ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ

Ам нэг байхад чих хоёр байдаг юм, ҮГЭЭ МЭД
Амьдрал ганц байхад сонголт олон байдаг юм,  ЗАМАА МЭД
Хань ганц байхад хайр олон байдаг юм,  СЭТГЭЛЭЭ МЭД
Амжилт таныг тосч байхад алдаа таныг отож байдаг юм,  ӨӨРИЙГӨӨ МЭД

      \фейсбуук дээрээс сонгосон үг\

…”Вашингтон ДС орчмын оюутан залуусын клуб” ээс санаачлан 9 сард зохион байгуулсан ” Ideal  Future Talks”  ярилцлага дээр С.Энхтуул гэдэг бүсгүй  “Хайр ба амжилт” нэртэй илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлийнхээ эхэн дээр  сонсогчдоос:
 - эцэг эх  – гэр бүл – үр хүүхэд  – найз нөхөд  – ажил төрөл  – өөрөө
гэсэн зургаан чухал зүйлээс “хамгийн ихээр хайрлах ёстой” гэсэн зүйлээ дарааллаар нь дугаарлана уу? гэж хүссэн юм.  Хүмүүс янз бүрээр дугаарласан байсан ч нилээд хэдэн хүн  -өөрөө-  гэдгийг  хамгийн чухал зүйл гэж үзэн тэргүүнд нь дугаарласан байлаа.
…Би бага байхдаа зуны амралтаар  хөдөө хөгшин аавындаа очиж мал, сүү саалийн ажилд нь тусалдаг байлаа. Зуны өглөө их эрт боссоноос болсон уу, нойр минь хүрч   хонь хөгнөх ажлаас нь зугатаад илүү гэрт нуугдаж орон, барааны цаад талд унтаж орхисон сон. Нэг мэдсэн хөгшин ээжийн дуу хадаж “яасан аминдаа аргатай хүүхэд вэ? мал идээний ажил дундаар амиа бодоод энд унтаж байдаг” гэж загнаж байна. Ичсэндээ хурдан босоод гэртээ ч оролгүй,  билчэж байгаа хонь руу гүйж билээ,  Бага насны олон дурсамжин дундаас энэ дурсамж огт мартагддагүй юм. Тэр цагаас хойш “амиа аргалахгүй” -г хичээж  хэрдээ “гүрийж” байсаар жаахан ажлын дөртэй болж байсан юм даг.

…Харин социализмын үед  улс нийгмийн өмч хөрөнгө, эрх ашиг хамгаас дээгүүр тавигддаг байснаас  хүмүүс өөрийн амиа бодохоо байж гаргуунд нь хаяж байсан тохиолдол зөндөө. Хүчтэй шуурганд уруудсан нийгмийн баялаг болох мал сүргийг авран хамгаалж зүтгэсээр  алтан амиа алдсан хүмүүсийг алдаршуулан магтаж хөшөө дурсгал босгож байв. Аймшигтай гал түймрээс САА-н будаа тариаг хамгаалах гэж тэмцсээр амь насаа алдсан баатарлаг залуусын тухай “Халуун сэтгэл” нэртэй кино бүтээж тэднийг хүндэтгэн дурссан байсан. Энэ хүмүүсийн итгэл үнэмшил, нийгмийн төлөө, бусдын төлөө гэх халуун сэтгэл гайхамшигтай байлаа. Үүний эсрэгээр зөвхөн өөрийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө бусдын эрх ашгийг хохироож, бусдад адил тэгш ноогдох учиртай баялгийг хууль бус аргаар хулгайлан завшигчид ч зөндөө бий болсон. Тэднийг нийтээрээ жигшиж “бэртэгчид” гэж нэрлэж байв.
Саяхан бид ярилцаж суутал хэн нэг нь  “хувиа бодох, өөрийгөө хайрлах гэсэн ойлголтууд ямар ялгаатай юм бэ? гэж асуулаа.  Олон хүмүүс ингэж эргэлздэг.  Би ч бас энэ тухай бодож байлаа.

Чи яагаад өөрийгөө хайрлаж болохгүй гэж?

Дээрх зургаан асуултаас “өөрийгөө хайрлах нь хамгийн чухал” гэж тооцсон хүмүүс тайлбарлахдаа:
-Хэрвээ би өөрөө бие муутай байх юм бол, аав ээжийгээ хэрхэн асрах билээ?
Нээрээ бодох ахул, хүн ямагт өөрийн эрүүл мэндээ хайрлаж, өөртөө санаа тавьж явах хэрэгтэй мэт. Олон ч хүмүүс “чи өөрөө эрүүл байвал санаж бодож байгаа олон зүйлээ биелүүлж чадна” гэж чин сэтгэлээсээ зөвлөдөг. Өөрийн мөрөөдөл болон өмнөө тавьсан олон зорилгодоо хүрэхийн тулд  эрүүл саруул байх нь хамгийн чухал ажээ. Эрүүл байхын тулд өөртөө санаа тавьж болох олон боломжууд өнөө цагт бий болжээ.
-Хэрвээ  би  мэдлэг муутай бол дүүдээ юу гэж сургаж, хичээлд нь  хэрхэн тусалж дөнгөх билээ?

Нээрээ бодох ахул, чи мэдлэг муутай бол дүүдээ болон найз нөхөддөө  хэрэгтэй асуудлаар нь хэлж зөвлөж хэрхэн чадах билээ. Хүмүүс сургуулиас гадна өөрт хэрэгтэй олон мэдээллүүдийг ном болон хэвлэл мэдээллээс олж авдаг. Байнга уншиж байх нь өөрийн оюун санааны шим тэжээлээс гадна, өөртөө болон бусдад хэрэг болох олон хэрэгтэй зүйлийг өөртөө шингээхэд тусалдаг.  Номноос ухаарал авах хэрээрээ түүнийгээ бусадтай хуваалцахдаа баяртай байна. Энэ хэрээр чиний оюун санаа задарч, тэлж хөгжиж байдаг аж.

-Хэрвээ би ажил хийж сураагүй бол яаж өөрийгөө болон гэр бүлээ тэжээж чадах билээ?
Нээрээ бодох ахул, ажил хөдөлмөр эрхэлнэ гэдэг өөрийгөө бусдаас хараат бус байдлаар амьдрах боломж нь аж.  “Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” гэдэгчлэн  хийж сурсан бүхэн хүний өөрийнх нь баялаг болон шингэж байдаг аж. Ажил хөдөлмөр гэдэг мөнгө олж амьдралаа дээшлүүлэх боломжоос гадна сайхан хамт олон, найзуудтай болох, өдрийн маш олон цагийг өөрийн сэтгэлийн  баяр бахадлаар өнгөрөөхөд тусалдаг. Өглөө ажилдаа явж үдэш ажлаасаа гэртээ ирэхдээ л хүн хийж бүтээсэн бүхэндээ өөртөө баярладаг. Энэ бол сэтгэлийн ханамж юм.

-Хэрвээ би ааш муутай байх юм бол бусадтай яаж ойлголцох билээ?

Нээрээ бодох ахул, хүмүүстэй зөв сайнаар харилцаж сурна гэдэг өөрийгөө бусдаар хүндлүүлэх, өрөөл бусдыг хүндэлж, хамтдаа  хөгжихөд тусалдаг аж. Чин сэтгэлийн нөхөрлөл хүнийг олон сайн зүйлд сургадаг. Заримдаа муудалцавч сэтгэлдээ учирлан уучлахад, заримдаа онгирон хэм алдавч сэтгэлдээ гэмшин уучлал гуйхад сургадаг. Заавал бусдад таалагдахын тулд биш ч өөртөө таалагдахын тулд, өөрийн үнэ цэнэ болон хүндлэлээ авч үлдэхийн тулд хүн ямагт суралцаж байдаг. Өөрийгөө бусдад зөв сайнаар ойлгуулж, өөрөө бусдыг зөв сайнаар ойлгож сурахын төлөө хүмүүс  өөрийн ухаанаа дайчилдаг аж.
-Хэрвээ би арчаагүй байх юм бол хэн намайг тоох билээ?

Нээрээ бодох ахул, “чи өөртөө арчаагүй бол хэн ч чамайг тоож хүндлэхгүй” аж.  Арчаа гэдэг  нь, хувь хүнээс ямагт өөрийнхөө төлөө анхаарал тавьж, санаа зовж байхад сургадаг.  Зөв сайн хооллохоос эхлээд , хувцсаа өөртөө тохируулж өмсөх,  гадаад үзэмжээрээ бусдад таатай харагдах, бас дотоод сэтгэлээрээ гэрэлтэж байхын тулд эелдэг сайхан санагдаж байх үйлдэл бүхэн үүнд хамаатай аж. Заримдаа хүмүүс “за даа намайг хэн тоох билээ?” гэж бодон өөрийгөө гаргуунд нь хаях тусам бусдад улам ч арчаагүй, өрөвдөлтэйгээр харагддаг. Тийм үед хүмүүс таныг өрөвдөхөөс бус хайрладаггүй.
-Хэрвээ би… Хэрвээ би… Хэрвээ би… Олон асуултуудын хариу энд байдаг.

Ингээд бодох ахул өөрийгөө хайрлах гэдэг нь, хариулт нэхсэн олон асуудлын хариу аж. Хайр гэдэг олон янз. Өөрийгөө хайрлана гэдэг нь дулаан хөнжлөөр биеэ хучиж, дуртай амттанаа зооглож.  хүссэнээ мөрөөдөж, санаснаа бүтээж, сарвайснаа авч, аз жаргалыг өөрөө ирэхийг хүлээж суух үйл биш ажээ.  Харин ямагт өөрийнхөө төлөө санаа тавьж өөрөө хөгжиж байхын утга аж. Эхэндээ чамд амаргүй байх боловч өөрөө хичээсэн бүхэн тань  үр өгөөжөө хайрладаг.  Өөрийгөө огт гололгүй өдөр болгон хичээх тусам чи бусдад тоогдож, тэдний хүндлэл хайрыг хүлээж эхэлдэг.  Өөрийгөө хайрлана гэдэг өрөөл бусдад зөвхөн сайхан харагдахын нэр биш, өдөр өдрийн нар шиг гадаад үзэмжээрээ ч, дотоод сэтгэлээрээ ч бусдын сэтгэлд гэрэлтэж байхын нэр аж. Тэгж гэмээ нь чи бусдад үлгэрлэж, бас бусдад тусалж, бусдад үгүйлэгдэж чадах болно.

Чи ямар хүн байхыг хүснэ, яг тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

Хэрэв чи зөвхөн сайхан харагдахын тулд толины өмнө гоёж суугаад байх ахул, өөртөө л сайхан харагддаг. Харин гоё сайхан харагдах үзэмжээрээ гудамжаар алхлах ахул, бүх хүмүүс чамайг эргэн хардаг. Үүн лугаа өөрийн сайхан чанараа сэтгэлдээ л хадгалаад  “өнөө би л болж байвал, өрөөл бусдын яах нь надад ямар хамаа байнаа” гэж бодвол чи өөрөө өөртөө л сайн хүн, бас хувиа хичээгч. Харин өөрийн сэтгэлд дэх гэрэл гэгээ, баяр бахадлаа, бас амьдралын туршлагаа бусадтай хуваалцаж харилцан суралцаж  эхэлбэл  бүх хүмүүс чамд талархаж, хайрлан хүндэлдэг.
Өнөө цагт хүмүүс хамтрагчид болон нөхөрлөлийг огт өөрөөр сонгож, бас огт өөрөөр хандах болжээ.  Найз нөхөд гэдэг уулзаж учраад хов жив ярьж суудаг, ууж идэж наргиад хамтдаа “тасарч унан” хөгжилддөг  хүмүүс биш аж.  Ийм үед цагийг хөгжилтэй өнгөрөөх боловч сэтгэлд л нэг л дутмаг. Уулзаж учирлаж суухад яриа нэг л нийлэхгүй бол хөгжил баясал хаа нэгтээ үргэн одох шувууд шиг алга болно. Сонирхол, үзэл бодол нэг л нийлэхгүй бол дов сондуул дундуур  донслон явах трактор шиг дэгэн догон. Энэ бүхний ард тал зассан хуурмаг инээмсэглэл, ая зассан худал төрх, үг дагасан  толгой дохилт, мөнгө дагасан зусардалт л дагалдаж байдаг.

Харин өнөө цагт хүмүүс адил сонирхол, нэгэн үзэл бодол, төстэй боловсрол хүмүүжлээрээ нөхөрлөх болжээ. Миний мэдэхийн, амралтын өдрүүдээрээ гэр бүлээрээ цуглан хоол ундаа зэхэж хамтдаа олон сайхан яруу найраг өгүүлэг уншин сэтгэлийн цэнгэл эдэлдэг, амралтын өдрүүдээрээ нэгэн бүл болж элдэв арга хэмжээ зохион байгуулан бусдад мэдлэг нэмэрлэдэг залуус, баяр ёслолын үеэр гэр бүлээрээ хамтдаа ууланд очин цанаар гулгаж, зундаа жимс түүн хөгжилдөж өнгөрөөдөг  хүмүүс зөндөө бий болжээ.  Бас фейсбуук дээр олон сонирхол нэгтэй бүлгүүд үүсч, нэгэн сэтгэлээр найзалж нөхөрлөн,  бусдад тустай олон үйлийг үйлдэх болжээ. Хэн боловч найзалж нөхөрлөх хүнээ өөртэйгээ адил түвшиний мэдлэг боловсрол, адил түвшиний сонирхол, адил түвшиний үзэл бодлоор сонгодог болж. Яагаад гэвэл ийм хүмүүс хамтдаа байхдаа яриа нийлж, үйлдэл хамсч, илүү сайнаар ойлголцдог аж. Энэ бүхэн нь тэдэнд сэтгэлийн цэнгэлийг авчирна. Бас дандаа ийм байхыг хүсдэгээс уулзаж учрах өдрөө сэтгэл чилэн хүлээнэ. Бас бие биенээ санаж үгүйлнэ. Уулзаж учрахдаа чин сэтгэлээсээ  баярлан бахадна.

Заримдаа хүмүүс өөрт дутагдаж байгаа чанараар нь найз нөхдөө сонгох нь бий. Учир нь тэднээс суралцаж өөрийгөө хөгжүүлж байхдаа баярладаг. Өөрөө ухаантай байхыг хүсдэг бол ухаантай хүмүүстэй уулзаж учрахыг хүснэ.  Өөрөө өөдрөг сайхан мөрөөдөлтэй бол яг л тийм мөрөөдөлтэй хүмүүстэй найзлахыг хүснэ. Адил сонирхолтой хүмүүстэй уулзаж учрахдаа баярладаг. Чи ямар хүн байхыг хүснэ, яг тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхдээ өөрөө хөгжиж, өрөөл бусадтай сэтгэлээ хуваалцаж, хэрэгтэй үед нь бие биедээ туслахдаа чин сэтгэлээсээ баярлан бахадна. Энэ бол сэтгэлийн цэнгэл. Тийм болоод л бид бие биенээ эрж хайн бидэрдэг. Олох ахул жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Амьдралын нэгэн утга  энэ буюу.

Чи “од” биш, зүгээр л энгийн хүн гэдгээ ямагт мэдэрч бай

“Хүн өөрийгөө бүхнээс дээгүүр гэж бодож байгаа бол үнэн хэрэгтээ хамгийн дор нь байгаа гэсэн үг”. Өнөөгийн залуус “од” болохыг л хүсдэг болж. “Тасарчихсан” гэдэг улигт хэллэг нь хүмүүн бус гэдэг утгыг илэрхийлдэг. Яг үнэндээ тэр мөчид тэд өчүүхэн шалбаагт живж буйгаа анзаардаггүй. Бусдын өмнө доог болж байгаагаа анзаардаггүй. Өөрийгөө “мүндаг” гэж бусдад ойлгуулахын тулд өрөөл бусдыг “доош хийн” матаж байдаг олон залуус бий. “Би түүнээс мундаг” гэдгээ үйлдлээр бус, үг хэлээр “нотолж” байдаг залуус хөөрхий. Үнэн хэрэгтээ бусдад тоогдох гэсэн ядмагхан арга юм уу даа.
“Эрдэмт хүн даруухан, их мөрөн дөлгөөхөн” гэдэг хэллэг бий.  Хүн ихийг уншиж ухаарах тусам өөрийн “өчүүхэн” гэдгээ мэдэрдэг. Тэр өчүүхэн нь магад түүнийг маргаашийн өдөр аугаа болгохын эхлэл болох нь бий. “Энгийн юм хамгийн аугаа гэдэг”. Бусдаас “содон” байх гэдэг тэнэглэлээс , өөрийн мөн чанараараа бусдад “мундаг” харагдах нь хавьгүй илүү. Яагаад гэвэл тэр хүний өөртөө шингээсэн мөн чанарыг хэн ч хулгайлж, бас үгүйсгэж чаддаггүй. Өөрийгөө хайрлан хөгжүүлэхийн учир энд буй. Яг үнэндээ  анзаарах юм бол хүмүүн бид ” өчүүхэн хэрнээ  “аугаа”. Харин өчүүхэн, эс бол аугаа байхыг чи өөрөө л шийддэг. Учир нь “ширхэг будаа зүүний үзүүр дээр тогтох” лугаа аугаа тавилан биднийг хөтөлж байдаг. Харин тэр тавилангаа бид өөрсдөө л сонгодог. Чи өөрөө энэ ертөнцөд ирээд л буцдаг давтагдашгүй “бүтээл”. Өөрөө өөрийгөө хайрлан хөгжүүлж, өөрийн сайн муу үйлдлийнхээ үр дүнг өөрөө л үүрч давах үүрэг нь өөр хэнийх ч биш, гагц чинийх.

Хичнээн хүсч байсан ч эргэж бүү хар, өөрийнхөө төлөө
Хичнээн хайрлаж байсан ч сэтгэлээ бүү дэлгэ, өөрийнхөө төлөө
Үзэн ядаж гомдож байлаа ч үйлдэл бүхнээ цэгнэ, өөрийнхөө төлөө
Өөр хэний ч төлөө бус, өөрийнхөө төлөө  бүхнийг хий
\фесбуук дээрх бичлэгүүдээс  сонгов\
Жич: Миний бичлэгүүдийг уншаад намайг хараан зүхэж сэтгэгдэл бичдэг хүмүүсийн анхааралд:  Миний бие нь “муу хүн” гэдэгтэй би санал нийлдэг бөгөөд, өөрийгөө маш ихээр “хайрладаг” гэдгээ дурдахад таатай байна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com                                                                                             2012-11-08


URL:

Сэтгэгдэл бичих