Дугаарын бизнес дундраагүйгээр барахгүй илүү нарийн, илүү цадиггүй болон хөгжиж байна
Авто машины дугаар бол угтаа зүгээр л тухайн машиныг улсад бүртгэж авч байгаа хэдхэн тоо. Гэтэл тэнэг гэхэд тэнэг нь дэндсэн зарим хүмүүс аз, од хийморь, эд мөнгөний бэлэгшээлтэй холбон туйлшруулж утгыг нь алдагдуулсан. Мөнгөтэй хүмүүс нь өндөр үнэтэй, тансаг машиндаа 8888,6666,7777 дугаар зүүснээрээ өөрийгөө зиндаа дээгүүр, бэл бэнчинтэй гэдгээ харуулж байна хэмээн эндүүрцгээж, жирийн иргэдийн дунд ч авто машиныхаа дугаарыг өөрийнхөө төрсөн он, cap, өдөр, гар утасныхаа дугаартай ижилсүүлж, азын гэгдэх ижил тоотой дугаар зүүж гангарах гэсэн сонирхол давамгайлах болсон билээ.
Энэ эрэлт хэрэгцээ албан тушаалын давуу байдлаа ашиглаж хувьдаа их мөнгө унагах сонирхолтой эрхмүүдийн шуналын галыг ноцоож өгсөн гэхэд болно. Тиймээс ч албан тушаалын давуу байдлаа ашиглаж 0001-0009 хүртэлх, 1111-9999 хүртэлх гэх мэт ховор дугаарыг иргэдэд зарсан, танил талдаа өгсөн, хээл хахууль авсан гэх мэт элдвийн асуудал гарах болсон. Бүр сүүлдээ ийм дугаарынх нь нөөц дуусангуут дугаарыг давхардуулан олгож, үүнээс улбаалан эдүгээ Монгол Улс хэдэн авто машинтайгаа тоолон гаргаж чадахгүй болтлоо будилж, зам тээврийн эзэнгүй гэмт хэргийг илрүүлэхэд ч хүндрэл учирдаг болчихоод байгаа. Энэ мэт сөрөг асуудлыг таслан зогсоохын тулд мэргэжлийн байгууллагууд шат дараатай арга хэмжээ авах болсон нь үнэн. Жил орчмын өмнөөс мөнгөтэй, мөнгөгүй хэн ч байсан авто машиндаа улсын дугаар авахаар очиход тухайн цаг мөчид автомат систем буюу компьютерийн оноолтоор гарч ирсэн дугаарыг олгодог болж, ингэснээр энэ төрлийн бизнес таслан зогсоогдоно гэж байсан ч дугаарын бизнес байсаар байгаа төдийгүй улам нарийн, улам далд хэлбэрт шилжин хөгжиж байна.
“Тухайн агшин, цаг мөчид ямар дугаар компьютерт гарч ирнэ, тэр дугаарыг хүссэн хүсээгүй та авах ёстой” гэсэн журам үйлчилж байгаа хэмээн холбогдох байгууллагууд рекламдаж байгаа ч бодит байдал дээр үүн шиг худлаа юм алга. Саяхныг болтол буюу Авто тээврийн газар татан буугдаж, шинэ бүтцээр бүртгэлийн ажил Зам тээврийн яамны харьяанд очиж, Хяналт, бүртгэлийн газрын даргаар Б.Жаргал гэгч эрхмийг томилогдохоос өмнө, өөрөөр хэлбэл түүний өмнөх удирдлагын үед “Ийм дугаар авах гэсэн юм, аргалж өгөөч” гэх хүмүүсийн цуваа Авто тээврийн газрын зүг хөврөөстэй хэвээр байж, аманд орж ирэх бэлэн хоолыг алдаж сураагүй албаныхан ч хүссэн дугаарыг нь өгдөг байсан гэдгийг эх сурвалжуудаас мэдлээ.
Эх сурвалжуудын аюулгүй байдлыг хангах үүднээс өөрсдийнх нь хүсэлтээр нэрсийг нь нууцлав.
-Яг өнөөдрийн байдлаар авто машины бүртгэл ямархуу хэмжээнд байна вэ. Гайгүй цэгцтэй байна уу, замбараагаа алдсан уу?
-Ерөнхийдөө замарсан. Бүртгэлийг хариуцаж байсан үе үеийн бүх дарга нарын нэг нь ч цэвэр ажиллаж чадаагүй. Шинэ сери, дугаар яаж задлах, яаж наймаалцах вэ асуудалд бүгд хутгалдсан. Бас дээр нь зарим дарга нар тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он, бусад бүртгэлийг хуурамчаар зассанаас болж өнөөдөр 62 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн тооцоо, судалгаа гарч байгаа. Өөрөөр хэлбэл, ийм тооны тээврийн хэрэгслийн үндсэн бичиг баримт, материал нь олдохгүй байна. Уг нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн архивыг 70 жил хадгалах ёстой байдаг. Гэтэл 2000 оноос өмнөхийг зориуд устгасан. Одоо үүнээс болж Монгол Улс яг хэчнээн тооны тээврийн хэрэгсэлтэй вэ гэдэг тооцоо, судалгаа үнэн зөв гарахгүй байгаа.
-Үе үеийн дарга нар гэж хэлж байгаагаа яг тэр даргын үед тийм юм болсон гээд нэрээр нь хэлэх боломжтой юу?
-Бүртгэл Авто тээврийн газарт ирэхээс өмнө буюу Замын цагдаагийн газарт байх үед Бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Б.Жаргал /Энэ хүн одоо Зам тээврийн яамны харьяа Хяналт, бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байгаа/ тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн оныг засдаг байсан. Энэ асуудлаасаа болж өөрөө ажлаасаа халагдаж, хамт хийсэн хүмүүс нь ял авсан шүү дээ. Харин өөрөө хүмүүсээр яриулаад үлдэж чадсан. Тэгсэн хэрнээ сая шинэ бүтцээр эргээд бүртгэл хариуцсан даргаар хүрээд ирж байгаа юм.
-Он засах тийм ноцтой хэрэг үү?
-Ноцтой байлгүй яах вэ, нэг оноор бууруулж засахад тухайн машины зах зээлд зарагдах үнэ өөрчлөгдөхөөс эхлээд асуудал зөндөө бий. Өөрөөр хэлбэл, залуу машин байх тусмаа өндөр үнээр зарагдаж, харин тэр машиныг худалдаж авсан иргэн хохирно гэсэн үг.
-Бусад дарга нарын тухайд?
-Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан Б.Цэнгэл, П.Дэлгэрнаран болон орлогч дарга байсан Н.Пунцаг нарын үед авто машины улсын дугаарын бизнесийг таслан зогсоож, бүртгэлийг боловсронгуй болгохын тулд арга хэмжээ авсан. Нэг гол ажил нь авто машины улсын дугаарыг компьютерт оруулж, компьютераас гарч ирсэн дугаарыг олгодог байхаар журамласан. Гэтэл энэ дарга нар иргэдэд сурталчилсан шигээ ажиллаагүй. Өөрөөр хэлбэл, программыг өөрчилж, танил талдаа хүссэн дугаарыг нь өгсөөр байсан. Тэгш тоотой ч гэх юмуу мөнгөтэй хүмүүсийн авахыг хүсээд байдаг дугаарууд бүгд жирийн иргэдэд бус баян тарган эрхмүүд, дарга нарт очсон. Үүнийг нотлох маш амархан. Замын цагдаагийн газрын юм уу, Авто тээврийн газрын өөрийнх нь бүртгэлээс УНЯ, УНП, УНҮ, УБҮ гэсэн серийн 0001-0009, 1111-9999 гэсэн тоотой дугааруудыг ямар компани, хэн гэдэг хүний нэр дээр, ямар машинд авсан байна вэ гээд харчихад л болно. 0001-0009 -т есөн дугаар, 1111-9999 арван дугаар л байгаа. Ерөнхийдөө авто машины бүртгэлийн ажил Замын цагдаагийн газраас Авто тээврийн газарт, одоо харин Зам тээврийн яаманд шилжиж ирснээр маш их будлиан үүссэн. Дээрх газруудад тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцаж байсан албан тушаалтнууд дураараа дургиж байснаас болоод одоо сери, дугаар нь давхацсан машинууд их болсон. Нэг дугаар хоёр, гурван машинд явж байна гэсэн үг. Доод тушаалын албаных нь хүмүүс чадах чинээгээрээ давхардлыг арилгаж, тээврийн хэрэгсэл нэг бүрийг бүртгэлд хамруулж, бичиг баримтын зөрчил арилгуулахаар ажилладаг ч удирдаж байгаа дарга нар нь энэ ажлыг зөвхөн хувьдаа мөнгө унагах хэрэгсэл болгон ашиглаж байна. Авто тээврийн газрын сүүлийн хоёр дарга, хэлтсийн дарга нар авто машины улсын дугаар тараахаас өөр ажил хийгээгүй.
-Компьютераас гарч ирж байгаа дугаарыг олгож байгаа, элдэв “но” байхгүй гээд байгаа шүү дээ. Ямар арга хэрэглээд байгааг дэлгэж болох уу?
-Чи эрх мэдэл бүхий нэг даргын таньдаг хүн байлаа гэж бодъё. Машиндаа 0001 гэсэн дугаар авах сонирхолтой байв ч ном журмаараа бол чамд ямар ч дугаар таарч болно. Тиймээс чи хүссэн дугаараа авахын тулд эрх мэдэл бүхий дарга дээр орох хэрэг гарнаа даа. Хүссэн дугаарыг чинь өгөхийн тулд эхний ээлжинд чамд компьютераас гарч ирсэн ямар ч хамаагүй дугаарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр чинь бичээд өгчихнө. Чамд 1568 гэсэн дугаар таарч, чи тэр дугаараа авсан байна гэж бодъё. Чи хэд хоногийн дараа ч юмуу, эсвэл тэр өдөртөө ч юмуу уг дугаараа хүссэн дугаараараа солиулчихна. Яаж вэ гэвэл, чамайг таньдаг тэр даргад программ дээр өөрчлөлт хийх эрх нь байдаг. Тэр дарга нууц кодоороо программ руу нэвтэрч ороод чиний авсан хуучин дугаарыг арилгаад авах гэж хүсээд байгаа дурын дугаарыг чинь сольж оруулаад л гүйцээ. Тэгээд итгэлийг нь олчихсон хүндээ буюу нэг цэрэгтээ “Энэ дугаарыг гэрчилгээн дээр нь бичээд өгчих” гээд л зохицуулагдчихна.
-Хэрвээ би 0001 дугаар авъя гэж хүсвэл тэр дугаар аль хэдийнэ гараад явчихсан байхгүй юу?
-Тэр даргыг таньдаг өөр хүн чиний хүссэн дугаарыг аваад явчихсан байх тохиолдол гарна л даа. Чамайг орохоор чинь “Ийм ийм дугаар байна, алийг нь авах юм” гээд харуулна. Чи тэр дундаас 0036 гэдэг дугаар авъя гэхэд тэр дугаарыг программд оруулж, өмнөх дугаарын чинь оронд шивээд л болоо. Программд нэвтрэх тусгай эрхээ дарга нар ингэж л ашигладаг байсан.
-Нэг шинэ сери задарлаа гэхэд тэр серийн бүх дугаарыг программд оруулдаггүй байсан гэсэн үг үү?
-Оруулах нь оруулна. Гэхдээ унаж ирэхгүйгээр, сольж оруулахаар программчилчихсан байсан. Нэг шинэ сериэс 1900 дугаар задарлаа гэхэд 1000 дугаар нь унаж ирээд бусад нь солигдож орохоор программд оруулчихна гэсэн үг.
-Энэ программыг ямар компани хийсэн юм бэ. Анх ашиглаж эхлэхдээ ийм тийм асуудал гарахгүй, найдвартай гээд л иргэдэд сурталчилж байсан санагдах юм?
-Худлаа шүү дээ. Дарга нар юу гэж тэгж бэлэн хоолноосоо салах юм хийх вэ. Ямар дугаарыг унаж ирэхээр, ямар дугаарыг сольж оруулахаар программд хийх нь Дарга, программист хоёрын эрх мэдлийн асуудал байсан. Хүмүүсийн сонирхоод байдаг дугаар шинэ сери задарсан тэр өдөртөө гараад дуусдаг байсан. Эрх мэдэлтэй хүмүүс, ченжүүд авчихдаг байсан.
-Компьютераар олгодог болсноос хойш ямар ямар сери задарсан бэ?
-УНХ, УНЯ, УНП, УНЧ гэсэн сериүд задарсан. 40000 дугаар гэсэн үг. Өдөрт 300 орчим машин шинээр дугаар авдаг. Тэгэхээр цаана нь олгогдоогүй дугаар маш их үлдсэн гэсэн үг. Өмнөх дугаар нь дуусаагүй байхад арынх нь шинэ серийг задлаад байх ямар шаардлага дарга нарт байв гээд сонирхоод үзэхэд аяндаа асуудал тодорхой болно. Гэхдээ саяхнаас маш их дугаар нөөцөнд байхад дахиад шинэ сери задлахгүй гэсэн шийдвэр гарсан байна лээ. Тиймээс одоогийн шинэ дарга Б.Жаргал танил талдаа өгье гэсэн ч гоё дугаар байхгүй болсон. Бүх аятайхан дугаар нь гарчихсан.
-Программыг ямар компани, хэн гэдэг хүн хийсэн тухайд?
-Компьютераар дугаар олгодог энэ программыг одоо Хяналт, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Б.Жаргалын эхнэрийн нэр дээр байдаг CCL ХХК хийсэн. Б.Жаргал сэргэлэнтэж, CCL компанийн нэр дээр программ хийх тендерийг авсан. Гэхдээ одоо энэ компаниа Замын цагдаагийн газар программистаар ажиллаж байхдаа программ хакердаж орон, жолоо барих эрхээ хасуулсан хүмүүсийн эрхийг сэргээдэг байсан нь илэрч, халагдсан Намжилдорж гэдэг залууд таван сая төгрөгөөр зарсан. Б.Жаргал энэ программыг Намжилдоржоор хийлгэчихээд Авто тээврийн газарт 53 сая төгрөгөөр зарсан. Тэгсэн хэрнээ одоо “Энэ программ шаардлага хангахгүй байна. Дахиад өөр программ хийнэ” гээд санаачлаад 50 сая төгрөг тавиулчихаад явж байгаа. Өмнөх программын мөнгийг авч идсэн хэрнээ дахиад 50 гаруй сая төгрөгөөр программ хийлгэнэ гээд явж байгаагийн цаана бас ашиг сонирхлын зөрчил бий. Бас л энэ Намжилдоржоороо шинэ программ хийлгэх гэж байгааг мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа.
-Ямар ашиг сонирхол байгаа юм бэ?
-Өмнөх программ хяналттай болсон. Хэн дугаар сольж байна, юу хийж байна гэдгийг нь хянаж чаддаг болчихсон. Тэгэхээр солих гэж байгаа юм. Тэрнээс гадна Б.Жаргал одоо огт гэмгүй ажиллаж байна уу гэвэл тийм биш. Дугаараар гангарч, бүх машиндаа адилхан 8 гэсэн төгсгөлтэй тоотой дугаар авчихсан байсан хүмүүсийн машин одоо бүгд нэг өдөр хөдөлгөөнд орохгүй болсон. Одоо тэр хүмүүс бүх машинаа өөр өөр өдөр хөдөлгөөнд оролцуулдаг болох гэж бөөн юм болж байгаа. Дугаараа солиулах гэсэн хүмүүс Б.Жаргалын өрөөний үүдэнд хахаастай байдаг болсон. Б.Жаргал ч сольж өгч байгаа. Дээрээс нь Б.Жаргал одоо улсын дугаарын стандартыг солих гэж улайрч яваа.
-Стандарт сольсноор яана гэж?
-Шинэ бизнес гарч ирэх юм. Стандартад бүхэлд нь өөрчлөлт оруулна гээд асуудал тавьж байгаа. Ингэснээр өмнөх бүх дугаар хэрэггүй болж, дахиад 500 мянган дугаар хэвлэгдэнэ гэсэн үг. Энэ бизнесийн хойноос одоо энэ хүн явж байна. Өмнө нь хийж байсан ажлаасаа ашиг сонирхлын зөрчлөөсөө болж халагдчихаад одоо дахин орж ирж бүртгэлийн программ шинээр хийнэ, стандарт өөрчилнө гээд явж байгаагаараа бас л ашиг сонирхолтой ажлаа эхэлж байна гэсэн үг.
Дээрх ярилцлагыг ганц хүнээс бус олон эх сурвалжаас авсныг тэмдэглэх нь зүйтэй биз ээ. Эх сурвалжуудын өгч байгаа дээрх мэдээллээр бол авто машины улсын дугаар гэгч хувьдаа ашиг олох зорилготой хэдхэн хүний бизнес болж хувирчээ. Одоо маш том шалгалт оруулж, энэ бохир заваан асуудалд цэг тавьж, таслан зогсоох шаардлагатай байна.
Зам тээврийн сайд аа, Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө. Ийм замаар төрийн ажил урагшлах ёсгүй гэсэн та бүгдийн уриа тунхаг бодит амьдралд хэрэгжиж, авто машины улсын дугаар олголтыг дур зоргоороо хийж байгаа дарга нарын энэ цадиггүй, хяналтгүй үйлдэлд цэг тавьж чадна гэж найдаж байна.
Ц.Эрдэнэцэцэг
ӨДРИЙН ШУУДАН
URL: