Ерөнхий сайдад үгээ дуулгахаар Хэнтийчүүд урт дараалал үүсгэлээ
Ерөнхий сайд Хэнтий аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Засгийн газрын тэргүүнд үзэл бодлоо хүргэх гэсэн орон нутгийн иргэд Хан Хэнтий чуулгын байранд багтахааргүй цуглаж, уулзалт товлосон цагаа сунган үргэлжилсэн юм.
Төрийн үйл ажиллагааг чамлахааргүй хэмжээнд нээлттэй болгож, үзэл бодлоо шууд хүргэх боломж нээсэн “11 11 төв” ажиллуулж эхэлснийг иргэд олзуурхахын зэрэгцээ орон нутагт төрийн үйлчилгээ ил тод биш байгааг, зарим удирдах албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хандаж байгааг Засгийн газрын тэргүүнд “ховлож” байв. “Шинэчлэлийн Засгийн газар хариуцлага, ажлын чанартай холбоотой яг ийм мэдээллийг хүлээж авах гэж, бодитой мэдээллийн мөрөөр хариуцлага дээшлүүлэх гэж “11 11 төв”-ийг ажиллуулж байгаа. Та бүхэн харин хэн гэдэг албан тушаалтан яг ямар алдаа завхрал гаргасныг нэр устай, жишээ баримттай нь бидэнд ирүүлээрэй. Ингэж мэдээлэхээс айх огт хэрэггүй шүү” гэж Ерөнхий сайд хэллээ.
Хэнтийчүүдийн санааг зовоосон нэг асуудал бол ажилгүйдэл. Долоон хүүхэдтэй хоёр буурай өтөл насандаа өөрсөддөө биш үр хүүхдийнхээ амьдралд санаа чилээж, тэтгэврийн цөөн төгрөгөө тэдэнд зарж байгаагаа Ерөнхий сайдад дуулгалаа. “Шинэчлэлийн Засгийн газраас сум бүрт хүн амын тооноос нь хамааруулан 50-265 сая төгрөг хуваарилж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгохыг орон нутагт даалгасан. Иймд шударга хуваарилах, үр дүнтэй ажиллах тал дээр иргэд та бүхэн хяналт тавих нь чухал” гэж Ерөнхий сайд онцоллоо.
Өндөрхаан хотоос нийслэл буцах замдаа Ерөнхий сайд тус аймгийн Жаргалтхаан суманд түр саатаж, Японы засгийн газрын дэмжлэгээр сумын сургуулийн дотуур байр ашиглалтад орж байгаатай танилцлаа. Дотуур байр нээгдсэнээр малчин айлын 40 хүүхэд тав тухтай орчинд суралцах боломж бүрджээ. Мөн Жаргалтхаан суманд байгуулагдах сүүний үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцсанаар Ерөнхий сайдын Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажилласан гурван өдрийн томилолт өндөрлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: