Чанаргүй уран бүтээл элбэгших болжээ
Сүүлийн жилүүдэд чанартай, чанаргүй уран бүтээлүүд хэт элбэгших болсон.
“Техник, технологи өндөр хөгжиж байгаа болохоор цаг үеэ дагаад ч тэр үү хүмүүсийн сэтгэлгээ нь хүртэл огт өөр болсон мэт. Урьд нь бол хуучны сайхан монгол кинонууд хүний сэтгэлийг яаж уярааж, хэрхэн ухаарал хайрладаг байлаа даа” хэмээн халаглах хүн олон.
Нээрээ ч арай дэндүү уран бүтээлүүд бий болоод байх шиг санагдах юм. Бүтээлүүдэд тоглож байгаа жүжигчдийн тоглолт нь хүртэл худлаа болжээ. Уйлах, инээх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гээд бүх юм нь нэг л хиймэл болчихжээ. Ярьж байгаа нь гэж нэгдүгээр ангийн хүүхэд цээжилсэн шүлгээ уншиж байгаа мэт.
Үүнээс харахад, Монголын кино урлаг ер нь хаашаа яваад байна вэ. Тэр ч бүү хэл урлагийн гэх тодотголтой чанартай, чанаргүй их, дээд сургуулиуд ч олширчихож. Эдгээрийг дүүргэсэн урлагийн гэх харъяалалтай хүн болгон л кино хийдэг болжээ. “Өмнө нь бол урлагаар хүүхдээ хүмүүжүүлдэг байсан. Гэтэл сүүлийн үед хүүхдээ аль болох урлагаас хол байлгахгүй бол буруу хүмүүжилтэй болоод байна” гэх эцэг эхчүүдийн яриа нэгийг бодогдуулах болов. Түүнчлэн сүүлийн үед дэлгэцэнд гараад байгаа олон ангит болоод онц сонирхолтой гэх тодотголтой уран сайхны кинонуудад өсвөр насны хүүхдүүдэд буруу хүмүүжил олгохоор зүйл их тусгагдсан байх юм.
Тухайлбал, саяхан дэлгэцнээ гарсан нэгэн киног үзэхээр зав гарган байж “Тэнгис” кино театрыг зорилоо. Кино эхэлж, эмэгтэй гол дүр, залуухан, боловсролтой бүсгүй нэгэн залуутай санамсаргүй танилцав. Анх танилцсан залуутайгаа кафед сууж элдэвийн юм ярин дарсанд халж амжив. Тэндээсээ гарч яваад бүсгүй нь гэнэт зог тусан “Би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Гэхдээ яаж боловсон хэлэхээ мэдэхгүй л байна. Хоёулаа унтах уу” гэж хэллээ. Гэтэл залуугийн инээж байсан царай хувирч байснаа түүнийг хөтлөн шууд л буудал руу орох жишээтэй. Үүнийг харахад эд хүмүүжиж, амьдралынхаа зөв замд орох гэж яваа өсвөр насныханд буруу ойлгогдохоор юм шиг санагдсан юм.
Мөн эдгээр киног бүтээж, гол дүрд нь тоглож байгаа хүмүүсийг харахад мэргэжлийн уран бүтээлчид тун цөөхөн. Ихэвчлэн загвар өмсөгчид, сургуулиа ч төгсөөгүй оюутнууд, тэр битгий хэл урлаг уран сайхнаар огт мэргэшээгүй хүмүүс харагдах юм. Шуудхан хэлэхэд, юунд, ямар дүрд тоглоод байгаагаа ч мэдэхгүй байж өөрсдийгөө жүжигчин хэмээн өргөмжилж, “оддын өвчин”-өөр өвчлөөд байгаа. Дүрдээ чадахгүй, хиймлээр тоглодог урлаг ч гэж юу байх вэ дээ гэмээр.
Ойрын жилүүдэд Монголын бараг бүх телевиз бие биеэсээ өрсөж байгаа мэт олон ангит кино хийж эхэлсэн. Шил шилээ даран гарч байгаа уг кинонуудад авах юм тун цөөхөн харагдах болсон. Тухайлбал, нэгэн цуврал дээр аавдаа алгадуулан гомдсон бүсгүй ээждээ энэ тухайгаа ярихдаа “Аав намайг гомдоосон. Би арай ч аавыг ингэнэ гэж бодсонгүй” хэмээн уйлаад яриад байгаа хэрнээ ямар ч нулимс гаргасангүй. Огт нулимс гаргалгүй уйлна гэж бас байдаг аа.
Бас нэг цувралд машинаараа хүн дайрч ноцтой бэртээчихээд маш их харамсч байгаа залуугийн дүр гаргах гээд харин ч эсрэгээрээ баярлаж байгаа хүний дүр гаргачих шиг болсон. Эгч нь “Чамаас л болж ийм юм боллоо. Чи л согтуу машин жолоодоогүй бол тэр хүн эрүүл саруул явж байх байсан юм. Ийм болчимгүй үйлдэл гаргаж ээжийг зовоож байдаг. Чи даралт ихтэйг нь мэднэ дээ” гээд загнатал дүү нь “Эгчээ дүү нь үнэхээр гэмшиж байна шүү дээ” гэхэд нь жүжигчний царайд ямар ч гэмшлийн ул мөр харагдсангүй. Харин ч баярлаж бахархсан мэт инээмсэглэл тодорч байх юм.
Царай нь ямар их жаргалтай харагдсан гээч. Кино үзэж суусан хэсэг залуус “Ядахдаа ярвайгаад ч болов сэтгэл хөдлөлөө илэрхийлж болоогүй юм байх даа” хэмээн инээлдэж нөгөө эмгэнэлт кино инээдмийнх болон хувирах нь тэр. Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас Хөнгөн бийрийг хөших юун хэмээх суут Инжинаашийн үг энэ цагийн “модон” уран бүтээгчдэд нэгийг хэлэх шиг…
О.Чанцалдулам
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: