Түүх эхэлж байна

“Түүх төгслөө” гэж нэгэн америк эр ном бичээд гэнэт гэрлийн хурдаар алдар хүндийн оргилд хүрсэн цаг саяхан. Тэгвэл би энд “түүх эхэллээ” гэж бичиж сууна. Алдарших гэсэндээ биш, энэ цагийн улстөрийн өнгийг ажиж суугаад ийнхүү бичиж байна. Учир нь “түүхийг төгсгөсөн” тэр эрдэмтнийхээр бодвол Монголын түүх төгсөх биш, харин ч дөнгөж эхэлж байна.

Нэгэн цагт дэлхийн талыг бүрхсэн их гүрэн байгуулсан Чингис хаан гадаад их далайн эрэгт тулж очоод “Үүнээс цааш газар үгүй ээ” хэмээн тунхаглаж байсан домог байдаг бол Германы философич Хегель “Хүн төрөлхтөн мэдэх юмаа мэдээд дууслаа. Үүнээс цааш мэдэх зүйл үгүй” гэж хэлжээ.

Харин, түүний онолоос олон зүйл суралцсан Карл Маркс коммунизмын онол гэгчийг боловсруулж “хүн төрөлхтний мэдлэгийн оргил болсон хамгийн сүүлийн шатны нийгэм, түүнээс цааш хөгжил гэж байхгүй” гэж Хегелийн хэлснийг давтаж байв. Гэвч, тэр онол 1989 онд Берлиний ханатай цуг нуран унаж, хүйтэн дайны эрин үе дуусгавар болсон юм. Энэ үйл явцыг телевизээр харж суусан америк эрдэмтэн Фүкүяма  “Хүн төрөлхтөн социализм, капитализм гэх мэт онолын хуваагдалд орж талцаж байх үе өнгөрч, зөвхөн либерал ардчиллын онол баримтлал ноёрхох эрин эхэллээ, ингэснээрээ түүхийн төгсгөл ирлээ” гэж сэтгэжээ.

Түүх төгсчихлөө, эсвэл эхлэх нь гэж ярих нь хүний толгойд шууд буухгүй. “Юугаа яриад байна вэ, өдөр хоног ээлжилж байсан цагт түүхийн хүрд эргэдгээрээ л эргэнэ” гэж хэлэх хүн олон тохиолдоно. Үүнийг ойлгоход хөгжил, түүх хоёрын талаар зөв ойлголт чухал.

Хүн төрөлхтний хувьд хүй нэгдлийн нийгмийг дамжсаар хот байгуулан хамтын амьдралын хэв маягт шилжсэн тэр л үеэс мэдлэг анхлан үүсч хөгжиж эхэлжээ. Олноороо хамтран амьдрах шаардлагаас Төрийн тухай  мэдлэг бий болов. Цагдаа, шоронтой болж, бас сургууль, үйлдвэр байгуулагдаж, барилга байшингийн сантехник гэхчлэн инженерийн ухаан хөгжиж эхэлж. Шинжлэх ухаан гээд байгаа маань ерөнхийдөө мэдлэг судлал гэсэн утгатай, хүний амьдрал ахуй, оюуны хэрэгцээ, хүслээс үүдэлтэй үйл ажиллагаа. Хөгжил гэдэг зөвхөн хотын хөгжил бас биш. Мэдлэгийн буюу оюун ухаан талын дэвшлийг хөгжил гэж ойлговол зохино. Тэгвэл түүх гэдэг зөвхөн он тооллын дараалал төдий зүйл биш, өнгөрсөн он цагууд дахь хөгжлийг буюу мэдлэгийн дэвшлийг судалдаг шинжлэх ухааны салбар гэж үзэж болно.

Энэ утгаар нь авч үзвэл Монголын хөгжлийн түүх ямар байж ирэв? Одоо бид хөгжиж байна уу?

Чингис хаанаас эхэлье. Тэр үеийн түүх зүгээр нэг аян дайны өрнөл төдий зүйл биш байв. Дэлхийн талыг бүрхсэн их гүрэн байгуулж, төрийг бэхжүүлж, татварын систем тогтоож, торгоны зам хэмээх дэлхийн худалдааны сүлжээг удирдаж байв. Тэр бүхэн тухайн үеийн дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй оюуны хувьд томоохон дэвшилд хүргэж, жинхэнэ утгаар даяаршсан амгалан нийгмийг бүтээжээ. Энэ их үйлсийг системтэй мэдлэгээр бүтээхээс биш, морь мал, хар булчингийн хүчээр бүтээнэ гэдэг огт боломжгүй. Чингис хааны эрин цаг жинхэнэ хөгжлийн түүх мөн.

Тэгвэл социализмын гэх 70 жилд ямар түүх байв? Энэ цаг үед бөөснөөсөө салж, соёл, боловсролын хувьд том дэвшилд хүрч, аж үйлдвэржилтийг эхлүүлж хөдөлмөрийн хуваарилалтад шилжсэн нь яах аргагүй хөгжил байлаа. Том дэвшил. Гэвч, нийгмийн оюун санааны хувьд үл гүйцэлдэх хомнизм гэгчийг зорьж, нэг намын үзэл суртлыг шүтэж байв. Социализмын онолыг гажуудуулан буруу мэдлэг-онол дээр тулгуурласан үл гүйцэлдэх хуурмаг нийгмийг бүтээх оролдлого хийжээ. Тэрхүү гажуудсан онолоор “тархиа охуулсан” Монголын ард түмэн оюуны хувьд том “гэмтэл согогтой” болж үлдсэн юм. Тэр утгаараа тун харамсалтай түүх.

Ардчиллын 22 жилд Монголын түүх яаж өрнөснийг харъя. Энэ он жилүүдэд хөгжил байв уу? Мэдээж хэрэг материаллаг талаасаа ч, оюуны талаасаа ч хөгжил дэвшил байсаан. Юутай ч ардчилсан тогтолцоо үүсч, ардчилсан зарчмаар төрөө сонгон ажиллуулдаг болжээ. Эдийн засаг талаасаа ч том дэвшилд хүрч малчид хүртэл хурдан жийп хөлөглөн, малаа хөнгөн моторт дугуйгаар хариулдаг болов.  Хувийн өмч хөгжиж, улсын эдийн засагт хувийн сектор жинтэй байр суурь эзэлж, олон том бүтээн байгуулалтууд эхэллээ.

Гэвч, хөгжил дэвшлийн хажуугаар ухралт бас байв. Энэ бол нийгмийн ухамсарт үүссэн ялзрал юм. Социализмын үеийн хомсдлын сэтгэхүйгээс улбаатай арын хаалга хэмээх бүх шатанд нуугдаж байсан тогтолцоо “авилга” гэсэн шинэ томъёололтойгоор ил гарч, мөнгөн дүн нь өсөж, энгийн зүйл болтлоо лавширч байна. Авлига гэдэг аливаа нийгмийг ялзруулан устгах асар аюултай эд. Тиймдээ ч авлигад баригдсан нийгмийг хөгжиж байгаа нийгэм гэж үздэггүй.

Нийгмийн ухамсарт үүссэн тэрхүү ялзрал нь эдийн засгийн салбарт бий болсон дэвшлийг хараар будаж байлаа. Сэхээтнүүд, гадаадад суралцаад ирсэн оюунлаг давхаргын хувьд нийгмийн энэхүү буруу үнэлэмжтэй тэрсэлдэн, асар их бухимдлын дунд байж, монгол нутагтаа амьдран сууж чадахгүйд хүрч, олноороо харь улсыг зорих үзэгдэл газар авч байв. Хөгжилтэй оронд одож мэдлэг, боловсрол эзэмшсэн сэхээтнүүд Монголын нийгэмд үүсч бэхжсэн авлига, ялзарч доройтсон нийгмийн үнэлэмжтэй эвлэрч амьдарна гэдэг маш том зөрчлийг бий болгож байлаа.

Энэ нь хөгжлийн хувьд мэдээж ухралт болсон зүйл. Түүхийн ухралт гэлтэй. Энэ бол Ардчиллын жилүүдэд нийгмийн үнэлэмжид бий болсон доройтлыг устгахаар Төрийн зүгээс тэмцэл хийж, ард олноо гэгээрүүлэх талаар гавьтай зүйл хийхгүй явж ирсний хар гай. “Аль ч нам нь гарсан ялгаагүй ээ, адилхан авлигачид шүү дээ” гэх үзэл нийтийн дунд түгэж байв. Энэ бол нийгмийн үнэлэмжийн систем гүн хямарсны тод илрэл. Мэдээж хэрэг, энэ буруу үйл явцыг хөөрөгдөн “манлайлж” ирсэн нь эрх баригчид. Өөр хэн ч биш.

Энэ байдал Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгчтэй болсоноос хойш өөрчлөгдөж эхэлсэн гэж болно. Монгол улсын Ерөнхийлөгч шударга ёсыг тогтоохоор авлигатай хийх тэмцлийг тууштай өрнүүлж, нийгэмд үүссэн үнэлэмжийн ялзралыг устгахаар шийдэмгий ажиллаж байна. Энэ байдал нийгмийн сэтгэл зүйд чухам “хонгилын үзүүрт гэрэл асахын” адил эерэгээр үйлчилж эхэллээ. Ухрах араандаа орсон хөгжил биш, урагшлан дэвжих хөгжлийн эхлэлийг тавьсан хэрэг болж байна.

Шинэчлэлийн Засгийн Газар олон асуудлыг шинэлэг хэлбэрээр шийдэхээр санаачилга гаргаж байна. Түүний дундаас анхаарал татсан нэг алхам байнаа. Энэ бол оюуны өмчийн хулгай, монгол хүний оюуныг бохирдуулахын эсрэг авч буй арга хэмжээ. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос бусдын оюуны өмчийг хулгайлан тавьдаг вэб сайтуудыг түр хааж, монгол хүний тархи оюуныг бохирдуулагч нэргүй коментуудаас чөлөөлөхийг шаардаж эхэллээ. Энэ бол маш том дэвшил. Бид чинь тэр чигээрээ “хулгайн нийгэмд” амьдарч ирсэн улс. Тэр үе өнгөрөх нь ээ.

Сүүлийн 20 жилд аж үйлдвэрийн хөгжлөөр өмнөхөөсөө ч дордлоо гэх дүгнэлт ортой. Гэвч, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах “амбицтай” зорилго хэрэгжих гэж байна. Орчин цагийн дэлхийн хөгжлийн хандлага, техник технологийн эрин үеийн онцлогт нийцсэн Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах концепцоор энэ том хөтөлбөр хэрэгжинэ.  Мэдлэгийн эдийн засаг руу шилжиж буй дэлхийн хандлагатай нийцсэн бодлогоор аж үйлдвэрийн салбараа “том амбицтайгаар” хөгжүүлэхээр чиг зорилгоо гаргажээ.

Монгол улсын Ерөнхийлөгч монгол үндэстнийхээ диаспорын их хүчийг ашиглан урагшлах хөгжлийнхээ эрчийг нэмэхээр шийджээ. Ерөнхийлөгчөөс дэлхийн монголчууддаа хандан гаргасан уриалга Монгол улс хөгжлийн их гараан дээрээ ирснийг дэлхийд тунхаглаж, даян дэлхийгээр тархсан монголчууддаа ааг омог, бахархал, итгэл найдвар өгсөн хэрэг болж байна. Ийм бодлогыг том хүсэлтэй үндэстэн л авч явуулдаг юм. Монгол үндэстний диаспорын нөөц дэлхийд томд тооцогддог.

Хогондоо дарагдсан Улаанбаатарын төрх өөрчлөгдөж эхэллээ. Дуртай газраа шан татаж хашаа бариад оршин суугчдыг “уйлуулан” байж барилга гэвч барилга гэхийн аргагүй чанаргүй амбаар барьдаг цаг урьдын явдал болжээ. Хотыг хот шиг болгоно гэж амлалт аваад УИХ-ыг орхин хотод очсон Бат-үүл баатарт талархъя. “Хуулиа зөрчдөг УИХ байж болохгүй ээ, УИХ өөрөө хууль сахих, сахиулахын үлгэр жишээг үзүүлэх ёстой” хэмээсэн Зандаахүүгийн Энхболдод талархъя.

“Аль ч нам нь байгаад ялгаагүй ээ” гэх цөхрөл аажмаар үгүй болж байна. Монгол хүний сэтгэлд итгэл найдвар асаж эхэллээ. Ардчилсан нам МАН-ын хийгээгүйг хийж байна. Энэ зүгээр нэг өнгөц ялгаа биш. Ардчилсан нам хөгжлийг жинхэнэ утгаар нь бүтээхийн эхлэлийг тавьж байна. Тэд бүр олуулаа болж улам ихийг хийгээсэй.

Монголын хөгжил бол монгол хүний оюуны хөгжил байх ёстой. Монголын Төр ард олноо боловсруулан гэгээрүүлэх үүргээ биелүүлж эхэллээ. Энэ бол хөгжил ирэхийн эхлэл юм. Энэ бол Түүхийн эхлэл. Агуу Монгол улсын түүх дахин эхэлж байна.

Ц.Буянцогтоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих