Компанийнхаа засаглалыг үнэлээрэй

Сайн засаглал хөрөнгө оруулагчдын итгэлийг татах гол хүч болдог. Санхүүгийн эх үүсвэрийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр компаниуд үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай явуулах шаардлага тулгарч буй.  Сүүлийн жилүүдэд манай компаниудад хөрөнгө оруулах гадаад хөрөнгө оруулагчдындын тоо өссөн ч засаглал муутайгаас бүдрэх тохиолдол цөөнгүй байдгийг мэргэжилтнүүд сануулдаг.

Тэгвэл компаниудын засаглалын түвшинг тодорхойлох компанийн засаглалын үнэлгээний аргачлалыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын “Бизнесийг дэмжих санаачилга” төсөл, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран боловсруулсанаа танилцууллаа.

Тус үнэлгээний аргачлалыг ашигласнаар компаниуд сайн засаглалын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүний сул болон давуу талыг тодорхойлж, засаглалын түвшинг тогтоох боломжтой юм.  Компанийн засаглалын хөгжлийн төв болон бусад холбогдох байгууллага хамтарч үнэлгээ хийхийн зэрэгцээ сургалт явуулж зөвлөгч нарыгбэлтгэх юм байна. Ингэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, шударга хандаж буй байдал, оролцогч талуудын эрх ашиг, ил тод байдал,  тайлан, ТУЗ-ийн үүрэг хариуцлага гэсэн таван багц асуудлын дагуу 100 асуултад хариулт авах юм байна.  Үнэлгээний онооноос хамаарч компаниуд үйл ажиллагаандаа ямар шинэчлэл хийвэл зохистойг харж болох ажээ.

“Бизнесийг дэмжих санаачилга” төслийн зөвлөх Демир Иенер “Монголын компаниуд ил тод байдал, тайлагналын системээ оновчтой болгож, ТУЗ-ийнхөө үүрэг хариуцлагыг  нэмэгдүүлэх шаардлагатай байна.” гэв. Тэрбээр “Санхүүгийн тайлангаа ил тод байлгаж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх асуудлыг ор тас орхигдуудаг” хэмээн шүүмжилсэн юм. Тухайлбал, Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй компани байдгаас 14 нь л ногдол ашигаа тараасан байх жишээтэй. Мөн ашиг орлогын хэмжээ, тайлангаа  нуун дарагдуулж, татвараас зугтах арга сүвэгчилдэг болохыг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр дурдав.  Сайн засаглалын үнэ цэнийг мэдэрсэн компаниуд аль хэдийн үйл ажиллагаандаа шинэчлэл хийн ашиг орлогоо өсгөж, хөрөнгөө аривжуулаад эхэлснийг ч тэрбээр онцолсон. Тиймээс компаниудын хөрөнгө оруулагч болон удирдах түвшний албан тушаалтнууд компанийн сайн засаглалын талаарх үндсэн мэдлэгтэй болох шаардлагатай аж. Үүний дараа компанийнхаа засаглалын түвшинг үнэлүүлж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, ирээдүйгээ харсан бодлого явуулах нь чухал гэдгийг  Бизнесийг дэмжих санаачилга төслийн зөвлөх Демир Иенер санууллаа.
Б.Ууганбаяр

mongolianeconomy


URL:

Сэтгэгдэл бичих