Аргагүй л “бяцхан” олонхи шиг аяглаж байх шив
Шинэчлэлийн Засгийн газрын явдал суудал эхнээсээ урагштай байна. Наанадаж л, олон жил өлсгөлөн ходоодтой суусан фракциудаа албан тушаалын “бялуугаар” тэнхрүүлж амжлаа. Дээр нь сүй тавьсан эрээвэр хураавар хүчний цуглуулгаа ч гомдоосонгүй. Харин энэхүү шинэчлэлийн сүүдэрт Ерөнхийлөгчийн хэлдгээр Монголын төр муухай харагдаж эхэллээ.
Гадна, дотны мэдээллийн цахим хуудсанд ч манай улс төрийн байдлыг егөөдөж, өөлөх нь элбэгшив. Түүгээр барахгүй парламент дотроосоо ч асуудлыг мяндсан ухаанаар харах бүсгүйчүүдийн төлөөллүүд улс төрийн дампуурлыг зарлах боллоо. Харин ялалтыг хаягласан намынхны дараагийн амин чухал асуудал бол орон нутагт хөлөө бат гэгч нь тулах явдал юм.
Тийм ч учраас УИХ дахь төлөөллүүдээ тойрог руу нь “хөөж”, сонгуулийн сурталчилгааны ажилд хүчин зүтгэх үүрэг ногдуулж байна. Зүй нь өнгөрөгч зуны их сунгааг холимог тогтолцоогоор явуулсан. Үүний үр дүнд үндсэндээ аймаг болгонд дархлагдсан гишүүд өөрийн намыг төлөөлөн мажоритар тойргоос парламентад орж ирсэн. Тиймээс л хүн бүл цөөтэй, орон нутагт төлөөлөл багатай цэнхэр булангийнхан цөөхөн лидерүүдээрээ “нэрийн хуудас” болгох гарцаагүй шаардлага тулгарсан нь мэдээж.
Зарим нь ч бүр хөдөө тийш хөлгийн жолоо залсан мэдээтэй. Уржигдар гэхэд л, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат орон нутгийн сонгуулийн ардчиллын өлгий нутаг болох Хөвсгөл аймагт байдал ямархуу янзтай байгааг өөрийн биеэр очиж үзэхээр явжээ. Түүгээр зогсохгүй Засгийн газрын тэргүүн зүүн гурван аймагт ажиллахдаа сонгууль түшсэн газруудаа улаан цайм алагчилж байх шиг.
Зүй нь Хэнтийд 100 сая төгрөг бэлэглэхээр шийдсэн сурагтай. Янз нь тэрбээр иргэдтэй уулзах үеэрээ АН-ын мөрийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж ажиллах юм бол танайд 100 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийж өгнө гэсэн шиг байгаа юм. Гэхдээ л энэ бүхнийг улс төрийн өнцгөөс нь харвал яах аргаүй орон нутгийн сонгуулийн үнэгүй сурталчилгаа гэлтэй.
Ийнхүү УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 20-ноос эхлэн түр завсарлуулах нь нэгэнтээ тодорхой болчихлоо. Ёстой л “бяцхан” олонхи гэсэн шиг түрүү барьж, чуулганыг хүртэл завсарлуулан байж, долоо хоног дов толгод гороолох нь дээ. Учир нь завсарлагын энэхүү хугацаа нь сонгуулийн сурталчилгааны оргил үетэй давхцаж буй юм. Харин парламентад суудалтай бусад намын хувьд, сохорсон биш завшив гэгч болох нь.
Гэхдээ завсарлахад учир бий. Гишүүдийн үндсэн ажил болох ирэх оны төсвийн төслийг эцсийн байдлаар кнопдох. Зүй нь одоогийн байдлаар ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд байгаа. Гэвч өнөөдрөөс эхлэн нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийг шуурхайлж, чуулганы нэгдсэн хуралдааны дундуур УИХ-ын Төсвийн байнгын хороог хуралдуулан ирэх долоо хоногт амжиж төсвийн төслийг батлах гэнэ.
Ингэж гэмээнэ Төсвийн шинэ хуульд тусгасан “УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах ёстой” гэсэн заалтыг биелүүлж, УИХ тарна гэдэг аюулаас мултарч буй юм.
Харин энэ бүхний эцэст ирэх жилүүдэд ард түмэн бүсээ чангалж амьдрах ёстой болох нь. Зүй нь эрх баригчид намынхаа дотоод асуудлыг нэгд тавьж, яаруу сандруу хоёр тоо холбоод хаях нь. Одоогоор төсвийн төсөл түүхий байгааг амтай бүхэн нь хөндөж байна. Наанадаж л, өр, санхүүгийн хямрал Европ дахинаа үргэлжилж, өмнөд хөршийн эдийн засгийн хурд саарч байгаа нь манай экспортод эерэгээр нөлөөлөхгүй нь лавтай.
Ийм нөхцөлд төсвийг бүхэлд нь, тэр дундаа зарлагыг нь тэлэх биш харин төсөлд тусгаснаас нэлээд хумих, ялангуяа хөрөнгө оруулалтын хэсгийг нь танах шаардлагатай юм. Хямралд өртсөн орнуудын туршлагаас үзэхэд нийгэм-эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд дотоодын үйлдвэрлэлээ тогтвортой байлгах, цалин хангамж, нийгмийн үйлчилгээ, халамжтай холбоотой урсгал зардлуудаа бууруулахгүйг хичээдэг.
Мөн хуримтлал, хөрөнгө оруулалтыг өсгөхийн эсрэг байдаг. Гэвч манай Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар баталчихаад сууж байна. Цаашлаад, эрдэмтэн мэргэд, эл салбарынхны хэлж буйгаар бүх “амьдрал” нь экспортын орлогоос хамааралтай манай орны нөхцөлд хэрвээ эрдэс баялгийн борлуулалт буурч эхэлбэл худалдаа үйлчилгээ, тээвэр дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн боловсруулах зэрэг салбар мөн удааширдаг гинжин урвалын хамааралтай.
Улмаар тэдгээр салбарын татварын орлого ч буурна гэсэн үг. Нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, манай зах зээлээс авах бараа үйлчилгээний цар хүрээ хумигдаж байгаа энэ үед ДНБ-ийг 18 хувиар илүү нэмэгдүүлнэ гэдэг хэт өөдрөг төсөөлөл юм. Энэ мэтчилэн парламентын дотор, гаднаас төсвийн төсөлд эргэлзээтэй зүйл олон байгааг магтахаасаа илүү шүүмжлэх нь олон байна.
Гэхдээ л парламентад суудалтай намынхны хувьд, улс орны амьдрал гэхээсээ илүүтэй орон нутгийн эрхийг авах нь юу юунаас чухал гэдэг нь бодит үнэн. Нөгөөтэйгүүр, ирэх жилээс эхлэн орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутаг өөрийн бодлогоор орлогоо төвлөрүүлж, дур мэдэн зарцуулах юм. Тиймээс л энэхүү давуу тал нь намуудын аазгайг улам ч хөдөлгөх болсон. Тийм ч учраас УИХ-ын гишүүд хүртэл орон нутгийн сонгуульд “дурлаж”, өөрийн эрхгүй татагдан гүйгээд байгаа нь цаанаа учир жанцантай гэж байгаа.
О.Мөрөн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: