Э.АМАРБАТЫГ юуны учир тагнасан бэ

АТГ-ын дарга нарыг улсын нууц задруулсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэмээн буруутган Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жилийн ял оноогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор бидэнд нэгэн шинэ мэдээлэл олдсон юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг 15 хоногийн турш тагнаж, чагнасан хэмээн нууцад хамаарах мэдээллийг гүйцэтгэсэн аргыг нь хэлээгүй ч Улсын ерөнхий прокурор өнгөрсөн зун хэвлэл мэдээллийнхэнд зарлачихсан.

Ч.Сангарагчаа нар Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх асуудлыг ТЕГ-аас шалгаад өрөө тасалгаанд нь чагнах төхөөрөмж тавиагүй гэдгийг тогтоожээ.

Ингэж шалгахдаа тагнуулынхан Э.Амарбатын өрөөг рентген төхөөрөмжөөр давхар шалгасан юм байна. Ингээд ямартай ч чагнах төхөөрөм суурилуулаагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн аж. Хэрвээ чагнах төхөөрөмж суурилуулах шаардлагатай бол прокуророос заавал зөвшөөрөл авч, ажиллагааг явуулдаг аж. Харин АТГ-ын дарга өөрт ногдсон эрх мэдлийн хүрээнд Э.Амарбатыг дагуулан хүн явуулсан гэдгийг тогтоожээ.

Харин Э.Амарбатыг дагаж явсан хоёр хүн нь түүнд баригдсан учраас ийнхүү ажиллагаа нь задарч бүтэлгүйтэн, эцэст нь өөрсдийг нь шүүхийн хаалга татахад хүргэх үйлдэл болсон байна. Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх асуудал илэрч, ТЕГ-аас Ажлын хэсэг гарган АТГ-т очиж шал гасны дараахан эх сурвалж “Чагнах төхөөрөмж ол доогүй, харин ноцтой гэмээр үйлдэл илэрсэн нь АТГ-ынхан өөрсдөө авлигын шинжтэй гэмт үйлдэлд оролцож байсан” гэж мэдээлж байсан юм. Үнэхээр тийм зүйл илэрсэн нь үнэн бололтой.

Бидэнд олдсон мэдээллээр Э.Амарбатыг тагнах болсон шалтгаан нь түүний хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой байжээ. УИХ-ын гишүүний хэргийг өөртөө татан авч, өршөөлд хамруулах эсэхэд нөлөөлсөн гэж тухайн үед шуугиж байв. Үүнээс болж удирдлага нь тагнах ажиллагаа явуулсан гэж байсан.

Гэтэл үүнээс ч ноцтой асуудлыг шалгаж эхлэхэд дарагдуулсан бололтой юм. Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын асуудалтай холбоотой томоохон хэргийн учгийг атгаад ийнхүү дарагдуулснаас болж гүйцэтгэх ажил явуулсан гэх мэдээлэл бидэнд олдсон юм.

Тиймээс удирдлага нь түүнийг хэн хэнтэй уулзаж байгаа зэргийг нь шалгахаар болсон аж. Үүнээс улбаалан өнөөдрийн байдалд хүрээд байгаа бололтой. Албан тушаал буурсан Э.Амарбат өвчтэй хэмээн ажлаа бараг хийхгүй байгаа юм.

Г.Цолмон

“Өнөөдөр”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих