“Дистрибьютер Монголиа-2012” эхэлнэ
Импортын худалдаа эрхлэгчдийг нэг дор цуглуулах “Дистрибьютер Монголиа-2012” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ. Энэ сарын 9-11-нд үргэлжлэх тус арга хэмжээг Дэлхийн худалдааны төв Улаанбаатар ТББ-аас санаачлан зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэн, хурал гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Үзэсгэлэнд төрийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэгч агентлагууд болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд оролцох юм. Энэ үеэр хоол хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, бэлэн хувцас, алт, үнэт эдлэл, цахилгаан бараа, барилгын материал, технологи, тоног төхөөрөмжүүдийг дэлгэх юм байна.
Түүнчлэн арга хэмжээний хүрээнд “Монголын импортын зах зээлийн өнөөгийн байдал, боломжууд” сэдэвт хурлыг өнөөдөр “Blue sky” цамхагт зохион байгуулах бөгөөд үүнд дистрибьютерийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын захирал, менежерүүд, энэ чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл хайж буй байгууллага, хувь хүмүүс оролцох гэнэ.
URL: