Садан төрлөө дарга болгох “Төрийн биш төрлийн алба” аян хэзээ дуусах вэ?
Шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш төрийн биш төрлийн алба гэдэг толгой холбосон үг моданд ороод байна. Дүүгээ, ахыгаа, эхнэр, хүүхдээ зөөлөн суудалтай албанд томилуулчихаад ичих ч үгүй яваа УИХ-ын гишүүд, сайд нарын тоо нэмэгдсээр. Шинэ УИХ, Засгийн газар байгуулагдахад анх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландорж “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын даргаар томилогдож шуугиан тарьсан. Харин дараахан нь тэрбээр хэл амтай энэ ажлаасаа татгалзсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гадаад айлчлалаар явах хооронд нь ийм томилгоо хийснийг мэдээд болиулсан гэж зарим эх сурвалжууд хэлж байв. Гэвч үүнээс хойш төрлийн албаны хэлхээ тасарсангүй, улам олуулаа нэмэгдсээр байна.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн дүү Х.Хулан Боловсрол соёл, Шинжлэх Ухааны яамны хууль, эрх зүйн газрын даргаар томилогдсон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон. Мөн Ш.Түвдэндорж гишүүний ах Ш.Төмөрбаатар Нийслэлийн өмчийн харилцааны дарга, С.Одонтуяа гишүүний нөхөр Өлзийбүрэн Газрын тосны дэд дарга болсон. Шинэ гишүүн Ж.Батзандан хүртэл төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Монголын цахилгаан шуудан компанийн ерөнхий захирал болгож чадлаа. УИХ-ын дэд дарга С.Баярцогтын дүү С.Баярбат ч өдгөө Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байна. А.Бакей гишүүн ч эхнэрээ бас нэгэн яаманд газар, хэлтсийн даргаар томилуулжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт гэхэд УИХ-ын гишүүн Г.Уянгын нөхөр Ё.Баатарцогт “МОНЦАМЭ”-гийн шинэ дарга болов. Энэ мэт засаг солигдох бүрт дарга, даамлуудыг нь сольдог жишиг үргэлжилсээр. Ил болсон нь энэ болохоос төрийн албанд шургасан УИХ-ын гишүүн, сайд нарын хамаатан садангуудыг тоочоод барахгүй. Дарга нарын хүүхэд ядаж л сургууль төгсөөд хамгийн хангамж сайтай, ахиж дэвших боломжтой газар ордог нь нууц биш. Зөвхөн “Эрдэнэс таван толгой” гэдэг мөнгөний уурхайд УИХ-ын экс гишүүн Батж.Батбаяр, Г.Батхүү нарын хүүхдүүд ажиллаж байна. Харин сүүлийн үед С.Эрдэнэ сайдын гэр бүлийнхэн төрийн албанд олуулаа, бүр олуулаа орох гэж байгаа мэдээ олон нийтийн анхааралд өртөөд байна. С.Эрдэнэ сайдын эхнэр Н.Нинжбадгар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, хүү нь наймдугаар хороонд нэр дэвшиж байна. Түүний эхнэр, охин, хүү, хүргэн, жолооч, бие хамгаалагч нь хүртэл нэг С.Эрдэнийн олон жил сонгогдож дархлагдсан дүүргээс төрийн алба руу бүр олуулаа зүтгэж байгаа аж. Хүн бүр сонгуульд нэр дэвших эрхтэй ч төрийн хүний ичих булчирхай гэж баймаар юм хэмээн халаглагсад олон байна. Сайд дарга нарын садан төрөл хангамж сайтай төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь ариун явдал уу?
24tsag.mn
URL: