Эмч нарын эсэргүүцэл эцэстээ жагсаал болов
Хацар хайрам жавартай өвлийн өдрийг үл ойшоон жагсаал хийгчид Сүхбаатарын талбайг “эзэлжээ”. Тэд эрх мэдэлтнүүдэд уншуулах гэсэндээ уриа лоозонгоо урдаа барин жагсана. “Эмнэлэг хэрэгтэй юу, оффис хэрэгтэй юу” энэ асуултыг эсэргүүцлээ илэрхийлэгчид төрийн түшээдэд тавьж буй юм. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ажилтнууд, эмч, сувилагч нар өнгөрсөн амралтын өдөр өрөөндөө биш, үзэл бодлоо илэрхийлэх төв талбайдаа өнжив. Эмнэлгийн ажилтнууд ингэж жагсч байсан “түүхгүй”. “Тэснэ, тэснэ гэж ингэж тэсэх үү” гэгчээр тэмцэхээс өөр замналд хүрээгүй бололтой.
Тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоос алдагдаж хэзээ мөдгүй татан буугдахад хүрсэн. Учир нь Засгийн газрын 222 дугаар тогтоолоор тус эмнэлгийн барилгын зориулалтыг нь өөрчилж оффис болгох захирамж гаргасан. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн эмч нар эрх мэдэлтнүүдэд удаа дараа захидал хаяглаж учир байдлаа тайлбарласан ч эмнэлэг нь оффис болж, эмч нар нь Цэргийн госпитальд нэгдэхээс өөр гарц үлдсэнгүй. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийнхэн барилгынхаа хажууд тайван замын цуглаан хийж байсан ч энэ удаад эрчимтэй тэмцэхээ мэдэгдээд буй. Жагсаалд эмнэлгийн ажилтнуудаас гадна энгийн иргэд, үе үеийн ахмадууд оролцож үзэл бодлоо илэрхийллээ.
Мөн эрхэм гишүүн О.Баасанхүү ч тэдэнтэй нэгдэж тэмцэнэ хэмээн мэдэгдэв. Түүнчлэн иргэдээс гарын үсэг цуглуулж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэхээр болсон юм. Шаардлагын хариуг ажлын гурван өдөрт багтаан авахаа ч санууллаа. Эмч нар “Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шийдвэр буруу. Өнөөдөр оффисийн барилгаас илүү эмнэлэг хэрэгтэй. Хүний амь нас юунаас ч илүү үнэ цэнэтэй. Эрх мэдэлтнүүд эмнэлгийн газарт л шунаж ийм шийдвэр гаргасан. Хүнийг шүүж тунгаадаг барилгаас илүү эмчилж сувилдаг газар хэрэгтэй” хэмээн ярьж байлаа.
А.Лхагва
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Jan 17, 2019 -