Нийслэл хот уу нийтийн нойл уу +18 FOTO
Хүн гэдэг сэтгэлээрээ л байдаг. Урам орж баярласан үедээ тэнгэрийн амьтан мэт тэртээ дээр баясан хөөрч байдаг бол сэтгэл гундан уруудан шаналах үедээ ганц олдох алтан амиа бодож санасан зүйлгүй хөнөөж орхидог. Энэ байдал нь хүн гээч ухаант амьтан биш зүгээр л адгуус юм боловуу гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг.
Гэтэл ийм байхаас ч яахав дээ гэсэн бодол сүүлийн үед өөрийн эрхгүй төрөх боллоо. Учир нь би гэдэг хүн урин дулаан айлчлан ирснийг далимдуулан нэг сайхан нартай өдөр хөдөө явдаг юм байна. Тэгээд яахав эх орныхоо цэнгэг сайхан агаарыг ханатлаа амсахын хажуугаар өөрийгөө ийм эх оронд төрсөнөө ихэд азтай хэмээх сэтгэл дүүрэн ханамжыг эдэлж дуусаад хоёр хоногийн дараа их хотын зүг ирлээ.
Олоон жил бид ярьсан. Дэлхийн бөмбөрцгийн цээжинд байрлах цорын ганц “Азийн цагаан дагина” хэмээх их нийслэл хотод ганцхан Монгол хүн амьдардаг. Тэгээд тэр ард түмэн нь Эзэн Чингисийн удамтай, хөх толботой, халуун цустай, ховорхон заяатай гээд л цээж дэлдэн бардамнана. Биш гэж хэн нэгэн хэлэх аваас өөрийн хүч чадлыг үзүүлэн нармайг нь нээн тайвшралыг олно. За энэ ч яахав. Үг олдох нь. Хэлэх гэснээ хэлье. Би гэдэг хүн хөдөө газраас бөөн агаар тээн 22-н товчоогоор ирдэг юм байна. Тэгсэн биш болоод явчихсан шүү. Хот руу дөхөх тусам энд, тэнд байшингийн булан тохой хийгээд гудамжинд ил цагаан хөнгөн хийгээд хүндээр бие засах хүмүүс нэг биш харагдаж эхлэх нь тэр. Энэ хотод олон жил амьдрахдаа энэ бүхнийг хардаггүй байсан гэж хэлвэл дэгсдүүлсэн болох байх л даа. Гэхдээ энэ удаагийнх нэг л биш.
За тэгээд Гандан орлоо. Баруун талын хаалган дээр иртэл байдал биш болоод явчихлаа. Учир нь өглөө гарахдаа хоёр аяга айраг ууснийг хэлэхүү, нойл хэрэгтэй болсон шүү. Байдаггүй дээ. Хүн болгоноос шахуу асуун байж хоёр зуун метрт хурд үзэн нөгөө талд байгаа нийтийн нойлд ирж нэг юм морь хардаг байгаа. Ингэж нэг тайвширж аваад бөмбөгөр талруу аажуухан гэгч нь алхав. Тэдэн үеийн удамтай зурхайч тэр гуай хувь заяаг тань үзнэ гэсэн жижиг байрнууд гудамж даган үргэлжлэх. Хашааг нь дагаад согтуу голдуу хүмүүс мөн л морь харж зогсох нь тэр хавийн хүмүүст энгийн үзэгдэл бололтой. Тэр бүү хэл нэгэн үзмэрч эмэгтэй хувинтай угаадас барьж гарч ирээд шууд л нааш, цааш тасралтгүй цувах хүмүүсийн хөлрүү цацаж орхив. Энэ байдлыг гайхшран харах намайг хүний урманд тоож ч харсангүй. Үүний дараа олны хөл тасралтгүй цувах “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Уг нь энд хоёр давхарт нь 150 төгрөгний үнэтэй нойл байдаг юм байна. Гэвч нэмэргүй бололтой, гадуур нь ил задгай шээс, баас үргэлжлэн тэр хавиар нэг үнэр, танар ханхлах ч хүмүүс үл тоон чихэр жимс идээд л явж байгаа нь аль хэдийнээ энэ байдалд дассаны шинж гээд хэлэхэд нэг их хатуудахгүй боловуу. Ямар ч байсан хотын төврүү ороод үздэг хэрэгээ. Цаашлаад урт цагааны гудамжруу ороод ирлээ. Энд мөн нойл байсангүй. Хэрвээ энэ хавьд байдал хэцүүдвэл ойр байх bar, кафед ямар нэг зүйл захиалж байж давсагаа суллана. Зүгээр явж ороод нойлд нь орох бол асуудал үүснэ. Учир нь эмийн худалдааны дэргэд байх нэр бүхий зоогийн газар учираа хэлэн жорлонд нь орох гэсэн ч “онгойх цаг болоогүй” хэмээн хамар дундуур хаалга тас хийтэл хааж орхив. Явсаар “Ард” кино театрын гадаа ирэв. Энд мөн л байдал адилхан байлаа. Албан газар хийгээд байр савны хажуугаар өнөөх л дүр зураг давтагдсаар….
Энэ бүхний эцэст хэлэхэд эрхэм төрийн түшээд маань том ,том зүйл ярин эх орны төлөө амь биеэ зольж байна хэмээн цээжээ дэлдэж байхаар ядаж л “Нийслэл” хотоо жорлон болгохгүй шиг хөгжүүлчих юмсан. Ганцхан удаа хотынхоо гудамжаар алхаад үз. Баастай цаас нүүрэнд чинь ирээд наалдвал гайхаж цочсоны хэрэггүй шүү. Машинаасаа буухдаа тайвшруулах эм заавал уугаарай……
Нийтлэлийг: Ж.Баярхүү
URL: