Удирдлагуудыг АТГ-аар шалгуулна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловс­рол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороо­ны хамтарсан  хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонссон юм.

 

Ажлын хэсгээс гаргасан дүгнэл­тийн гол агуулга нь ирэх онд үйлд­вэрлэлийн улирал эхлэхээс өмнө Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, Газрын харилцаа, Тендер, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад томоохон өөрчлөлт хийх ёстой гэж үзжээ. Учир нь энэ жилийн есөн сарын байдлаар барилгын ослоос болж 24 хүн амь насаа алдсан байна.

 

Тодруулбал, жилд ойролцоогоор 50 гаруй хүн барилгын ослоор амь насаа алддаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Зүй Үндсэн хуульд монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн тодорхой заачихсан. Гэвч энэхүү байдал тус салбарын алдаатай үйл ажиллагаанаас болж гажуудах болсон. Тиймээс ажлын хэсгээс холбогдох хууль тогтоомжтой холбогдуулж гаргах тогтоолын төслөө УИХ-аар батлуулахаар байнгын хорооноос шийдвэр гаргууллаа.

 

Түүнчлэн сүүлийн үед зөв­шөө­рөлгүй газар барилга барьж, ир­гэдийн амь нас хохирох болсныг гишүүд хөндсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төв шуудангийн өмнөх барилга зөвшөөрөлгүй хэрнээ гадны хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Төрийн тусгай хамгаалалттай газарт эл барилга баригдаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна” гэлээ.

 

Мөн “Тэнгис” кино театрын хажуу талд баригдаж байсан барилгад осол гарсан барилга яг хэнийх юм бэ, “Эко”-гийнх мөн биш хэмээн маргах болсныг тодруулсан юм. Энэхүү асуудалд ажлын хэсгийнхэн “Зөвшөөрөлгүй баригддаг, зөвшөөрлөө авдаггүй энэ барилга болгоны ард албан тушаалын гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг нуугдаж байгаа” гэдэг дүгнэлт хийжээ.

 

Өөрөөр хэлбэл, 590 гаруй барилгад шалгалт хийхэд 70 гаруй хувь нь зөрчилтэй гарсан байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагуудаар энэ асуудлыг шалгуулж, холбогдох этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татах ёстой хэмээн үзжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан гишүүн “Бид хяналт шалгалт хийх явцдаа нэг зүйл ажигласан.

 

Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, мэргэжлийн барилгын зураг төсөл хийдэг байгууллагуудын удирдлагууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон байх нь олон баримтаар харагдаж байгаа. Тиймээс тэднийг Авлигатай тэмцэх газарт өгнө. Зүй нь энэ байдлыг УИХ-ын тогтоолоор зохицуулаад, Авлигатай тэмцэх газраас тусгай ажлын хэсэг байгуулан шалгалт хийнэ” хэмээв.

 

Харин “Тэнгис” кино театрын хажуу талын барилга яг хэнийх гэдгийг тогтоогоогүй гэнэ. Учир нь энэ барилга хэнийх болохыг тогтоох чиг үүрэг нь Цагдаагийн байгууллагатай холбоотой. Ямартай ч Цагдаагийн байгууллагад хүний амь насанд хүрсэн барилгын компани аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг шалга гэдэг үүргийг тус байгууллагаас Улсын мөрдөн байцаах газарт өгсөн байна.

 

Хуралдааны төгсгөлд энэхүү төслийг УИХ-ын тогтоолын хэмжээнд авч үзэх үү, эсвэл Байнгын хороонд уу гэдэгт гишүүдийн байр суурь нэлээдгүй зөрөлдсөн юм. Ингээд хоёр Байнгын хорооны хамтарсан тогтоол гаргах нь зүйтэй гэсэн А.Бакей гишүүний горимын саналыг гишүүдийн олонхи дэмжээгүй тул Ажлын хэсгээс гаргасан УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо.

О.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих