Зам нь шулуудчихав аа, хөөрхий
Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр ч хүнийг “өөрийнх нь хүсэлтээр” зөөлөн суудлаас нь ховхолсон бол 40 хүрч яваа аз нь шовойсон нэг эрд амтат бялууны өнцгөөс томхон үмхүүлээд авлаа. Энэ намаржин үргэлжилсэн бялуу хуваалт дуусаагүй байгааг харахад төрийн эрхийг гартаа атгана гэдэг аргагүй л “арсалдан тэмцэлдэх”-ээс өөр замгүй есөн хүслийг биелүүлэгч шидэт хүч юм байна.
Хэдхэн хоногийн өмнө ордны хонгилоор нисч байсан “40 хүрсэн Б.Болдбаатар УИХ-ын Тамгын газрын дараагийн дарга болно” гэсэн бор шувуу ийнхүү амилж, жиргээд нисчихдэг юм байна. Инженер, хуульч мэргэжилтэй Б.Болдбаатар хэмээх хүдэр эр маргаашаас “40 хүрсэн эр хүн байна даа намын харьяаллаас татгалзана яадаг юм” гэх байх. Татгалзваас татгалзтугай. Би л хувьдаа татгалзахгүй. За тэр ч яах вэ.
Харин гурван хүний “хоол, унд”-ны талаар ярилцаж байхад манай УИХ-ын эрхэм гишүүдийн хариуцлагагүй, хайнга хандаж байгаа нь даанч нэг тусгүй. Ганц өдөр ч болтугай 60-уулаа цуглачихаж болдоггүй л юм байх даа. У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэхэд 48-хан гишүүн оролцож “У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авах нь зөв” хэмээн 28 нь лүндэн буулгаснаар 58.3 хувьтайгаар гэргийгээ эмчлүүлэх түүний зам шуударч байгаа юм.
Харин УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн “өөрийн хүсэлт”-ийг 53 гишүүний 44 нь дэмжсэнээр “явах замд нь саад” хийсэнгүй эвтэйхэн шийдчихдэг юм байна.
Ер нь тэгээд УИХ-ын эрхэм гишүүд маань 800 гаруй болсон болоогүй хууль зохион баталсаар байгаад баахан залхуу хойрго болцгоожээ хөөрхийс. Гурван хүний хойшдын зам мөрийг заах “туйлын хариуцлагатай” ажлаа хийж суухдаа гишүүд маань мөн ч их эвшээцгээлээ зайлуул. Хууль зохион батлах гэдэг мөн ч яггүй, нойр хоол хагасладаг ажил юм байна. Хөөрхий тэдний эвшээхийг харах бүртээ яс янгинаж суув шүү.
Ёох. За яадаг ч байсан ажил ер нь жигдэрч л байна санж. Ямар ч болтугай гурван хүний зам нь шулуудчихлаа. Лав л УИХ-ын эрхэм гишүүд маань явах замд нь саад болсонгүй. Сайн үйлс дэлгэрээд л байх юм даа.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: