МАН-ын “Хөзөр” АН-ыг биш ард түмнийг нам дарлаа

Уржигдраас монгол­чууд шатахууны “өлсгө­лөн”-д нэрвэгдэж эхлэв. “Петровис” тэргүүтэй неф­тийн импортлогчид ШТС-ууд дээрээ “Засвар­тай” гэсэн бичиг хадаж, эсхүл “Нөөц дууссан” хэ­мээн түгээлтээ зогсоож үзэв. Харин өчигдрөөс шатахуунаа алаг цоог тү­гээж эхэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө “Шатахууны үнийг тогт­вортой байлгана” гэсэн Засгийн газрын тэргүүний үг уржигдар орой ямар ч олон хүний ой ухаанд сэр­гэв дээ.

 

 

“Роснефть”–ээс л болж “Петровис” тэргүү­тэн үнээ нэмсэн гэх өмөө­рөл хаа нэгтээгээс дуулдав.

Харин бодит байдал огт өөр зүг рүү чиглүүлж байна.

 

Оросын тал өнгөрсөн сард тонн тутмыг нь 44 ам.доллараар нэмсэн ч “Петровис” нарын компа­ни дагаж нэмэлгүй тэсэж тэвчсээр өнөөг хүрсэн юм байх. “Роснефть” нефть экспортолдог улсуудаасаа ганцхан Монголыг сон­гож ийн үнээ нэмжээ. Гэх­дээ энэ учиртай гэнэ. Эртний түншүүд нь албан тушаалаасаа буусан. Уна­сан хүн ууртай. Тиймээс ил далд яриа хэлэлцээрээр хийгдэж байгаа ажил гэж ойлгож болох нь.

 

Уржигдар Орон нут­гийн сонгуулийн суртал­чилгаа эхэлсэн. Энэ өдөр шатахууны хомсдол эхэл­сэн нь тохиол уу, зохиол уу гэдэг асуулт гарч байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэд хоногийн өмнө “Манай Засгийн газар шатахууны үнийг тогт­вортой байлгана” гээд амлачихсан байдаг. АН-ын даргын алба хашдаг Н.Алтанхуяг яг өнөөдөр бол Засгийн газрын тэр­гүүн бус намын дарга гэд­гээрээ харагдаж байгаа. Тиймээс сонгуулийн сур­талчилгааны эхний өдөр үүссэн шатахууны хомс­дол шууд утгаараа түүнд, намд нь зориулсан бэлэг болон харагдаж байна.

Үүнээс гадна хэвлэ­лийн од болоод байгаа У.Хүрэлсүх нам дээрээ очих сураг бий. МАН-ын аппарат дотор ч иймэрхүү яриа байгаа бөгөөд “шинэ” удирдлагыг хүлээж авах бэлтгэл ажлаа МАН-ын­хан битүүхэн хангаж бай­гаа гэх. Орон нутгийн сон­гуулийг албан бусаар удир­дан, улмаар намын удирдлагыг гартаа авах алсын бодолтойгоор З.Энх­болдод өргөдөл тэр­лэсэн У.Хүрэлсүх өдийд юу ч төлөвлөлгүй, хийлгүй сууж байгаа гэвэл худал.

 

 

Намаа унаж босохыг “хар нялх”-аасаа үзэж өссөн У.Хүрэлсүхээс бар­гийн PR-чны сэтгээгүй санаа гарна. Н.Алтанхуяг, О.Магнай, бас хотын мэр Э.Бат-Үүл нарын “фон”, дээрээс нь төрийн жолоо атгаж буй эрх мэдэлдээ дулдуйдан олж авсан нэр хүнд, байр сууриараа ноёлж буй АН-ыг яаж ган­хуулах вэ гэдгийг тэр бодож л байсан байж таарна.

Энэ утгаар У.Хүрэлсүх нам дээрээ очсоноо ингэж мэдэгдсэн хэрэг. Өнөөдөр Монголын нефть импорт­логчдын 80 шахам хувь нь өмнөх засаглалын үеийн хайр, халамжид байсан. Өөрөөр хэлбэл, цөөн хэдэн компани нефтийн ний­лүүлэлтийг базаж байдаг. Тэд одоохондоо монополь гэдгээ ч бас мэдрүүллээ.

 

 

МАН өнөөдөр төрийн эрхийг барихгүй ч ард түмний амин судсыг атга­сан хэвээр байна гэдгийг олон нийт мэдэж авав. Нэг үгээр хэлбэл, МАН-ын эхний “хөзөр” АН-ыг биш ард түмнийг нам дарлаа.

Зангууны үлгэр адил “Роснефть”, “Петровис”, “Сод Монгол” зэрэг манай импортлогчид, МАН, бас АН хэмээх хэд дамнасан ашиг орлого хийгээд ашиг сонирхлын төлөөх тэмцэл, зөрчилдөөний хөлд ард түмэн үрэгдэж дуусах нь.

Энгийнээр ойлгоё гэвэл, “Петровис” зэрэг цөөн хэдэн компани Оро­сын “Роснефть” компа­ниас шатахуун импор­толс­ноо бидэнд дамладаг. Ингэж дамлахдаа улсын томоохон үйлдвэр, аж ахуйн газруудад бөөнөөр нь шахна. Шахахад нь тусалдаг бүлэг улстөрч бий. Тэр нь МАН-ын засаг­лалын үеийн лиде­рүүд. Саяхнаас энэ мэ­тийн булхай луйвар нь бүр ил болж байгаа. “МИАТ”-д гэхэд л литр тутамд нь зах зээлийн үнээс даруй 200 төгрөгөөр илүү “шахаж” байсан нь ил болж байна. “Эрдэнэс тавантолгой”-д нийлүүлдэг дизелийн түлш Өмнөговьд зарагдаж бай­гаагаас литр тутамдаа 200 төгрөгөөр илүү үнэтэй болдог аж. Бараа бүтээгдэ­хүүний бөөний үнэ гэдэг жижиглэнгээсээ хямд байд­гийг бид зах зээлийн хууль гэж ойлгож ирсэн. Харин Монгол дахь неф­тийн бүтээгдэхүүний монополь зах зээл дээр эсрэгээрээ. Бөөнөөр ихээр авч байгаа төрийн өмчийн компаниудаас илүү үнэ авч, татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог жишиг тогтжээ. “Эрдэнэс таван­толгой”-д илүү үнээр бен­зин шахдаг асуудлаас бо­лоод нэлээдгүй хүн АТГ-ын хаалга татахад хүрээд буй сураг дуулдаж байна. Эндээс, бид хэдэн төгрө­гөөр үнэлэгдэх шатахуу­ныг хэдээр аваад байгаа­гаа ойлгож болохоор.

 

Ер нь тэгээд ингэж дамын шатахуунаар амиа зогоож, бас их ашиг олж байгаа цөөн хэдэн им­портлогчдод дарамтлуу­лах­гүй байх арга бас байна.

С.Баярын Засгийн газ­рын үед “Роснефть” манай улсад 100 шатахуун түгээх станц барьж, шата­хуун борлуулах сонирхлоо илэрхийлж байлаа. Ма­най­хан тэр үед яаж эсэр­гүүцэж, тэмцэж байж бо­лиуллаа даа. Одоо бодоход, хэрэв Оросын ШТС-ууд байрлуулчихсан бол цөөхөн хэдэн хүний эрх ашиг л зөрчигдөх байж.

Одоо ч гэсэн үүнийг сэргээж яагаад болохгүй гэж. Тухайн үед Орос ма­найд санал тавьж байсан бол одоо бид гуйя. Тэртэй тэргүй нефтийн бүтээг­дэхүүний хэрэглээгээ Оро­соос хараат бусаар зохицуулж чадахгүй бидэнд үүнээс өөр сонголт ховор. Орос ШТС-уудаа бариг. Ядаж л машиндаа хийх бензин монгол импортлогч, тэднийг ивээдэг том нам гэсэн дундын дарамтгүй ирнэ. Энэ хамгийн гол нь. Бас нефтийн бүтээгдэхүүний импортыг дагасан авлига устаж, хэдхэн хүний асар их ашиг үгүй болно.

Эрх мэдэл, албан тушаал юу байдгаа өнгөрсөн сонгуулиар өрсөлдөгчдөө алдсан МАН одоо юу ч хийхэд бэлэн болжээ. Тэдний гарт үлдсэн цөөн хэдэн хөзрийн нэг нь энэхүү нефтийн бүтээгдэхүүний импортын монополь эрх.

Улс төр гэдэг бохир. Тэртээд байгаа Дорж, дэргэд байгаа Алимаатай яриад суух шиг ил юм биш. Дандаа хөшигний ард болдог тоглоом ажээ.

Б.Онон


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих