“Манай орны нийт нутгийн 72 хувь нь газрын доройтолд өртсөн байна”

ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн физик газарзүйн секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Мөнхдулам “Хиймэл дагуулын мэдээ болон нийгэм, эдийн засгийн судалгаан дээр үндэслэн газрын доройтлыг үнэлэх” сэдвээр хийсэн судалгааны ажлаараа “Хүрэл тогоот- 2012” залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, шилдэг илтгэлээр шалгарсан байна.

Хангайн нуруунаас эх авдаг “Байдраг”, “Таац”, “Түй”, “Онги” голууд нууруудын хөндийд оршдог. Тэр дундаас “Таацын цагаан нуур”-т цутгадаг гол дээр Азийн технологийн институтийн судлаачид болон Ус цаг уурын мэдээлэл тооцооллын төвийн судлаачидтай хамтарч хийжээ.

Зургаан сарын хугацаатай хийсэн судалгааны давуу тал нь газрын доройтолд ямар хүчин зүйлүүд яаж нөлөөлж байгааг нарийвчилж гаргаснаараа онцлог. “Таац”-ын голын сав нутагт ашиглалтын лицензтэй талбай байхгүй учраас химийн нөлөөг тооцоогүй аж. Энэхүү судалгаа нь газрын доройтол гэж юу болох, ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг, хаана хэр хүчтэй орж ирж байгааг харуулснаараа чухал ач холбогдолтой болжээ.

ДЭЛХИЙН ХУУРАЙ ГАНДУУ БҮС НУТГИЙН 30 ХУВЬ НЬ ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ

НҮБ-ын хийсэн судалгаагаар дэлхийн хуурай гандуу бүс нутгийн 30 орчим хувь нь газрын доройтолд өртсөн. Жил бүр зургаан сая га газар цөл болон хувирч байгааг харуулсан байдаг. Харин манай орны хувьд нийт газар нутгийн 72 хувь нь газрын доройтолд өртжээ. Үүнээс 23 хувь нь сул, 26 хувь нь дунд, 18 хувь нь хүчтэй, таван хувь нь нэн хүчтэй доройтолд орсон нь тогтоогдсон байна.

Газрын доройтол нь ядуурал, цэвэр усны хомсдол, эрүүл мэнд, аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөнд нөлөөлөөд зогсохгүй олон арван мянган хүний амь, амьдралд хохирол учруулж байна. Амьдрал нь газраас шалтгаалж байдаг малчид, тариаланчид илүү ихээр өртдөг. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд энэхүү доройтол нь зөвхөн байгаль экологийн нөөц, эд баялгийг сүйрүүлээд зогсохгүй нүүдлийн эртний соёл уламжлалыг хоосруулан, үгүйрүүлэх аюултай юм. Тиймээс эдийн засагтаа анхаарлаа хандуулахаас илүү байгаль орчны менежментийг зөв хөгжүүлэх шаардлага гарч байна. Үүний тулд хамгийн сүүлийн мэдээлэл, мэдлэг дээр тулгуурласан газрын доройтлын дэлгэрэнгүй судалгаа хэрэгтэй болж байна.

“ТААЦ” ГОЛЫН САВ НУТГИЙН ТАЛ ХУВЬ НЬ ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨРТЖЭЭ

Тиймээс энэ судалгаагаараа сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээг статистик өгөгдлүүдтэй уялдуулан нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийн судалгааны мэдээллийг хослуулан “Таац” голын сав газрын доройтлыг үнэлж түүний орон зай, цаг хугацааны хувьсал өөрчлөлтийг тооцон, цаашдын хандлагыг нь үнэлэн гаргасан байна.

Судалгаа нь хамгийн сүүлийн мэдээлэл, мэдлэг дээр тулгуурлаж газрын доройтол хаана, хэр хүчтэй явагдаж байгааг тогтоосноор зөвхөн уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж байгаль орчны доройтол нэмэгдээгүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хариулсан нь судалгааны ач холбогдлыг тодорхойлсон юм.

Газрын доройтолд байгалийн хүчин зүйлүүдийн үзүүлж буй нөлөөллийг геофизик, биофизик, уур амьсгал, нийгэм эдийн засгийн гэж гаргажээ. Нөлөөллийг маш бага, бага, дунд зэрэг, хүчтэй, маш хүчтэй ангиллаар тооцож үзэхэд “Таац” голын сав нутгийн 3.3 хувьд нь маш бага, 15.6 хувьд нь бага, 25.2 хувьд нь дунд зэрэг, 30.1 хувьд нь хүчтэй, 25.8 хувьд нь маш хүчтэй нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна.

ЯДУУРАЛ ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ГОЛ ТҮЛХҮҮР БОЛДОГ

Газрын доройтол хүн төрөлхтөнд сөрөг нөлөө үзүүлж байдаг ч хүн өөрөө газрын доройтлыг үүсгэдэг. Хүнс тэжээлийн хомсдол, хүнсний аюулгүй байдал, ган, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь байгалийн болон хүний хүчин зүйлийн хосолсон нөлөөллийн үр дагавар юм. Энэ нь газрын доройтол, цөлжилт үүсэх шалтгаан болдог.

Дэлхийн хүн амын ядуу хэсгийн амьдрах орчин нь газрын доройтолд нэлээд их өртсөн байдаг. Учир нь ядуурал газрын доройтол дахь нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн гол түлхүүр юм. Газрын доройтолд байгалийн болон нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийн хавсарсан нөлөөллийг тооцож үзэхэд “Таац” голын сав нутгийн 58.4 хувьд нь газрын доройтол их бага хэмжээгээр (19.7 хувь нь доройтолд маш хүчтэй өртсөн, 34.2 хувь нь доройтолд хүчтэй өртсөн, 46.1 хувь нь доройтолд дунд зэрэг өртсөн) доройтол илэрчээ.

Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн 56.8 хувь нь байгалийн, 43.2 хувь нь нийгэм, эдийн засгийн гаралтай байжээ. Байгалийн гаралтай хүчин зүйлийн 20.8 хувь нь геофизик, 16.8 хувь нь биофизик, 19.2 хувь нь уур амьсгалын гаралтай байна.

Х.Хатан

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих