Би “жижигхээн” бизнестэй
Надад “жижигхээн” бизнес бий. Би Компанийн хуулийг уншиж үзээгүй ч компани маань тамга, бас зөвшөөрөлтэй. Хөдөлмөрийн хуулийг би хараагүй ч миний төлөө гурван ч ажилчин ажилласаар л байгаа. Би тэдэнд илүү цагийн мөнгө өгдөггүй, яагаад гэвэл өгөхгүй байсан ч тэд ямар ч зарга хийхгүй. Бас бид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, яагаад гэвэл тийм хэрэгтэй хэрэггүй зүйл бидэнд хамаагүй гэж боддог. Татварын тайлан, хар дэвтэр дээрх хоёр янзын тооцооллыг бусдынхаа жишгээр л ашигладаг. Ажилчид маань надаас айдгаас ч илүү би түрээслэгчээсээ айдаг. Ажилчид маань цалингаа нэмэгдээсэй гэж боддогтой адил надад түрээсээ битгий нэмээсэй гэх бодол бий. Сарын эхний 10 хоногт түрээслэгчийн төлөө, дараагийн хоёр хоногт төрд татвар төлөхийн төлөө, найман хоногт нь ажилчдынхаа цалинг олохын төлөө, үлдэж буй 10 хоногт нь л өөрийнхөө төлөө ажилладаг. Гэсэн ч ингэж ажилласныхаа дүнд цалин нэмэгдэх болов уу хэмээн бусдыг царайчилж суудаг аль нэг байгууллагын ажилтнуудаас илүү мөнгө олдог. Танил минь бас л нэг жижигхэн “00”-ын цаасны үйлдвэртэй. Бутардаг, уусалт муу, хатуу цаас гаргах нь зардал багатай ч зарагдахгүй. 250 төгрөгийн цаасаа эхний удаад хуураад зарж болох ч дахиад авахаа больж, дэлгүүрүүд ч захиалахаа больчихно. Зардлаа өсгөхөөр бүтээгдэхүүн бүрийнх нь үнэ нэмэгдэнэ. Хятад цааснаас үнэтэй болно. 500 төгрөгөөр найзын маань үйлдвэрлэсэн “00”-ын цаасыг нь авахаас илүү 300 төгрөгийн Хятад цаасыг илүүд үзнэ. Манай танилын үйлдвэрийн цаас гэдгийг мэдэж байсан ч мөнгөнд нь хэмнэлттэй гээд нэг л мэдэхэд Хятад цаас аваад л зогсоно. 400 төгрөг болгочихвол ашиггүй болоод ирнэ. Цаасаа зөөлрүүлэх гэхээр дахин тоног төхөөрөмж авах, хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Реклам, сайн маркетингийн менежер хөлсөлж авахын аль аль нь өртөг ихтэй. Маркетинг, менежмент гэж толгойгоо өвтгөснөөс зүгээр л нэг хурган даргад авлига өгөөд улсын байгууллага эсвэл томоохон уул уурхайн компанид 1000 төгрөгөөр нойлын цаасаа шахах нь амар. Ингэвэл “00”-ын цаасныхаа үнийг бууруулахын ч хэрэггүй, чанарыг нь ч сайжруулахгүй. Хэрэглэвэл хэрэглэнэ л биз, хэрэглэхгүй бол болино л биз. Ингээд л ихэнх бизнесийн хамгийн сайн менежмент бол авлига, лобби болж хувирна. Том уул уурхайн компаниудын худалдан авалтыг хариуцсан найзтай бол юу ч үйлдвэрлэсэн “цэцэглэнэ”. Агуулахад нь 10-н жил хэрэглэх нойлын цаас байсан ч чамаас хүссэн хэмжээний цаас авч л орхино. Мэдээж энэ бүх худалдан авалт нь чамд ч, худалдан авах шийдвэр гаргаж байгаа хүнд ашигтай байх гэсэн л зарчимтай. Жижиг дунд бизнесийнхнийг дэмжих олон том чуулган надад хамаагүй, миний өнөөдөр олох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхгүй тул би сонирхдог ч үгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл ч надад олдоно гэж боддоггүй. Надад барьцаа хөрөнгө байхгүй, тул зээлийн баталгааг нь хангаж чадахгүй. Татварын байцаагч, ариун цэврийн байцаагч, мэргэжлийн хяналтын шалгалтын байцаагч нарт би өөрөөсөө ч илүү итгэдэг. Юунд нь итгэдэг вэ гэвэл тэд сар бүр ирэх цагтаа л ирээд мөнгөө аваад явдаг. Тэд хэзээ ч өнждөггүй гэдэгт би итгэдэг. Бараагаа авчрахдаа би гаалийн байцаагчаас эхлээд ачааны жолоочид өгөх ёстойг нь өгнө гэдгээ ч мэддэг. Бид өгөх ёстой юм шиг, тэд ч нь цалингаа авч байгаа мэт авдаг. Надад жижигхээн бизнес бий. Үүнийхээ хаалгыг барьчихгүй шиг аваад явахад надад төрийн дэмжлэг ч хэрэггүй. Зүгээр л дарамт болохоо больчих хэрэгтэй. Тэртээ хэдэн зууны өмнө Францын хаан XV Лүй хэсэг худалдаачдаас” Би яаж та бүхэнд туслах вэ? гэж асуусанд ” худалдаачид инээд алдан “ Laissez- nous faire, laissez nouns passer, Le monde va de lui- meme ” буюу орчуулбал “ Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе, дэлхий өөрөө эргэдэг юм ” гэсэн гэдэг. Биднийг зөнд нь орхичихооч.
Б.МАНДАХ
URL: