УИХ хэзээ элэг бүтэн болох вэ?

“Монгол Улсын Их хурал нь 76 гишүүнээс бүрдэнэ” гэх заалт Монгол Улсын Үндсэн хуулинд бий. Гэвч өнөөдрийг хүртэл энэ заалт бүрэн хэрэгжиж чадаагүй л байна. Өөрөө тангараг өргөлгүй түдгэлзэж байгаа МАХН-ын нэг “гүргэр” нөхөр, мөн авсан саналын тоо нь хүрээгүй 22, 26–р тойргын нэр дэвшигчид, Өвөрхангайн хоёр, мөн саналаараа огцорч буй У.Хүрэлсүхийн оронд орж ирэх нэр дэвшигчийн асуудлыг шийдчихвэл уг нь УИХ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бүрдэнэ. Уг нь таван гишүүний суудал өнөөдрийг хүртэл эзнээ хүлээж байсан бол У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзсанаар энэ тоо зургаа болж буй юм. МАН-ын жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон У.Хүрэлсүхийг гишүүнээс нь чөлөөлсөн тул жагсаалтын дараагийн хүн орж ирэх нь тодорхой.

МАХН –ны нэр дэвшигч Ц.Оюунбаатар гишүүн болохгүй байгаа нь өөртэй нь хамаатай бол Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн буюу УИХ-ын 22, 26-р тойргийн маргаан нь шүүхийн болоод дахин сонгуулийн дүнгээс хамаарах болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-нд болох орон нутгийн хурлын сонгуулийн хамт УИХ-ын сонгуулийн үлдсэн асуудлаа шийдэх боломжтой. 22 болон 26-р тойргийн хувьд тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчдийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй учраас үлдсэн мандатад дахин санал хураалт явуулахаар болсон. Үүнийг Сонгуулийн тухай хуулиар хуульчилсан тул яах аргагүй дахин санал хураалт явах нь тодорхой. Гэвч энэ хоёр тойрогт өөр зарим тодорхойгүй зүйл бас бий аж.

СОНГИНОХАЙРХАНЫ ТОЙРГООС НЭГ

Нийслэлийн 800 мянган сонгогчийн 180 орчим мянга нь Сонгинохайрхан дүүргийнх. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тэдний 63,61 хувь буюу 114 мянган нь саналаа өгсөн. Энэ тойрогт 13 нам, эвслийнхэн болон дөрвөн бие даагч нийтдээ 27 хүн гурван мандатын төлөө өрсөлдөж, “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар ялалт байгуулсан. Харин гуравдахь мандатын эзний болзлыг хангасан эсэх тухай маргаан өдгөө Захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэгдэж буй аж. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын төлөө санал өгсөн сонгогчдын тоо 28 хувьд хүрсэн эсэх тухай маргаан үүсээд буй. Энд маргалдагч талууд хоёр өөр үндэслэл гаргаж буй юм. “Тухайн сонгуулийн өдөр нийт санал өгсөн сонгогчдын 28 хувь гэж тооцох уу, эсвэл тухайн өдрийн хүчинтэй саналын 28 хувь гэж тооцох уу” гэдгийн аль нь шударга ёсонд нийцэх үү гэдгээс шийдвэр гарна. Саналын хуудаснаас тоолж гаргасан дүн МАН-ын нэр дэвшигчид ашигтай. Өөрөөр хэлбэл, ийнхүү тооцвол Л.Эрхэмбаярын авсан санал 28 хувьд хүрэхгүй болно. Харин хүчинтэй саналаас тоолж сонгогчийн хувийг гаргавал Л.Эрхэмбаярын авсан санал 30 орчим хувьд хүрэх тул Ардчилсан намд ашигтай. Яг ийм хоёр аргачлалаар тус тусдаа хоёр шийдвэр тойргийн хорооноос гарсан тул алийг нь хүчин төгөлдөр гэж үзэхээс шалтгаалан дахин сонгууль болох эсэх нь шийдэгдэх юм.

Маргааныг улс төрийн намуудын хуульчид хэрхэн үзэж буйгаар тооцохгүй нь тодорхой. Хуульд юу гэж заасан байна. Түүгээр л асуудлыг хэрхэн шийдэхээ тогтоож таарна.

Гол заалт нь УИХ-ын сонгуулийн хуулийн 48.2 дахь заалт. Энэ заалтад “Тойргийн хороо тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалтыг гаргах бөгөөд хамгийн олон, гэхдээ санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан, мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно” гэж. Мөн энэ заалтыг хоёр янзаар тайлбарлаад буйд хариулт өгөх зангилааг тайлах заалт нь уг хуулийн 46.4-т бий аж. Үүнд “Нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг саналын хүчинтэй хуудсаар гаргана” гэсэн байх аж. Ийн хуулиар яалт ч үгүй, хүчинтэй саналаас тооцон гаргавал Л.Эрхэмбаяр нь 28 хувийн сонгогчдын саналыг авсан болж таарч буй юм.

Дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо гаргах эрхтэй. Энэ дагуу ч энэ сарын 21-нд сонгуулийн санал хураалт явуулахаар товлосон. Гэвч дээрх гол маргааныг шийдэх шүүхийн шийдвэрийг хүлээхээс аргагүйд хүрч тов зарласан шийдвэрийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлээд байгаа аж. Шүүхийн шийдвэрийг хүлээж буй энэ үед МАН-ынхан зүгээр суусангүй. Хариуцагчийн байр сууринд очсон тул “энэ хэргийг шүүхээр шийдүүлэх шаардлагагүй” гэх мессежийг олон нийтэд тараах компанит ажил өрнүүлэв. “Л.Эрхэмбаяраас болоод СХД-ийнхэн саналаа өгч чадахгүйд хүрлээ” “Шүүхийн гаргах шийдвэрт эргэлзэж байна” “Л.Эрхэмбаяр төрийн эрхийг хууль бусаар авах нь” гэх мэтээр “пи ар”-дав. Үнэндээ энэ нь Л.Эрхэмбаяр, Сумьяабазар нарын хэн байх нь хамаагүй бөгөөд, хуулийг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэгт л анхаарлаа хандуулах хэрэг байгаа ч ийн улс төржүүлэх сонирхол бий бололтой. Мэдээж ялна гэдэгтээ, өөрсдийн үндэслэлдээ итгэлтэй биш байгаа тул ийн шүүхийн шийдвэр гарахаас урьдчилан сэргийлж, сөрөг уур амьсгал бий болгох тактик МАН-ын нэр дэвшигчдэд ашигтай.

МАХН-ЫН ЖАГСААЛТААС

МАХН-аас жагсаалтаар орж ирэх болзлоо хангасан ч өөр хэн нэгэнд суудлаа хадгалаад буй шалтгаан нь Ц.Оюунбаатараас өөрөөс нь л хамааралтай. Тэр хүсэх л юм бол гишүүн болно. Гэвч “Удахгүй тангараг өргөнө” гэж хэвлэлээр дамжуулж мэдэгдсэнээс хойш хоёр сар гарын хугацаа өнгөрч. “Н.Энхбаяр даргатай эхлээд уулзана, дараа нь тангараг өргөнө” гэх санаагаа илэрхийлсэн түүнийг “гишүүн болооч” гэж шахах сонгогчид байхгүй тул хүлээсээр. Уг нь Н.Энхбаяр даргадаа гишүүнийхээ суудлыг хадгалж байсан ч энэ нь шүүхийн шийдвэр гарч, ялын тогтоол уншсанаар боломжгүй болсон. Энэ төлөвлөгөө нурсан тул Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаярын хүү Э.Батшугарт зориулан хадгалах дараагийн төлөвлөгөөнд шилжсэн ч гэж үздэг. Энэхүү таамаг үнэн байх магадлалтай. Тэд маргаантай байгаа тойргууд дээр Ардчилсан намын талд зогсож, үүнийхээ хариуд Э.Батшугарыг УИХ-ын дараагийн нэг гишүүн болгох аргыг сүвэгчилсэн гэх. Энэхүү таамаг үнэн байх магадлалтай гэх бөгөөд Э.Батшугарыг цэргийн алба хаасан гэж нотлох баримтыг ч бэлэн болгосон гэдэг.

БАЯНЗҮРХ, НАЛАЙХЫН ТОЙРГООС

Харин дараагийн УИХ-ын гишүүнийг тодруулах УИХ-ын 22 дугаар тойргийн дахин сонгууль энэ сарын 21-нд болох нь тодорхой болов. Ирцийг хангалттай байлгах, хөрөнгө мөнгө хэмнэх, зохион байгуулалтыг хялбар байлгах зорилгоор орон нутгийн сонгуультай хамт зохион байгуулахаар болсон нь энэ. Мөн дээрхийн адил тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчдийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй тул үлдсэн мандатад дахин санал хураалт явуулах хуулийн заалт энд үйлчилж буй аж. Онцлог нь энэ удаад өрсөлдөгчид нэг намынх. МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг нарын аль өндөр санал авсан нь энэ удаад сонгогдоно. Гурван мандаттай энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн Ж.Батзандан, Д.Ганхуяг хоёр хэдийнэ тангаргаа өргөөд ажилдаа орцгоосон. Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр санал авсан гэх Д.Арвин, Б.Батзориг нар санал хураах цаг дууссаны дараа хуурамч санал хураалт явуулсан хэргээр шалгуулахаар хэсэг иргэд АТГ-т хандсан тухай, Б.Батзоригийн засаг даргаар ажиллах хугацаандаа үр ашиггүй, хууль бус зүйл хийсэн гэх мэтийн хардалт хэвлэлээр бишгүй явсан ч тэдний нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх хэмжээнд нотлогдож чадаагүй юм. Ингээд тус тойргийн сонгогчийн бөглөх саналын хуудасны дээд хэсэгт УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн дахин санал хураалт, доод хэсэгт нь дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр бичигдсэн байдалтай байхаар болжээ. Д.Арвины хувьд сөрөг хүчний байр суурин дээрээс шүүмжлэлт саналыг “өрдөж” “Газар, орон байргүй иргэдийн холбоо” төрийн бус байгууллагын нэрээр засаг даргын алдаа дутагдлыг илчилж буй гэнэ. Харин Б.Батзориг энэ удаад өөрийн удирдлаган дахь бүтцээ зохион байгуулалттайгаар ажиллуулахыг илүүд үзэж буй гэнэ. Түүний “засаг ноён”-оор ажиллах хугацаандаа хийгээгүй нь их. Хийсэн нь буруудсан нь их тул өөрт буй “засгийн машин”-аа ажиллуулах нь дээр биз. Дүүргийн хэмжээнд таван өрхийн эмнэлэг, дөрвөн ч хүүхдийн цэцэрлэг дутагдалтай байна гэж иргэд нь хэлсээр байтал эмнэлэг, сургууль барих төсвийн мөнгийг хөшөө босгоход зориулсан нь олны дургуйцлийг төрүүлсэн. Мөн иргэд ийнхүү төсвийн үр ашиггүй зарцуулалт, бусдын үгийг сонсолгүй өөрийн дураар авирладаг талаар шүүмжлэн “Б.Батзориг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Гэвч Сонгинохайрхан дүүргийн энэ нөхөр манай дүүрэгт Засаг даргаар томилогдож ирсэн.  Гэвч нөгөө хүн нь манай дүүргийг өөрийн УИХ-д дэвших талбар хэмээн харж, хийж байгаа үйлдэлүүд нь хэрээс хэтэрч байна. Манай дүүрэг 28 хороотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр хороодын Засаг даргын ажлыг Б.Батзориг дүүргийн Засаг дарга болсноос хойш  МАН-ын намын үүрийн дарга нар давхар хашдаг болсон. Уг нь хуулиндаа Иргэдийн нийтийн хурлаар бид хорооны Засаг даргаа сонгодог эрх зүйн орчинтой. Гэтэл иргэдийн хурлаар сонгосон хүнийг Б.Батзориг өөрийнх нь нам, тэр тусмаа өөрт нь үйлчилдэг хүн биш бол батламжилдаггүй. Ийм байдлаар иргэдийн олонхийн саналаар дөрвөн удаа хороон даргаар сонгогдоод байхад нь хүртэл Дүүргийн Засаг дарга томилоогүй хүн хүртэл байгаа” гэж хурцаар шүүмжилж байжээ.

МАН-ЫН ЖАГСААЛТААС

Хэрэв тэрээр тойргоос сонгогдсон бол мөн л нэг нөхөн сонгууль яригдах байв. Гэвч, У.Хүрэлсүх чөлөөлөгдсөн ч МАН-аас дараагийн хүн нь нөхөн орж ирэх тул тус намд ямар ч эрсдэлгүй. Хуулийн дагуу УИХ-ын гишүүн нас барсан, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх тохиолдолд УИХ-ын тухай хуульд зааснаар намын жагсаалтад бичигдсэн дараагийн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ. Харин дараагийн хүн нь, МАН-ын гишүүн Д.Сарангэрэл.

ӨВӨРХАНГАЙН ТОЙРГООС

Энэ тойргоос эсвэл МАН-ын хоёр нэр дэвшигч, эсвэл Ардчилсан намын хоёр нэр дэвшигч гишүүн болох хувилбар дээр буусан. Шалтгаан нь, хэрэв МАН-ын хоёр сонгуулийн ажиллагаандаа бага насны хүүхдийг ажиллуулсан бол нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдаж дараагийн их санал авсан хоёр нэр дэвшигчид нь урагш ахихаар байв. Мөнгө тараасан, бага насны хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан эсэх маргаан мэдээж шүүх дээр очсон. Харяалал тогтоох, үнэн худлыг тогтоох зэрэг хэд хэдэн удаагийн шүүх хурлын дараагаар бага насны хүүхдийг ашигласан гэдэг нь тогтоогдсон. Яалт ч үгүй хуулин дээр “хэрэв бага насны хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан бол нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасна” гээд заачихаж. Хан-Уулын шүүх дээр эцэслэн шийдэж болохгүй нь ч тогтоогдож Өвөрхангайн шүүх дээр маргаан очиж. Гол шүүх хуралдааны хариуцагч нь Өвөрхангайн сонгуулийн тойргын хороо, нэхэмжлэгч нь Ардчилсан намын нэр дэвшигчид. Харин тойргын хороо нь бага насны хүүхэд сонгуульд оролцуулсан гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхээр болсон. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж энэ тухай захирамжийг гаргав. Энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа хуулиар тогтоогдсон арга зам аж. Үүнийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа гэх бөгөөд шийдвэрт нь хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч, хариуцагч нар гомдол гаргах эрхгүй, эцсийн шийдвэр болж буй юм.

Б.МАНДАХ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих