Хүүхдэд шинэ дээл өмсгөх-Монгол ёс
Монголчуудын өмсдөг үндсэн хувцас нь Монгол дээл билээ. Монголчууд хүүхдүүддээ голчлон тод өнгийн бөс даавуугаар өнгөлсөн, гоё эмжээр, чимэглэлтэй дээл оёж өмсүүлэн:
Урд хормойг нь унага даага дагаг
Хойд хормойг нь хонь хурга дагаг
Дотоод хормойг нь тос өөх мялаа
Гадаад хормойг нь ганзага сур чимэг
Энэ жил даавуу даалимбаар хийв
Ирэх жил торго дурдангаар хий
Тоос бүү халд
Тос халд
Эд нь хэврэг
Эзэн нь мөнх болоорой! гэж хэлээд хаваасыг нь авна.
Тэгээд хүүхдийг үнсэн баяр хүргэж шинэ дээлийг мялаадаг заншилтай. Шинэ дээл өмссөн хүүхэд үеийнхэндээ гайхуулан хөөрч, эх, эцэг нь түүнийг даган баясч байх бөгөөд хүүхэд айл саахалтаар бусад хүүхдүүдтэй орж шинэ дээлээ мялаалгах бөгөөд насанд хүрэгчид шинэ дээлтэй, дээлгүй бүх хүүхдэд мялаалга өгч гарган хүүхдийг баярлуулдаг уламжлалтай.
URL: