Э.Бат-Үүл: Н.Энхбаяр алдсан эрх мэдлээ хүч хэрэглэн эргүүлэн авахыг зорьж байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Та чуулганы завсарлагаанаар гадагшаа явж амраад ирэв үү?
-Би гадагшаа явж хагалгаанд орж биеэ эмчлүүлээд л ирлээ.
-Бие тань гайгүй юу?
-Зүгээр ээ.
-Таныг гадагшаа яваад ирэх хооронд улс төр нэлээд бужигнаж байх шиг байна. Хувьсгал хийх цаг нь болж гэсэн дуу хоолой тод сонстох болов?
-Саяхан ирсэн болохоор өрнөж байгаа үйл явдлын талаар нарийн ширийн мэдээлэл багатайхан л байна. Гэхдээ сонин хэвлэл, сайтын мэдээллийг уншиж байсан. Энэ бүгдийг ажиглаж суухдаа нэг зүйлд хамгийн их гайхаж, бас эгдүүцлээ шүү.
-Юунд тэгтлээ эгцүүцлээ гэж?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн дээд албан тушаалыг завсаргүй хашиж байсан хүн өнөөдөр төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг уриалах болжээ. Тэр хүн сонгуулиар олж авч чадаагүй эрх мэдлээ хүч хэрэглэн авахаар ярьж эхэлс эн нь эгдүүг минь хүргэж байна. Энэ 20 жилийн хугацаанд цөөнгүй Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад хугацаа нь дуусан сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүн эргээд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах талаар уриалахыг ерөөсөө сонсч байсангүй. Ардчилсан ямар ч улс оронд ийм зүйл байдаггүй. Би үүнийг лавтай хэлж чадна. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйл ажиллагаагаа нууж халхавчлаад хувьсгал гэж нэрлээд байгааг нь хараад уур ч хүрэх шиг. Хувьсгал гэдэг чинь нийгмийн өөрчлөлтийн том программыг хөндөж ярихыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн тогтолцоог бүхлээр нь өөрчлөх улс төрийн зорилготой үйл явцыг хувьсгал гэж хэлж болох юм. Сонгуулиар ялагдсан бүхэн төрийн эрх мэдлийг хүчээр авъя, сонгуулийн ч хэрэг алга гээд байвал 1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын ач холбогдол юу болж хувирахав. Тэгвэл ардчилсан сонгууль гэж явуулахын хэрэг юу байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын иргэд муу, сайн ч бай, алдсан, оносон ч бай сонгууль явуулж төрөө өөрсдөө сонгож байна. Сонгуулиар улс төрийн зорилгодоо хүрч чадахгүй болчихсон, шаансгүй болсон хүмүүс төрийн эрх мэдлийг ард түмнээс булааж авахыг санаархаж байгааг сонсоод дургүй хүрч байна.
-Арабын ертөнцөд болж байгаа тэмцэл, өөрчлөлтийг өлгөн жишээ татаж Монголд ч гэсэн хувьсгал хийх нөхцөл бүрдээд байна гэж тайлбарлаад байгаа?
-Ардчилсан хувьсгалыг дэндүү муухай доромжилж байгаа хэрэг. Өнөөдөр Монгол Улс төв Азидаа хамгийн ардчилсан улс гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Бид Египетийн ерөнхийлөгч асан Х.Мубаракийн тогтоосон шиг дарангуйллын нийгэм бий болгоогүй. Ардчиллын тухай яриа байхгүй, ардчилсан сонгууль гэж болдоггүй, чөлөөт хэвлэл гэж байдаггүй, иргэдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодоггүй дарангуйлагч оронд хувьсгал өрнөж байгаа. Дарангуйлагч орноос ардчилал руу шилжихээр өөрчлөлт хийж байна шүү дээ. Тэгсэн чинь Төв Азийн цээжин дэх хамгийн ардчилсан Монгол орныг Арабын дарангуйлагч дэглэмтэй орнуудтай, очиж очиж Каддафийн дэглэмтэй адилтгаад байхдаа яахав дээ. Манай ард иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Дарангуйлагч орны иргэд ирээд цочиж гайхсан байдалтай, танай иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа юман чинээ тоохгүй шүүмжлэх юм аа, заримдаа ч бүр доромжлох юм гэдэг. Ийм улс орныг Арабын дарангуйлагч дэглэмтэй оронтой зүйрлэн хувьсгал хийх цаг нь болсон гэж дөвчигнөж байгаа нөхдүүдийн цаад зорилго, улс төрийн шуналыг нь ойлгохгүй хүнд нээрээ ч тийм юм болов уу гэж бодогдож байж мэднэ.
-Та нэрийг нь цохож хэлэхгүй байх шиг байна. Гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлээд байгаа биз дээ?
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржид ялагдаа биз дээ. Ахиж ардчилсан сонгуулиар гарч ирэн алдсан өндөрлөгтөө хүрч чадахгүй гэдгээ ойлгоод төрийн эрх мэдлийг хүчээр олж авахаар хувьсгал гэж яриад байна. Сонгуульд ялагдаад, улс төрийн зорилгодоо хүрч чадахгүй нам, хүмүүс хүчээр төрийн эрхийг авбал дараагийнх нь бас энэ аргаар үзнэ. Ингэснээр улс оронд тогтворгүй байдалд бий болно. Н.Энхбаяр ард түмэн намайг дэмжээд байна гээд байгаа юм бол эмх замбараагүй байдалд уриалахгүй, сонгуульдаа л оролц л доо. Олон түмэн дэмжиж байгаа бол гарцаагүй л саналаа өгнө. Үндэсний удирдагч байсан Н.Энхбаяртай өрсөлдсөн Ц.Элбэгдоржийг дэмжээд ард түмэн саналаа юунаас ч айлгүй өгсөн дөг. Сонгогчид хэнээр төрөө бариулахаа мэдээд гаргаад ирнэ. Ард түмэн дэмжиж байгаа юм бол яах гэж алдагдсан эрх мэдлээ хүчээр булааж авъя гэж уриалаад байгаа юм бэ гэж асуумаар байна.
-Парламентад олонхи суудал авсан хоёр улс төрийн хүчин нэгдээд Монголд гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа. Энэ нөхцөл байдлыг ажиглан, жижиг намуудыг эгнээндээ элсүүлж тоглолт хийж эхэлж байгаа юм биш үү?
-Ардчилсан оронд Н.Энхбаяр хэсэг хүмүүсийг удирдаад нам байгуулаад, нийгмийн амьдралд шүүмжлэлтэй зүйлийг хөндөөд, сонгуульд бэлтгэх нь ердийн, байх л зүйл. Харин төрийн эрх мэдлийг хүчээр булааж авна гэж яриад байгаатай нь би эвлэрэхгүй, эгдүү хүрээд байгаа юм.
-Та Монголд гуравдагч хүчний том орон зай бий болчихлоо гэдгийг анзаарч л байгаа байх?
-Ардын нам, манай нам хоёр нийлсэн учир яах аргагүй гуравдагч хүчин үгүйлэгдэж байгаа нь үнэн. Гуравдагч хүчин хэрэгтэй байгаа. Шүүмжлэлгүй, хяналтгүй төр байж болохгүй. Мэдээж ард иргэд ухаантай юм чинь манаачтай болгож л таараа. Тэр манаачийн үүргийг гуравдагч хүчин эзлэх гэж байгаа бол сайн л хэрэг. Тийм орон зай гаргаж байгаа нь бидний хохь. Гуравдагч хүчнийг ард түмэн дэмжвэл сонгуулиар ялаад гараад ирнэ. Ийм орон зайг гарсныг анзаарч гуравдагч хүчнийг зохион байгуулж байгаа нь байх л зүйл. Харин ч гуравдагч хүчин гэж зохион байгуулагдахгүй байвал би гайхаж урам хугарах байлаа. Ямар ч хяналтгүй төртэй болсон үед тийм идэвх, санаачилга гарахгүй байвал манай нийгэм ардчилалд суралцаагүй л байна гэж бодогдохоор байв. Ийм санаачилга гарч ирж байгаа нь ардчилалд суралцаж эхэлсний илрэл.
-Долдугаар сарын 1-ний үймээний үеэр онц байдал зарласан Ерөнхийлөгч хүний дарамт, шаардлагаар ийм алхам хийхэд хүрсэн гэж мэдэгдлээ. Энэ үйл явцыг та ажиглаж л байгаа байх?
-С.Баяр, Н.Энхбаяр хоёрын хоорондох маргаан. Энэ хүмүүс өөрсдөө тайлбараа хийнэ биз. Н.Энхбаяр тухайн үед зарлиг гаргаад онц байдал тогтоосон нь зөв зүйл болсон гэж боддог. Хэрвээ тухайн үед онц байдал зарлаагүй бол сэтгэл хөдлөл, хийрхэлдээ автсан хүмүүсийг намжааж чадахгүй, ямар ч аймшигтай байдал үүссэн байхыг үгүйсгэх аргагүй. Юун таван хүний амиар зогсохгүй, 500, 50 мянган хүний амь эрсдэх байсан ч юм билүү. Би Н.Энхбаярын оронд байсан бол ийм зарлиг гаргаснаараа харин ч бахархах байлаа. Харин тэр зарлигийг хэрэгжүүлэхэд алдаа гаргасан уу, санаатай үйлдэл хийсэн үү гэдэг нь Н.Энхбаярын хариуцах зүйл биш. Хариуцдаг албан тушаалтан нь байгаа шүү дээ. Гэтэл уснаас хуурай гарах гэж зүдэрч байгаа аятай намайг хүчээр зарлиг дээр гарын үсэг зуруулсан гэх зүйл яриад байгааг ойлгохгүй юм. П.Очирбат, Н.Багабанди гээд өмнөх Ерөнхийлөгч нар би өөрөө шийдээгүй, тэр л шахсан, тэгээд шийдвэрээ гаргасан гэж яриад унавал юу болох вэ. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байсан хүн ингэж ярихаар өмнөөс нь ичих шиг болох юм аа. Хариуцлагаа бусдад нялзаагаад явах байсан юм бол яах гэж тэр албан тушаалд очсон юм бэ.
-Гэхдээ таван хүний амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж хариуцлага тооцох ёстой биз дээ?
-Онц байдал тогтоох явцад хүний амь нас эрсдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Одоо бид их ухаантай царайлаад л байна. Бие бие рүүгээ янз бүрийн зүйл шидэх гээд л. Үнэн хэрэг дээрээ долдугаар сарын 1-ний үймээн Монголд анх удаа болсон үйл явдал. Үүнд бүгд цочирдсон. Би тэр үеийг сайн санаж байна. Намайг Зүүн баянгаас давхиж ирэх үед Улаанбаатарт хөгшин, залуугүй хүмүүс шоконд орсон. Тааралдсан бүхэн л яана бие биенээ алж хядаад иргэний дайн болчих вий гэцгээж байсан. Би тухайн үед УИХ-ыг хаалттай хуралдуулах санаачилга гаргаснаа зөв зүйл хийсэн гэж боддог.
-Тэр шийдвэрийг тань харин ч хөшигний цаана хор найруулалт хийх боломжийг олгосон гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй бий?
-Тэгж хэлдэг хүмүүс зөндөө бий. Хэрэв тухайн үед нээлттэй хуралдаад асуудлыг дэвэргэж иргэдийг талцуулж таагүй байдал бий болгосон бол Бат-Үүл туршлагатай улстөрч байж, хаалттай хуралдах санаачилга гаргах нь яасан юм гэж загнах байсан биз. УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай хуралдах санал гаргасныг олон хүмүүс дэмжиж байгаагаа дараа нь илэрхийлж, баяр хүргэж байсан. УИХ нээлттэй хуралдсан бол онц байдал зарлан намжааж байсан нийгмийг эргээд хагаралдуулж, зодоон, үймээн самуун руу чирч мэдэхээр байлаа. УИХ дээр нийгмийг бужигнуулж, мөргөлдөөнд турхирах зорилготой хэсэг хүмүүс орж ирэн ашиглах гээд байсан юм даг. Хаалттай хуралдъя гэсэн чинь нөгөө нөхдүүд гараад явсныг тодхон санаж байна.
-Хэн гарч явсан юм бэ?
-Хаалттай болсон хуралдааныг би одоо сөхөөд яахав дээ.
-Та УИХ-ын гишүүн С.Баяртай найз уу?
-С.Баяр зургадугаар, би дөрөвдүгээр ангид байхдаа зодолдож танилцсан юм. Тэрнээс хойш нөхөрлөж байгаа. Гэхдээ бид хоёр үй зайгүй, салж өнжихгүй явдаг ч хүмүүс биш л дээ.
-Энэ хүний үйл хэргийг ч нь дэмждэг тиймээ?
-Би Баярын олон зүйлтэй санал нийлдэггүй.
-Ямар шийдвэртэй нь?
-Баярын улс төртэй би бараг санаа нийлдэггүй. С.Баяр бол улстөрийн хувьд адармаатай алхам хийж чаддаг. Сонгуулийн дүнгээр олонхи болсон байхад манай намыг урьж хамтарч засаг байгуулах улс төрийн алхам хийснийг нь хараад С.Баяр шүүмжлэл, хяналтад дургүй хүн байна гэж бодсон. Хамтраад асуудлыг шийдэе гэхээсээ илүү хяналтгүй болгох гэж л манай намыг урхиндаа оруулсан хэрэг. Баярын эхлүүлсэн зүйлийн үр дагаврын үрээр өнөөдөр төр хяналтгүй болж гуравдагч хүчний орон зай гарч эхэллээ. Түүний олон бодлоготой санал нийлэхгүйгээ тухайн үед нь илэрхийлж, мэдэгдэл хийж ярилцлага өгч л байсан даа. Гэхдээ Баяр бид хоёрын нөхөрлөлд нэг сайн чанар байдаг. Хувь, хувьсгалыг хутгадаггүй юм.
-Таныг олон түмэн шударга, ардчиллын алтан хараацайнуудын нэг гэж хүндэтгэдэг, бас хайрладаг. Харин сүүлийн үед Үүл баатар яачихав аа, нөгөө хурц дайчин үгс нь, нээлттэй байдлыг эрхэмлэдэг чанар гээгдээд байна уу гэх болж. Байнгын хороог хаалттай болгоно, УИХ-ын гишүүн чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг болох ёстой гэхчлэн хаалттай зүйл рүү зүтгүүлээд байна гэх юм?
-Миний сүүлийн үед өргөн барьсан хуулиудын талаар хүмүүс сургаар мэдээлэл аваад байгаа нь ажиглагддаг. Хуулийг минь уншчихгүй, хужрыг нь тунгаах гэж оролдохгүй юм. Сургийг цуу болгож тараадаг хүмүүс ч бэлэн байдаг бололтой. Нөгөөдүүл нь Бат-Үүл ардчиллынхаа эсрэг зүйл өргөн бариад, хийгээд байна. Дарангуйлагч маягийн болоод байна гээд л. Намайг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бол тэгж хардаж болохсон. Би чинь УИХ-ын 76-гийн нэг шүү дээ. УИХ-ын нэг гишүүн дарангуйлагч болно гэж хэзээ ч байдаггүй, тийм боломж ч байхгүй. Би юу хийгээд байна гэхээр Н.Энхбаяр сонгуульд ялагдчихаад алдсан эрх мэдлээ төрийн эргэлтийн аргаар олж авах гээд байгааг байж болохгүй зүйл гээд түүнийг хаах л гэж хуулийн төсөл өргөн бариад байгаа. Ардчилсан сонгуулийн зарчмаас хазайх гэсэн оролдлого гаргавал өршөөлгүй тэмцэх ч болно, үгээ ч хэнээс эмээхгүй хэлэх ч болно.
-Төрийн эрхийг хууль бусаар авах гээд нууц ажиллагаа явуулаад эхэлсэн юм уу?
-Ерөнхийлөгч байсан хүн сонгуулиар юуг ч өөрчлөхгүй, юу ч бүтэхгүй ээ, хувьсгал хийх хэрэгтэй гэж уриалаад байгаа нь төрийн эрх мэдлийг хүчээр авах гээд байгаагийн том нотолгоо биш үү.
-Та бас өөрөө философичдоо сэрээрэй, хувьсгал хийе гээд бичээд байгаа биз дээ?
-Би хувьсгал хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ хувьсгал хийхдээ хуулийн дагуу, тайван замаар хийе гэж байгаараа Энхбаярын яриад байгаагаас тэс ялгаатай. Монголын төрийн тогтолцоог өөрчилье гэсэн зорилтыг 2012 оны сонгуулиар дэвшүүлнэ гэж бодож байгаа. Олон түмэн ч төрийн тогтолцоонд шинэчлэл хийхийг дэмжинэ гэж найдаж байна. Тэгээд ялаад гараад ирэхээрээ төрийн тогтолцоог өөрчилнө. Парламентыг хоёр танхимтай болгоно. Энэ том өөрчлөлт нь үнэхээр хувьсгал. Үүнийг нээлттэй нийгэмд хуулийн дагуу хийж болдог юм.
-Хувьсгал хийнэ гэсэн дуу хоолой олон талаас сүүлийн үед хүчтэй сонсдох болсон. М.Энхсайхан бас хувьсгал хийх цаг болсон гэж бичсэн байна лээ?
-М.Энхсайханы хувьсгал гэж ярьж байгаад би хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ хүн өнгөрсөн он жилүүдийн туршлагыг өөрийн оюун ухаанаараа тунгаан цэгнэлээ. Энэ нийгэмд болохгүй зүйл юу байна гэдгийг өөрийнхөөрөө олж харж байна. Нийгэмд зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй гээд улс төрийн тодорхой зорилго дэвшүүлж байна. М.Энхсайхан Н.Энхбаяр шиг алдагдсан эрх мэдлээ эргүүлж авъя гэж амин хувийн ашиг сонирхолгүй байгаагаараа ялгаатай. Н.Энхсайхан төр олигархижлаа, ардчиллаас хазайлаа, ардчиллаа эргүүлж олж авъя гэж тодорхой зорилт тавьж ном бичлээ, улс төрийн хөтөлбөрөө ч боловсруулсан байна лээ. Энэ хүний дэвшүүлж байгаа хөтөлбөрт орсон олон зүйлтэй санал нийцэхгүй ч зорилго нь зөв учраас хүндэтгэлтэй хандаж байгаа. УИХ-ыг хоёр танхимтай болгоё гэсэн санал нь миний дэвшүүлж байгаа зүйлтэй ч нийцэж байгаа. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэснийг би ерөөсөө дэмжихгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Монголд гэр бүлийн засаглал тогтоно. Авгайдаа удирдуулдаг нөхөр ерөнхийлөгч болбол эхнэрийн засаглал ч тогтож мэднэ. Мөн Энхсайхан гуравдагч хөрш рүү их дайрдаг болж. Гуравдагч орон колончлогчид гэдэг боллоо. Уучлаарай Энхсайханаа, ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй л амьдармааргүй байна шүү гэж намын дарга нарыг урьсан дугуй ширээний ярилцлагын үеэр тэсэлгүй хэлсэн. Монголын төрийн зүтгэлтнүүдийн 100 жил мөрөөдөж байж олж авсан гуравдагч хөршийг гоочлох хэрэггүй. Хоёрхон хөрштэй байхын гайг монголчууд ханатлаа амссан. Би жишээ татаад тайлбарлах уу?
-Тэг л дээ?
-1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийсэн хүмүүс хамгийн түрүүнд гуравдагч хөрштэй болох гэж оролдож байлаа. Тэгээд тэр хүмүүс хоёр хөршийн дарамтанд орж бүгд янз бүрийн байдлаар хорлогдож амиа алдсан. Чин ван Ханддорж, Сайн ноён Намнансүрэн гээд л. Сайн ноён Намнансүрэн Петербургт очоод өмнөд, хойд хөршийн элчин сайд нараас нуугдаж зугтаагаад Франц, АНУ, Английн элчин сайд нартай уулзах гээд очиход нөгөөдүүл нь Орос, Хятадаас айгаад хүлээн авч уулзаагүй гэдэг. Ингэж аргаа барж байлаа шүү дээ. 1921 онд ардын хувьсгал хийгээд тусгаар тогтнолоо зарлаад л гуравдагч хөрштэй болно гэж үзсэн. Ерөнхий сайд байсан Цэрэндорж Швейцарь лугаа адил хөгжинө гэж хэлсэн гэдэг юм билээ. Тэгээд Франц, Герман руу оюутан залуусаа явуулсан. Гэтэл дараа нь бүгдийг шоронд хийж, хороосон. Өмнөд, хойд хөрш монголчуудын гуравдагч хөрштэй болох замыг ингэж хааж байлаа. М.Энхсайханы колончлогчид гэж хэлж байгаа зүйл шинэ юм биш. 1930-аад оны үед ЗХУ-ын коминтерний нөлөөгөөр, сургагч нарын даалгавраар АНУ, Япон, өрнөдийн орнуудыг колончлогчид гэж ухуулж, гадаадын капиталыг шахан зайлуулъя гэсэн кампанит ажлыг явуулж байсан. Тэгээд яасан гэхээр өрнөдийн бүх компанийг хөөж гаргаад ЗХУ-ын эдийн засгийн хараат болсон биз дээ. Өөрөөр хэлбэл, капиталыг шахан зайлуулах нэрээр цэвэрлэж өгсөн хэрэг. Бид өнөөдөр гуравдагч хөрш орнуудыг колончлогчид гээд хөөгөөд явуулъя гэхэд сонголтгүй хоёр хөрштэйгээ л үлдэнэ. Монгол энэ хоёр хөршийнхөө дунд үлдээд нэгийг нь сонгох л болно. Эдийн засгийн хувьд хүч чадалтай учраас Хятадын дагуул улс л болох байлгүй. Тэгэхээр 100 жил мөрөөдөж олж авсан гуравдагч хөршийн эсрэг ийм большевик үг яриаг М.Энхсайхан гаргаж байгаад би бүр цочоод шүүмжилсэн. Энэ хүн улс төрийн шинэчлэл хийе, үүний шалтгаан нь АНУ зэрэг барууны колончлогчдын эсрэг өөрийгөө хамгаалах ёстой гэж хэлнэ лээ. Үнэндээ далайн цаана байгаа АНУ, Япон бидэнд аюул учруулаад байх даа ч яахав дээ.
-М.Энхсайхан Н.Энхбаяр хоёр нийлээд улс төрд буцаж ирэх гэж байгаа юм биш үү?
-М.Энхсайхан Н.Энхбаяртай нэгдсэн нь харамсалтай. Энэ хоёр тооцоо хийсэн байгаа. М.Энхсайханы улс төрийн хэрэгсэл нь Н.Энхбаяр болох уу, Н.Энхбаярын улс төрийн хэрэгсэл М.Энхсайхан болох уу гэдэг нь сонин байна.
-МАН-ын дарга С.Батболд санаачилж намуудын дарга нарыг урьж, парламентын шинэчлэлийн асуудлаар дугуй ширээний уулзалт хийлээ. Та түүнд оролцсон. Хоёр танхимтай парламенттай болох саналыг та нэлээд эртнээс яриад байгаа. Энэ санаачилгыг МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх гээд нөлөө бүхий хүмүүс дэмждэг болсон байна лээ. Энэ нь тохироо юу эсвэл зайлшгүй хийх өөрчлөлт үү?
-Анх намайг хоёр танхимтай болгоё гэхэд хүлээж авдаггүй байсан бол одоо дэмжигсдийн хүрээ тэлээд байгаа шүү. МАН-ын дарга С.Батболд ярилцах цаг болсон гэж хэлэхийг сонсоод ардын намынхан ч өндөр авч байгаа юм байна гэж бодоод олзуурхаж байлаа. Гэвч тогтолцооны шинэчлэлийг хийх нь нээлттэй асуудал гэсэн дараагийн залгаа үгнүүдийг нь сонсоод за даа гэж бодсон шүү. Гэхдээ оргүй дорноо бага ч гэсэн ахиц гарах нь чухал. Энэ өдрийн дугуй ширээний ярилцлагын гол сэдэв нь хоёр парламенттай болох тухай байлаа. Парламент хоёр танхимтай болохын ач холбогдлыг би хангалттай их тайлбарласан учраас одоо нуршаад дэмий биз дээ.
-Хоёр танхимтай болгохын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Энэ нь тийм амархан шийдэгдэх үү?
-Нэг амьсгаагаараа шийдэх гээгүй л дээ. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал гэдэг улсыг өөрчлөх гэсэнтэй адил хэрэг. Үндсэн хууль бол Монгол Улс гэдгийн бичмэл хэлбэр. Тэр улсын илэрхийлэл болсон төрийг өөрчилнө гэж ярьж байгаа гэсэн үг. Тиймээс улсыг өөрчлөх асуудлыг хөнгөн гоомой шийдэж болохгүй. Хөнгөн хуумгай хандаж Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан нь олон түмний шүүмжлэлийн бай болж байна. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүн бүхэн л алдаа хийсэн гэдэг. Ямар сайндаа түүнийг буцааж хэвэнд нь оруулах гээд хэдэн гишүүд хуулийн төсөл өргөн бариад явж байхав дээ. Ингэж ахиж алдаа хийж болохгүй. Би хоёр танхимтай болгохыг бусадтай ярилцъя гэж саналаа дэвшүүлж байна. Байгалийн баялгаас болоод Монголын дотоод, гадаад орчин бүхлээрээ өөрчлөгдсөн. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа байгалийн баялаг бүх салбарыг хамарсан том өөрчлөлт үзүүлнэ гэж төсөөлж ч байгаагүй. Асар их баялагтай улс орны төрийн эрх цөөхөн хүний мэдэлд байж болохгүй. Цөөхөн хүн худалдагдчихвал яах юм эсвэл болчимгүй шийдвэр гаргаад улс орны маань бүрэн эрх рүү халдвал яана гэж үзэн нэлээд олон хүний хүрээтэй хяналтыг тогтоох танхимыг бий болгоё гэж зорьж байгаа.
-2012 оны сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдэж байна. Үндсэн хуульд сонгуулиас зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болно. Энэ том өөрчлөлтийг амжиж хийх хугацаа байхгүй юм биш үү?
-Хэр хурдан ойлголтод хүрэхээс л шалтгаалах байх. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-аас гаргасан байгаа. Би хоёр танхимтай болгох саналаа энэ ажлын хэсэгт танилцуулна даа. Сая болсон дугуй ширээний уулзалтын уур амьсгалыг харахад ойлголцолд хүрэх өдий юм байна, цаг хугацаа шаардлагатай гэж харагдаж байна лээ.
-МАН-ын даргын санаачилсан уулзалтыг Х.Тэмүүжин гишүүн асуудлыг сарниулах гэсэн давхар санаа агуулсан урхи гэж байна лээ. Танд юу гэж бодогдов?
-Давхар мэхийг нь олж хараад нотолж чадахгүй байгаа тохиолдолд тааж хэлэх арга алга даа. Ойрд болоогүй сүрхий ярилцлага болж, ойлголцъё гэж тохирон ажлын хэсэг байгуулахаар болсон нь дэвшил гэж харж байна.
-Хувийн шахуу ганц, хоёр асуулт асуучих уу?
-Би та нарын асуусан асуултаас булзаж байгаагүй биз дээ.
-Үүл гишүүн хүүгээ бизнест зүтгүүлж, ресторан нээгээд, Зайсанд газар аваад учиргүй их баяжиж байгаа гэх юм?
-Намайг эмчилгээнд яваад ирэх хойгуур манай хүүг ресторантай гэхчлэн янз бүрээр бичсэн гэнэ лээ. Миний хүүд тийм тансаг ресторан ч байхгүй. Хүү маань эртнээс бизнес хийсэн. “Сонор” студийг ээжтэйгээ ажиллуулж эхлээд бизнесийн салбар руу орсон. Миний хүү бусдын нэгэн адил бизнес хийх эрхтэй Монгол Улсын иргэн. Ааваа би их баян болно л гэдэг юм. Би тэгээд хүүгээ хурдан баян болоорой гэж залбирдаг. Мал, хөдөө аж ахуйн бизнес рүү хүү маань орж байгаа, сэтгэл санааны хувьд дэмждэг гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр би ярьж л байсан. Хүү маань хууль бус бизнес хийсэн байвал, тийм зүйл хийгээд хариуцлагад татагдах юм бол би хохь чинь ээ л гэнэ. Шударгаар бизнесээ хийгээрэй, чиний бодох нэр төр их бий шүү гэж хүүдээ хэлдэг. Өвөөгийн чинь, аавынхаа олж авсан нэр төр гээд л сургамжилна аа. Шударгаар баяжих нь муу зүйл биш биз дээ.
-Таныг нэг хэсэг АН-ын генсек болох нь гээд байсан. Энэ нь бор шувуу байв уу эсвэл тийм тохироо хийсэн юм уу?
-Генсек болох гэж байна гээд яриад байхаар нь би дүрдээ итгээд костюм, зангиагаа бэлдээд суугаад байлаа. Гэтэл ҮЗХ-гоор тийм зүйл яриа ч үгүй шүү дээ (инээв).
-Та УИХ-ын гишүүн байж генсек болох тийм их хүсэлтэй гэж үү?
-2012 оны сонгууль АН-д гайхалтай боломжийг олгох магадлал өндөр. Ийм том боломжийг огт алдаж болохгүй. Ирэх сонгуульд АН маш хариуцлагатай оролцох ёстой. Тиймээс намайг генсек болооч гэвэл хоёр гараа өргөөд гүйгээд очно. 2012 оны сонгуульд тун хариуцлагатайгаар зангидах ажлыг намын нарийн бичгийн дарга хийнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь сонгуулийн компаниа удирддаг юм.
Д.Доржпагма
URL: