Чингис хааны нэрэмжит бөхийн барилдаан болно
Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой, Үндэсний бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан анх удаа зохиогдохоор боллоо. Тус барилдаан энэ сарын 13-ны өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Энэ талаар Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Бөхийн холбооноос жил бүр ямар нэгэн зүйл хийнэ хэмээн амладаг. Энэ жилийн хувьд?
-Бидний энэ ажил өнгөрсөн онд 6002 бөх барилдуулж геннисийн номонд бичигдсэнээр эхэлсэн. Энэ оны хувьд бид тус барилдаанд барилдсан бүх бөхчүүдийн цээж зурагтай “Дэлхийд дуурсагдах монгол бөх” нэртэй номоо хэвлүүлээд номын сангуудаар тараах болно. Энэ нь уламлалт спорт болон монгол омогшилд түлхэц болно гэж бодож байгаа. Мөн бөхийн мэх, дэвээ шаваа, нэр томъёо, барилдаан зэргийг багтаасан “Монгол бөхийн эх бэлтгэлийн нэвтэрхий толь” гэсэн нэртэй цул ном гарах гэж байгаа.
-Энэ жилийн барилдаанууд ихэнх нь товлосон хугацаанаас хойшлосон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Шинэчлэлийн Засгийн газар гарсантай холбоотой барилдааны хуваариудад өөрчлөлт орсон.
-Саяхан монгол бөхийг доромжилсон утга бүхий зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дээр нийтлэгдсэн байсан. Энэ тал дээр танай холбооноос ямар арга хэмжээ авч байна вэ?
-Би 2-3 хоногийн өмнө эмэгтэй хүнд бөхийн хувцас өмсүүлсэн байдалтай зураг сайтууд дээрээс харсан. Манайхны бичсэн комментийг мөн харсан. Тэр зургийг “Бөхчүүдийн найраа хийж байгаа нь биеэ үнэлж байгаатай ялгаагүй зүйл юм” гэж тайлсан байсан. Энэ асуудлыг Монголын Бөхийн холбооноос шалгаж, холбогдох хүмүүсийг нь хайж байна. Гэхдээ зурсан эзэн болон аль сайт гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Иймэрхүү асуудал өмнө нь гарсан. Япон улсын иргэд монгол бөхийн хувцас өмсч, порно кино хийсэн байсныг илрүүлж, Элчин сайдад нь нот бичиг явуулж байсан. Харин хариуд нь “Японы ард түмэн кимоногоо өмсөх тиймэрхүү зүйл хийхийг хориглодоггүй учир манай улсын хувьд хууль зөрчсөн үйлдэл алга гэж мэдэгсэн. Энэ асуудалд манай холбооны зүгээс сануулга өгч, худалдаанд гарсан “CD”-гээр зарагдаж байсныг хурааж авсан.
-Дундговь аймгийн наадмыг хүчингүй болгосон байсан тэр ямар учиртай вэ?
-Монголын төрт ёсны их наадамд 512 бөх барилддаг. Аймгийн наадамд 512 бөх барилдах хууль зүйн үндэс байхгүй. Бөхчүүддээ худал хүний нэр хэлж, амлуулаад, мөн л худлаа унагасан байсан. Мөн нэг хүүхэд уначихаад хэчнээн ч удаа дахиж барилдсаныг мэдэхгүй юм. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын хуулинд аймгийн цолтой барилдааныг тухайн аймгийн Засаг дарга баталгаажуулж, үнэмлэх дээр нь гарын үсэг зурдаг. Улсын цолтой бөхчүүдийг Ерөнхийлөгч баталгаажуулдаг. Тэнд болсон барилдаанаар тухайн аймгийн Засаг дарга өөрийн өнгө үзэмжээр бөхчүүдэд цол олгосон тохиолдол гарсан юм. Тиймээс цолыг нь хураахаас өөр ямар ч арга байгаагүй.
Б.Учрал
ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: