АТГ-ААС БӨХЧҮҮДИЙН НАЙРААНЫ АСУУДЛЫГ ШАЛГАНА
Монголчуудын өв соёлын үнэт зүйлсийн нэгд зүй ёсоор ордог Үндэсний бөхийн барилдааныг өнөө үеийн бөхчүүд сэвтүүлж байгаа талаар олон жил яригдаж шүүмжлэлийн бай болсоор байдаг. Гэсэн ч эзэн биегүй бөхийн найрааны хээл хахуулийн асуудлыг илрүүлж чадалгүй өнөөг хүрсэн. Харин энэ жилийн үндэсний их баяр наадамд хүч үзсэн бөхчүүдээс сэргээш хэрэглэсэн бөх илэрсэн гэх мэдээллээс үүдэж бөхийн найрааны асуудал шуугиан дэгдээгээд байгаа юм. Иймд бөхчүүдийн найрааны асуудлыг АТГ-аас шалгахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Наадмын дэвжээнд жил бүр “бөхийн найраа”-гаар даваа наймаалцдаг гэх цуу яриа олны чихэнд хүрч ам дамжин яригддаг ч баримт нотолгоогүй учраас удалгүй замхардаг байв. Харин энэ удаа бөхчүүд “сэргээш” хэрэглэсэн гэх асуудлаас үүдэн үндэсний бөхийн ертөнц дотор бугшсан асуудал ил гарч шуугиан дэгдээв. Үүнийг Ардын хувьсгалын 91 жилийн ойн
үндэсний их баяр наадамд шөвгөрсөн улсын арслан Х.Мөнхбаатарын хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг найрааны тухай олон түмний дам яриаг баталгаажуулсан юм.
Өнгөрсөн лхагва гарагт Улсын арслан Х.Мөнхбаатар “Р.Нямдорж тэргүүн олон жил намайг нүд үзүүрлэж байгаа. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж хэлсэн” хэмээн ярьсан юм. Үүний хариуд Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүн Р.Нямдорж Х.Мөнхбаатар арсланг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн.
Олон нийтийн өмнө мэдээллийн хэрэгслээр цацагдсан уг асуудлыг АТГ-аас шалгах нь тодорхой юм. Улсын аварга А.Сүхбат өмнө нь бөхчүүдийн найрааны асуудлыг шалгуулахаар АТГ-т хансан ч тухайн үед шалгалгүй өнгөрөөсөн тохиолдол бий. Түүнийг энэ асуудлаас болж, зодог тайлсан хэмээн олон түмэн итгэдэг. Тэгвэл энэ удаа олон түмний өмнө бөхийн найрааны асуудлыг хөндсөн яриа ил гарсан төдийгүй МҮБХ-ны тэргүүн нь хүртэл орооцолдсон учир АТГ шалгахаар болсон бизээ. Уг асуудлаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг дуудаж шалгахаар болжээ. Мөн улсын арслан Х.Мөнхбаатараас энэ талаар мэдүүлэг авах нь ойлгомжтой. Зөвхөн энэ хоёр хүнийг дуудаж мэдүүлэг аваад зогсохгүй бөхчүүдийн авлига өгсөн, авсан, ард түмэнг хуурсан асуудлыг мэддэг хүмүүсийг АТГ-т хандвал, мэдээллийг хүлээн авах юм. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Х.Мөнхбаатар арслан нарын хооронд болсон энэ асуудал бөхчүүдийн дунд бугшсан авилгалын хэргийг ийнхүү хуулийн байгууллагаар шалгуулахад хүргэв.
Үндэсний бөхөө, бөхчүүдээ эрхэмлэн дээдэлдэг монголчууд үндэсний бөхийн барилдааныг хамгийн шударга өрсөлдөөний талбар байх ёстой “монгол түмний соёлын үнэт өв” хэмээн үздэг. Тийм ч учраас бөхийн найрааны авлигын асуудлыг АТГ-аас шалгахыг монголчууд хотлоороо бүрэн дэмжиж байгаа нь лавтай.
Д.Өлзий
URL: