Сонгинохайрханчууд жолоогүй төрийг хязгаарлана
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын ахалсан томоохон баг Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд ажиллаж иргэд, сонгогчидтой уулзлаа.
Энэ багт МАН-ын Удирдах зөвлөл, УИХ болон намын Бага хурлын гишүүд, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл багтсан байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас 119 хүн тойрогт, 68 хүн жагсаалтаар нэр дэвшсэн. Тэд энэ дүүрэгт төрж өсч, ажиллаж амьдардаг учир ямар тулгамдсан асуудал байдаг, хэрхэн шийдвэрлэхийг нь ч мэддэгээрээ бусад намын нэр дэвшигчдээс ялгарч байна.
СХД-ийн Монгол Ардын намын хороо дүүргээ хөгжүүлэх боломжийн хөтөлбөр дэвшүүлж, нэр хүндтэй, олон нийтийн итгэлийг хүлээж чадахуйц шилдэг хүмүүсээ нэр дэвшүүлсэн гэдгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин хэллээ.
Дүүргийн МАН-ын хороо мөрийн хөтөлбөртөө нийгэм, эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, гэр хороолол, засаглалыг хөгжүүлэхээр тусган, хэрэгжүүлэх арга замыг нь тодотгосон байна.
Өнөөгийн төр, засгаас олонхиороо хүч түрсэн, хууль зөрчсөн олон шийдвэр, үйлдэл гаргаж байгаад иргэд дургүйцэж байна. Иймээс “Жолоогүй төрд хазаар хэрэгтэй” гэсэн МАН-ын уриалгыг дэмжиж, нэр дэвшигчдийнх нь төлөө саналаа өгнө гэдгээ илэрхийлж байлаа.
Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихэвчлэн Сонгинохайрхан дүүрэгт суурьшдагаас хүн амын хэт төвлөрөл үүсч, энэ хэрээр сургууль, цэцэрлэг дутагдаж байгааг иргэд ярьж байлаа. Мөн цагдаа, эмнэлэг, бүртгэл гээд төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэдэг хорооны байрыг өргөтгөх, шинээр барих тухай хүсэлт гаргаж байв.
Эдгээр асуудлыг нэр дэвшигчид шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАН СХД-т ялалт байгуулбал ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлж, хичээллэх ээлжийн тоог бууруулна. Мөн цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломж бүрдэх юм.
Дүүрэгт тулгамдаж байгаа бусад асуудлыг ч гэсэн МАН иргэдийнхээ дэмжлэг, туслалцаанд тулгуурлан, тэдний оролцоотойгоор шийдвэрлэхийн төлөө байна.
МАН-ын удирдлага, намаас УИХ-д сонгогдсон гишүүд, ахмад гишүүд, залуучууд, төрийн бус байгууллагынхан ирэх өдрүүдэд дүүрэг бүрт ажиллан, нэр дэвшигчдээ дэмжиж, иргэд сонгогчидтой уулзах юм.
URL: