Хятадад хямд зарсан нүүрсээ өндөр үнээр буцааж авах вий дээ

Монгол Улсын нүүрсний бодлого гэдэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Багануурын уурхай дээр нүүрсний шуудай барьж хэвлэл мэдээллээр реклам үзүүлдгээс арай өөр зүйл байдгийг юуны өмнө дуулгая. Ард түмэн өөр ч зүйл хүсэн хүлээж байгааг ч бас хамт дайя. Улс орны эдийн засаг, улстөрийн бие даасан, аюулгүй байдал, ард түмний амьдралын төвшин, амгалан тайван амьдрах нөхцөл бол ихэнхдээ тухайн орны нутаг дэвсгэрийн газрын хэвлийн баялгаас хамааралтай байдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг.

 

Тэр тусмаа тухайн улсын газрын баялгийн тухай бодлого нэн чухал гэдгийг юу эс андах вэ. Өнөөдөр Монгол Улсад бидний мэдэх Налайх, Багануур, Шарын гол, Шивээ-Овоо зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж энэ салбарт үйл ажиллагаа явуулж, жилдээ 8-9 сая тонн нүүрс олборлодог. Дотоодын хэрэгцээ бол үүний дэргэд өчүүхэн. Гэсэн хэдий ч гурван сая хүрэхгүй иргэдтэй улсын хэрэглээний нүүрсний үнэ яагаад тэнгэрт тулаад байна вэ. Түүнээс гадна газрын хэвлийн доорхи баялаг ашиглах, хадгалах тухай бодлого хаана байна вэ. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнээс эхлээд төрийн түшээд эх орны хэвлийн доорхи нүүрсийг хэдэн жил хэдэн сая тонноор нь зөөж, тонн тус бүрийг нь 40-хөн ам.доллараар Хятад уруу гаргасаар байгаад УИХ, Засгийн газрын гишүүн боллоо. Харин бид шуудайнд хийсэн тав зургаахан килограмм нүүрсийг шуудай тус бүрийг нь 2000 төгрөгөөр худалдаж авах болов.

 
Дэлхий дахинаа хар алт хэмээн аян дайнд мордох нь халаг байхад манай улс өндөр чанартайд тооцогдох нүүрсээ зөвхөн Хятад уруу хямд нийлүүлсээр байна. Энэ нь бидний өдөр тутмын хэрэгцээнд түлж байгаа нүүрс биш шүү дээ, тэр чинь өндөр чанартай коксжих нүүрс юм. Шинжлэх ухаан технологийн дэвшил, хүн амын өсөлт нь эрдэс баялаг, тэр тусмаа нүүрсний хэрэглээг өдрөөс өдөрт нэмж байгаа энэ үед Монгол Улсын нүүрсний бодлого хаана явааг эрх баригчдаас асуумаар байна. Дэлхийн олон эрдэмтдийн төсөөллөөр бол дэлхийн хүн ам 2050 он гэхэд 7.5-10 тэрбумд хүрнэ. Тэгэхээр нүүрсний хэрэглээ улам өсөхийг тооцжээ. Өдөр шөнөгүй гадагшаа зөөж байгаа нүүрсийг хятадууд бүгдийг нь хэрэглээд байдаггүй, хадгаладаг тухай бид зөндөө л уншиж сонсч байсан.

 

Гаднаас авч байгаа нүүрсэндээ ийнхүү алсын бодлого явуулж байхад бид хар алтаа зүгээр шахам өгсөөр байгаа нь эргээд түүнийгээ өндөр үнээр худалдаж авахдаа хүргэх вий дээ. Дэлхийн бусад орон эрдэс баялгаа үр ашигтай, арвич хямгач хэрэглэх бодлого явуулаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. Технологи өндөр хөгжиж буй энэ үед эрчим хүчний хэрэглээг чухам ямар эх үүсвэр хангах байна вэ гэсэн асуултад дэлхий нийт “нүүрс” гэж хариулах болсон. Тэр ч бүү хэл 2015 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрт нүүрс тэргүүлнэ гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд дэлхийд нүүрсээрээ тэргүүлдэг 15 орны жагсаалтад Монгол Улс тэргүүлэх байр эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийд үнэд орох цаг ганцхан алхмын цаана бий гэсэн үг. Гэтэл яагаад “шинэчлэлийн” хэмээх малгай өмссөн Засгийн газар нүүрсний бодлогоос ухарсан бодлого явуулаад байна вэ.

 
Үнэхээр ухаан нь хүрдэггүй болохоор нүүрсний бодлогоо Улаанбаатар-Багануур, Улаанбаатар-Налайх гэсэн чиглэл хооронд өөрсдийнхөө хэмжээгээр явуулж байж болох юм. Хятадад тонн тус бүрийг 40-хөн ам.доллароор өгдөг хэрнээ хаяанд байгаа Налайхын нүүрсийг тонн тус бүрийг нь яагаад 200 гаруй мянган төгрөгөөр иргэддээ зардаг юм. Зарж байгааг нь чимээгүй хараад сууж байгаа эрх баригчдыг юу гэж ойлгох вэ. Дэлхийн хэмжээнд бодлого гаргах ухаан сөхөөгүй улстөржиж суудалтайгаа зууралдаж байгааг тань харж байгаа ч дотооддоо бодлого явуулж чадахгүй байна гэж бодохоор ёстой үзэн ядмаар. “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар бий болсон энэ үед нүүрсний үнэ даруй хоёр дахин нэмэгдэв. Үүнийгээ цайруулах гэж Ерөнхий сайд нь Багануурт очиж нүүрсний үнэ буулгах тухай, төрөөс дэмжлэг үзүүлэх тухай шоу хийв. Үнэндээ Н.Алтанхуягийн шуудай бариад тэнэгдүү зүйл яриад сууж байгааг хэн ч ойшоохгүй. Зүгээр л орон нутгийн сонгууль угтсан шоу төдий л зүйл. Түүний ярьсан тэнэгдүү зүйлээс цухас дурдвал, Н.Алтанхуягийн очиж шоу хийдэг уурхайн газар дээрээс нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр авдаг ч нийслэлд тонн нь дунджаар 200 орчим мянган төгрөгөөр зарагддаг юм байна. Тэгэхээр Н.Алтанхуягийн санаа бол үүнийг л буулгах тэнцвэржүүлэх санаатай яваа нь тэр.

 
Тэгээд Ерөнхий сайд маань ард түмнийхээ тусын тулд Багануурын нүүрсийг 40 кг-аар шуудайлан түүнийгээ 3200 төгрөгөөр иргэдэд худалдах шийдвэр гаргасан юм. Түүний шийдвэрийн хамгийн сонирхолтой нь нэг өрх долоо хоногийн хэрэгцээндээ хоёр шуудай нүүрс л хэрэглэх учиртай. Илүү авч болохгүй гэсэн дүрэмтэй. Ингэхдээ хотын захын гэр хорооллын иргэн бол төв уруу орж банкинд дугаарлан байж нэг шуудай нүүрсний мөнгө болох 3200 төгрөгөө тушааж “эрхийн бичиг” аваад нэг хороонд байрлах хоёрхон цэгийн аль ойрыг нь сонгох хэрэгтэй болно. Энэ эрхийн бичгийг аваад хороонд байрлах хоёр цэгийн нэгийг сонгож нүүрсээ аваад гэрээдээ явна гээд үлгэр шиг юм ярив. Ёстой л өнөөх зангууны үлгэр шиг ярьж шоу хийсэн нь хэнд ч таалагдсангүй. Багануур-Улаанбаатар хоёрын хооронд ийм бодлого явуулж байгаа Ерөнхий сайд дэлхийн хэмжээнд нүүрсний бодлого явуулж чадах уу. Уг нь иргэдээрээ ингэж тохуурхаж байхаар энэ аргаа Хятадад хэрэглэвэл яасан юм гэж хэлмээр санагдсаныг нуух юун.
Б.Өлзийт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих