Нийслэлийн албан хаагчид нэгдсэн автобусаар зорчино
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны албан хаагчид Ажилчдын автобустай боллоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжаар Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц ажлын хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү ажилчдын автобусны үйлчилгээ нь өнөөдрөөс эхэлж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанд нийт 1000 гаруй албан хаагч ажилладаг бөгөөд эдгээр ажилчдын талаас илүү хувь нь энэхүү автобусаар үйлчлүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Дээр дурдсан Захирамжинд Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байдаг. Ажилчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэж эхэлсэн нь хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байх зэргээр хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж, төрийн бусад байгууллагад үлгэр дууриал болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.
Төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдээ хүндэтгэх соёлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчид, албан хаагчид эхлүүлж, ажилдаа ирж очихдоо ажилчдын нэгдсэн автобусаар үйлчлүүлдэг боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: