Н.Алтанхуягийн Засгийн хийсэн “шинэчлэлийн” тухай эргэцүүлэл

Монгол Улсын төрийн бодлого, улс орны хувь заяа хаашихнаа яваад байна даа гэж бодохоор ард түмнээсээ нүүр буруулсан хатуу төрийн лантуун дор айсуй цагийг үдэх нь дээ гэж хэнд ч бодогдож байгаа байх. Уг нь С.Батболдын Засгийн газар Тавантолгойн орд газраас иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг нээж өгч, иргэд ч хувьцааны тухай ойлголттой болж байв. Гэтэл “Шинэчлэл”-ийн хэмээх тодотголтой Засгийн газар, шинээр бүрэлдсэн парламент энэ тухай огт дурсахгүй сууна. Тэр ч бүү хэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар томилогдсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь парламентад сууж байхдаа Тавантолгойн орд газраас иргэд 10 биш 20 хувийг эзэмших ёстой хэмээн хуулийн төсөл оруулж байв. Я.Батсуурь нарын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байнгын хорооны хуралдаанаар дийлэнхийн санал авч байсан. Гэтэл өнөөдөр 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар улайрч байсан гишүүн асан маань “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар очсон ч энэ тухай ам нээхээ больсон нь өнөөх “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар, олонхийн бүлэгтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын хүрээнд Монгол Улсад орж ирж байгаа мөнгийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж, иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгдөг байсан нь ч алга болов.

Энэ мөнгө олон мянган айл өрхийн гол амьжиргаа болж байсныг “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар элгээр нь мөлхүүлж шинэчлэл хийсэн. Орон сууцны урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдаж, иргэд орох оронтой болж байсан төслийг царцааж “шинэчлэл” хийв. Нэгэнт төслийг царцаасан учраас орон сууцны зээлд хамрагдахаар жилийн өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийг бичиг баримтаа буцааж авахыг үүрэг болгосон. Тэр ч бүү хэл зарим иргэд мөнгөө байршуулаад эхэлсэн байсан ч түүнийг нь буцааж олгох кампанит ажил явагдаж байна. Үүнээс үүдэж иргэдэд маш их хэмжээний хохирол гарч байгааг ч өгүүлэхэд илүүдэх юун. Орон сууцны удрьдчилгаа төлбөрт өгөх гэж зээлсэн, гуйсан мөнгөний үнэ цэнэ алга болж, энэ төрийн өмнөөс өртэй хоцорч байна. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс өгдөг байсныг болиулж, эцэг эхээс нь 50 хувийг нь даалгаж байхаар шийдвэр гаргаж монголын ирээдүй хойчид “шинэчлэлийн” хөрөнгө оруулалт хийлээ.

Нэмж олохгүй, бүтээхгүй байх нь дүүрсэн хэрэг гэж бодъё. Хүний хийснийг цааш нь нураачихгүй аваад явчих ухаан байдаггүй л юм байх даа. “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрын хийсэн шинэ зүйл гэвэл дээр дурдсан нураасан, царцаасан төслүүдээс эхлээд олон зүйлийг онцолж болно. Харин тэд зүгээр суухаар зүлгэж суу гэсэн шиг иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгийг болиулж, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгоно хэмээв. Халаасаа сэгсэрсэн Засгийн газар нэгэнт амласан мөнгөө хаанаас босгох тухай толгойгоо гашилгаж, гашилгаж, архи тамхины татварыг нэмж байж үүнээсээ хэдэн төгрөг гаргахаар болов. Чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж байхтай дөрөө харшуулан архи тамхины үнэ ч нэмэгдсэн нь нэгэн шинэчлэл байсан. Хамгийн гол нь шийдвэр гарахаас олон хоногийн өмнө нэмэгдэж байгаа хэрэг шүү дээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь чамгүй шинэчлэл мөн. Тэдний хийсэн ажил энэ. Ингээд ч олигтой үр днд хүрэхгүй байсан учраас эрх баригчид ирэх дөрвөн жилийн хугацаанд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгож, ард олонд таалагдахаар шийдвэр гаргасан юм. Арга ч үгүй бүх зүйлийг өөрсдийнхөөрөө “шинэчлээд” байх нь хэзээ ч ард түмэнд таалагдахгүй гэдгийг эрх биш ухаарч байгаа бололтой. Гэтэл Засгийн газраас хүүхдэд энэрэл үзүүлж 20 мянган төгрөг олгож байгаа нэртэй боловч үнэн хэрэг дээрээ 3000 хүрэхтэй үгүйтэй төгрөгийн халамжийг нэг хүүхдэд өгөх “шинэчилсэн” гэхээсээ илүүтэй ухарсан шийдвэр гаргасан. Энэ нь ард түмнээ тэнэгт тооцсон хамгийн арчаагүй улстөр юм.

Учир хүүхдийн нэрийн данс уруу сар бүр 20 мянган төгрөг орох хэдий ч цэцэрлэгийн хүүхдийн хоолны тал зардлыг эцэг эх даана гэж заажээ. Ингэхээр “шинэчлэл” хийж байгаа Засгийн газрын хүүхдэд хандсан энэрэл нь хаачив гэхээр харагдана. Тодруулбал, журамдаа нэг хүүхэд өдөрт 1600 төгрөгийн хоол идэх ёстой. Үүнийг ажлын 22 хоногт үржүүлээд голчийг нь олохоор 17200 төгрөг цэцэрлэгийн нэг хүүхэд сарынхаа хоолонд зарцуулах тооцоо гарч байгаа юм. Тэгэхээр хүүхдийнхээ нэрийн дансанд сар бүрийн 20 мянга биш ердөө л 2400 төгрөг орох нь. Энэ тухай “Засгийн газар хүүхдэд 20 мянган төгрөг баруун гараараа өгөөд зүүн гараараа авч байгаа” тухай мэдээлэл, нийтлэлч хэвлэлээр гарч байв. “Шинэчлэлийн” хэмээх Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн “шинэчлэл” гэвэл ердөө л энэ байна.

Б.Өлзийт

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1215166


URL:

Сэтгэгдэл бичих