Нийслэл 2500 камертай болно
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хэсэгчилсэн байдлаар камержуулах ажил явагдаж байгаа аж. Төлөвлөгөөний дагуу нийслэлд нийт 1000 гаруй цэгт 2000 орчим камерын хяналтын систем бүхий 2500 гаруй камертай болох гэнэ. Эхний ээлжинд Баянгол дүүрэгт 100 гаруй хяналтын цэгт 200 гаруй камер суурилуулсан байна. Мөн Чингэлтэй дүүрэгт 50 гаруй камер суурилуулсан байна. Харин гэр хорооллыг камержуулахад гэрэлтүүлгийн асуудал маш чухал байгаа. Учир нь тухайн газарт камер тавьсан ч гэрэлтүүлэггүй болохоор шөнө харагдахгүй ажээ. Гэрэлтүүлэггүй үед шөнийн цагаар ажиллах боломжтой камер байдаг ч өртөг өндөр юм байна. Тиймээс цөөн газар суурилуулах гэнэ. Хэрэв камер суурилуулбал 24 цагийн турш ажиллах гэнэ.
Гэхдээ гэрэлтүүлэг хийхэд цахилгааны шугам, түүнийг хийж, хэрэгжүүлэх төсөв зэрэг нэлээн олон асуудал шийдэх хэрэгтэй аж. Уг камерын систем үйл ажиллагаанд орсноор ногоон бүсийн болзошгүй гал түймрээс хамгаалах, Туул голын ойр орчимд амарч зугаалж буй иргэд хэрхэн зөв зохистой амарч байгааг хянах, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хянах зэрэг нийслэлд хамааралтай бүх асуудлыг цогцоор нь хянах систем бий болох юм.
М.УУГАН
МОНГОЛ КОММЕНТ
URL: