм. Акталсан гэдгээр төрөх эмнэлгийн барилгыг 16-хан сая төгрөгөөр хувьчилсан байна. Одоо тэр хувьчилсан барилгынхаа яг хажуу талд нь шинээр төрөх эмнэлэг барьж байгааг бид өнөөдөр яаж зохицуулах вэ. Дахиад л төсвийн хөрөнгөөр ингэж барьж байгаа нь буруу жишиг. Өмнөх хувьчлалын асуудлыг бид бас эргэж харах ёстой юм байна шүү гэж байгаа. Дараагийн нэг зүйл юу гэхээр энэ том хот өнөөдрийг болтол халуун усгүй байна. Дулаан, цахилгааныхаа асуудлыг шийдээгүй явж байдаг. Энэ дээр зорилтот хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай гэдэг нь ажиглагдлаа. Дулааны станц баригдаж байгаа юм байна. 2010 оноос хойш баригдсан дулааны станц өнөөдрийг хүртэл дуусаагүй байж байна. Гэтэл энэ дулааны станцтайгаа хамт эрчим хүчний асуудлаа яагаад шийдээгүй юм гэх асуудал гарч ирж байгаа. Дулааны станц ажилласан ч нүүрс шаардагдана. Дулааны цахилгаан станц ч ялгаагүй нүүрсээр л ажиллана. Хаа сайгүй нүүрсний орд байж байхад яагаад дулааны цахилгаан станц барьж болоогүй юм. Өнөөдөр жишээ нь иргэдийнх нь дунд нэг ийм болгоомжлол байна. Дулааны станцаас гарч байгаа дулаан чинь асар өндөр өртөгтэй байх юм биш үү гэж. Тэгэхээр Мөрөн хотын иргэд энэ хэрэглээний өртгийг дааж чадах уу гээд л асуудал гарч ирж байна.
-Хөвсгөл аймагт ажилласан томилолтоос юуг онцлон дүгнэв?
-Ерөнхийдөө төрөөс баримталж байгаа хөрөнгө оруулалтын бодлого эдийн засагтай уялдахдаа зөрчилдөөнтэй байна гэдэг нь тодорхой байгаа. Гэхдээ эдийн засгийн хөгжилдөө таарсан зорилтот хөрөнгө оруулалтыг хийх гэж бидний зорьж байгаа нь орон нутгийн иргэд, удирдлагуудын хүсэл, сонирхолтой таарч байгааг би олзуурхаж байна. Зөрчилдөөнтэй зүйл ерөөсөө байхгүй байгаа юм. Жишээ нь төмөр замын бодлого байна. Энэ хүрээнд Хөвсгөл рүү төмөр зам барих асуудал багтаж байгаа. Гэтэл төмөр замыг өнөөдөр тавих уу, маргааш тавих уу гэхэд өнөөдөр шаардлагагүй гэж байгаа юм. Бид хөрөнгө оруулалтыг төлөвлөлттэй, зорилттой, эдийн засгийн бодлоготойгоо уялдуулж хийнэ гэвэл төмөр зам тавих асуудал номер нэг биш болчихож байгаа юм. Харин автозам хийх нь нэгдүгээр асуудал юм байна. Мөн нисэх онгоцны буудлаа өргөтгөх ажлаа урт хугацаандаа хийгээд явах нь зөв юм гэж байна. Тийм учраас миний явсан зорилго маш сайн биеллээ гэж бодож байгаа. Хамгийн гол нь би энэ зорилгыг биелүүлэхдээ иргэдийн санал бодлыг сонссон.
Монголын мэдээ
URL: