Д.Сумъяа Самбо бөхийн Дэлхийн аварга боллоо

Беларусь улсын нийслэл Минск хотноо энэ сарын 8-11-нд Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж, Монголын тамирчдаас алт, мөнгөн, хүрэл медальтан тус бүр нэг тодорлоо.

Энэ удаагийн ДАШТ нь эрэгтэй, эмэгтэй болон байлдааны самбо бөхийн төрлөөр аваргуудаа тодруулсан юм. Тус тэмцээнд 64 орны хүчтэнүүд оролцсон нь самбо бөхийн түүхэнд дээд амжилт тогтоолоо.

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 56 кг-д хүчээ сорьсон жүдо бөхийн ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа алтан медалийн төлөө Болгарын Калина Стефановаг ялж, дэлхийн аварга цол хүртсэн бол 60 кг-д 2005 оны дэлхийн аварга Түмэн-Одын Баттөгс мөнгө медаль хүртэж ДАШТ-ий медалиа ихэрлүүллээ. Харин 52 кг-д Сампилын Солонгогэрэл хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

Энэ жил 21 настай залуу тамирчин Д.Сумъяагийн хувьд энэ онд жүдо бөхөөр “Лондон-2012″  олимпийн наадмын татамид зодоглож, эх орондоо болсон “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Минскт болсон ДАШТ-ий өмнөх өдрүүдэд тус хотод Олон улсын самбо бөхийн холбооны XXIV конгресс хуралдсан байна.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих