ИРГЭД ХЯМД ҮНЭТЭЙ НҮҮРСЭЭ АВЧ ЭХЛЭЭГҮЙ Л БАЙНА
Ц.Сандуй нар орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн хүмүүсийн хамт “Хүчит шонхор”, “Нарантуул-2” худалдааны төвд худалдаа эрхлэгчид, иргэд болон түлээ, нүүрс зарж амьжиргаагаа залгуулдаг хүмүүстэй уулзлаа.
Засгийн газар иргэдэд Багануурын уурхайн нүүрсийг хямд үнээр нийлүүлэхээр болсон тухай хэсэг шуугисан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч өөрөө Хан-Уул дүүрэгт очин өнөөдрөөс эхлэн иргэд хямдралтай үнээр нүүрс авах боломж бүрдлээ гэж байсан нь саяхан. Гэтэл бодит амьдрал дээр энэ нь хэрэгжихгүй байгаад иргэд бухимдаж эхэлжээ.
Иргэд 40 кг-ын шуудай нүүрс авахын тулд гурав хоноод л 3200 төгрөг төлөхийн тулд банкинд очин, уртаас урт дараалалд зогсож ажлаа алдах хүн байхгүй гэж байлаа. Мөн Багануурын нүүрс утаа тортог, хог ихтэй, тэр хэрээрээ ч илчлэг багатай байгааг шүүмжилж, Засгийн газрын гаргасан санаачилга сайхан ч, энэ нь сонгууль угтсан шоу. Тэгээд ч хороо бүрт нүүрс борлуулах хоёрхон цэг ажиллуулах гэж байгаа нь буруу гэх хүн ч цөөнгүй байна.
Засгийн газар шуудайны стандартыг тогтоож мөрдүүллээ гэж байсан ч “Хүчит шонхор” орчимд 5 кг-ын уутанд савласан нүүрс, түлээ зарсан хэвээр л байна. Холбогдох хүмүүс нь ирж нэг удаа уулзсанаас хойш таг чиг болсон гэж түлээ,нүүрсний худалдаачид, хямд үнээр нүүрс борлуулахаар гэрээ байгуулсан иргэд хэлж байлаа.
Өвлийн хүйтэн тачигнаж байгаа энэ үед хэзээ хямдралтай үнээр нүүрсээ авч эхлэхээЧингэлтэй дүүргийн иргэд лав мэдэхгүй л байна. Хөлдөж үхэхгүйн тулд аргагүйн эрхэнд 5 кг-аар савласан нүүрсийг өндөр үнээр авсан хэвээр байгааг төр, Засгийн удирдлагын сонорт хүргэе.
“Цаг”
URL: