“Хангай” зочид буудлыг 200 мянгахан төгрөгөөр торгожээ
Баянгол дүүрэг, III, IV хорооллын эцэст байрлах “Хангай” зочид буудлын өрөөнд хэрэглээний газ үнэрлэж, улмаар тэр нь дэлбэрч зургаан залуу хүнд, хөнгөн түлэгдсэн.
Уг хэрэг явдал гарсан тус буудалд үүгээр ч тогтохгүй хэрэг зөрчил олон гарч байсан юм.
Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард хоёроос гурван хоногтой нярай хүүхдээ хөнөөж, орны доор нуусан хэрэг гарч гарсан. Мөн өсвөр насны хүү тус буудалд хоноглож байгаад амиа хорлосон зэрэг олон хэрэг гарч байсан.
Ийнхүү бусармаг хэргүүд жил алгасахгүй гараад байхад “Хангай” зочид буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжилсээр байгаа юм. Хэрэг гарсны дараахан цагдаагийн байгууллагынхан шалгаж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон. Үүний дараахан Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн харьяа газартаа байрлах зочид буудлуудад шалгалт хийжээ.
Энэхүү шалгалтаар “Хангай” зочид буудал ямар зөрчил илэрсэн талаар тус хэлтсийн улсын байцаагч Ж.Быхараас тодруулахад “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг 23 зочид буудалд хэсэгчилсэн шалгалт хийсэн. Шалгалтын явцад нийтлэг зөрчлүүд байсан ч зөрчлөө арилгасан зүйл бас анзаарагдсан. “Их Алтай трейд” компанийн “Хангай”, “Алтай”, “Олимп” гэх гурван буудал зөрчилтэй байсан. Тухайлбал, “Олимп” зочид буудал нь тамхи зарах зөвшөөрөлгүй байж тамхи зарж байсан. “Алтай” зочид буудлыг стандартын шаардлага хангаагүй гэж үзээд 60 мянган төгрөгөөр, “Хангай” зочид буудал нь өмнө өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байсан учраас 200 мянган төгрөгөөр тус тус торгосон. Удахгүй дахин шалгалт хийнэ. Энэ үед зөрчлөө арилгаагүй байвал шууд хаана” хэмээн ярилаа.
Ж.Баттуул
URL: