Ардчилсан бус ардчилагчдын түүх

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улс шууд бус ардчиллын замаар явж иржээ. 22 жилийн дараа л шууд ардчилал руу орох янзтай. Алт дилер болон казиногийн хэрэг, ардчилагчдын үзэл бодлын гэхээсээ эрх мэдлийн төлөөх зөрчилдөөн, эцэстээ ардчиллын алтан хараацай С.Зоригийн аминд хүрсэн. 1996-2000 онд ардчилагчдыг Засгийн эрх барьж байх үед ардчилал жинхэнэ мөн чанараа алдсан юм.

    Эрх мэдлийн төлөөх тэмцэл оргилдоо хүрч хүмүүсийн атаа хорслоор төр засгийн ажил буцалж байлаа. Анх ардчилал ялахад л ардчиллын удирдагчдыг дотор нь хагаралдуулах, бүр яс үндсээр нь талцуулах ажлыг гадныхан хийж байв. Тухайлбал, С.Зориг, Э.Бат-үүл нарыг буриад ястан, Да.Ганболдыг Хятад үндэстэн өвөг эцэгтэй хэмээх мэссежийг дуртай тарааж байлаа.
    Ер нь Монголын төрд гарсан бүхнийг өөр цусны хүн болгон унагах сонирхол түүхийн бүх үед байсаар ирсэн юм. 1996 онд ардчилал жинхэнэ утгаараа яллаа хэмээн хүн бүр хөөрцөглөн баярлаж байв. Гэвч ардчилагчид маань өөрсдийн хувийн эрх ашгийг илүүд тавьж ардчиллыг муруй болгосон. Бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд 4 засаг сольж, ард түмнийхээ амьдралаар хадгаламжийнх нь мөнгөөр хайр найргүй тоглосон билээ.
    Реформ нэрийн дор төрийн өмчийг үнэгүйдүүлж, том том үйлдвэрүүдийг өөрсдөө хувааж авсан. Үүний хамгийн тод жишээ нь Сэргээн босголт банкийг дампууруулж, хувийн Голомт банкийг босгож ирсэн явдал юм. Хуудуутай олон хувьчлалыг энэ үед хийсэн. Тухайлбал УИХ 1999 оны 7 дугаарс сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг хийсэн бөгөөд уг хэлэлцүүлэгт “Мах Импекс” ХХК орсон байв.
    Гэтэл 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчилж авсан байдаг. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан 3 сая доллараар авчээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах Импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй.
    Нэг дор олон арван компаний захирлуудыг гудамжинд гаргаж, олон арван мянган хүний насаараа цуглуулсан хадгаламжийг хуу хаман луйвардсан. Эцэст нь юу болов. Багш, эмч нарынхаа цалинг ч тавьж чадахаа болтлоо дампуурсан. Нөлөөнд нь ардчилагчид өөрсдөө цулайж, 2000 оны сонгуулиар нэг ч суудалгүй болтлоо нэр хүнд нь навс унасан.
    Тэгээд бүгд гадагшаа сурах нэрийн дор гарцгаасан. Ардчиллын загалмайлсан эцэг С.Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн хэрэг 14 жилийн дараа ч илрээгүй байна. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар, Шүүх засаглалын эрх мэдлийг гартаа барьсан Ерөнхийлөгч маань энэ хэргийг илрүүлэх талаар ямар санаачилга гаргасан нь тодорхой бус.
    Зөвхөн Н.Энхбаяр гэдэг хувь хүнтэй Монголын төр бүтэн нэг жил ноцолдлоо. Энэ бүхний эцэст Ерөнхийлөгч маань шууд ардчиллын тухай их ярих болов. Бүх зүйл муруй байгааг олж харсан нь яамай даа. Төрийн эрх мэдэл шууд бус замаар явж ирсэн ардчилагчдын гарт байна.
М.Зэнээхүү


URL:

Сэтгэгдэл бичих