Интернэтийн эрх чөлөө минь баяртай! YaYa-гийн НУЛИМСТАЙ ИНЭЭД

Ардчилсан нийгэмд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, цахим эрх чөлөө гэх сайхан үе дурсамж түүхийн хуудаснаа үлдэж байх шиг бололтой. Хүссэн дуу, кино, программ зэргийг цаг алдалгүй “үнэгүй” /хууль бус үйлдэл ажээ/ авч хэрэглэдэг “дамлагч” /түгээгч/, “хамсаатан” /хэрэглэгч/ бидний хувьд алхаар дээрээс цохиулсантай адил зүйл боллоо.Оюуны өмч гэгч айхавтар хууль одооноос л асаалттай танк адил дэлгэцний ард суугаа биднийг чиглэн ажиллаж эхэлсэн бололтой. Хүчит танкийг жолоодож буй ХХЗХ /Харилцаа Холбооны Зохицуулах Хороо/ -ноос шүүхийн тогтоолоор /зөрчил арилгах мэдэгдэл/ нэр цохон нэн даруй зөрчлийг арилгуулахыг мэдэгдээд эхэлсэн аж.

Энэ ч эцсийх нь бус эхлэлийн жагсаалт болох нь тодорхой байх. Овжин нэг нь “сайт”-аа нүүлгээд ухна шиг нэг нь “хориулаад” эхэлсэн бол санадрсан зарим нь хамаг зүйлсээ өөрчлөөд юу болохоо мэдэхээ байгаад сууцгааж байгаа сурагтай…

Ингээд тогтмол ажилладаг чөлөөт сайтын тал нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд эхэллээ дээ хөөрхий. Тэд орлоготой гэхээс илүү буяны байгууллага мэт ажилладаг байсныг гэрчлэх “хамсаатан”-гууд их бизээ.Оюуны хөдөлмөрийг үнэлэх нь зүйтэй ч өөрсдөө бүтээж чадахгүйгээс хойш дэлхийгээр нэг тарсан зүйлийг дамжуулсан хэргээр “ял” авсан админ /эрхлэгчид/ нарын хэдэн жилийн хөдөлмөр хог дээр үсэрхэд хүрсэн байна. Хүний юмыг зөвшөөрөлгүйгээр авах нь бидний хүмүүжилд байх ёсгүйг ухаарах цаг хаяанд ирсэн бололтой.

Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж юутай үнэн болоод хатуу үг вэ?

Үүнээс хойш телевиз, фм радио, вэб сайт зэрэг мэдээллийн хэрэгслээр зөвхөн зохиогч, оюуны эрхтэй хэдхэн хүний дуу дүрс, нийтлэлээр бидний сонорыг мялааж, яралзтал мишээх нь дамжиггүй ээ! Тэр үед бид цахим эрх чөлөө чухам ямар “муухай” зүйл болохыг ухаарах бөлгөө.

Чих, нүд, сэтгэл, оюунаа “үнэгүй” баясгах тэр цаг үед цэг тавьж, интернэтийн эрх чөлөө минь баяртай гэж хамтдаа хэлье даа!

Тогтоолоо хүлээж буй YaYa блог

Эх сурвалж: http://yaya.miniih.com/index.php/home/post/85


URL:

Сэтгэгдэл бичих