Дөрвөн эмнэлгийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоожээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийг хаасан байна.
Тухайлбал, “Жа Оточ” шүдний эмнэлэг, “Ганзүү” уламжлалт эмчилгээний эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоосон аж. Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай”, “Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай” хуулиудын дагуу шийтгэврийн арга хэмжээ авч ажилласан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, тогтмол үйл ажиллагаа явуулахгүй дөрвөн эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар бүр зогсоожээ.
Тус аймгийн Сумдын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар нийт шалгалтад хамрагдсан сумдын багаж тоног төхөөрөмжийн хангалт 78.5 хувьтай байсан аж. Үүнээс 75 хувь нь стандартад заасан нэр төрлөөр хийгдвэл зохих лабораторийн шинжилгээнүүдийг бүрэн хийдэггүй, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй зөрчилтэй байсныг илрүүлжээ.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: