Улстөрийн амьдрал дампуурчихаад байна
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгээс “Эмэгтэйчүүд чадна” аяныг эхлүүлсэн. Та бүхэн нэр дэвшигч эмэгтэйчүүддээ тусалж дэмжих тухай ярьж байна. Ямар бэрхшээлийн үед хэрхэн туслах гэж байгаа юм бол?
-Энэ удаагийн парламентад есүүлээ болж орж ирлээ. Урьд нь сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх маш хэцүү байсан. Эрчүүд мөнгө тараана, хэсгийн хороондоо нам харгалзахгүйгээр хоорондоо тохирно гэх зэргээр бид ялалт байгуулахад үнэхээр бэрхшээлтэй байсан. Шинэ хуулиар дээрх зүйлүүдийг хязгаарлачихаар эмэгтэйчүүд ард иргэдийн саналыг авсан л бол сонгогдох боломжтой болсон.
Зөвхөн УИХ-д ч биш аймаг, хот, сум, дүүргийн хэмжээний бүх шатны хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой. Гэхдээ эрчүүдийг ажил муу хийдэг гэж байгаа юм биш. Хамгийн гол нь төлөөллийн зарчим гэдэгтээ л байгаа юм.
-Эмэгтэй хүн илүү нарийн мэдрэмжтэй учраас уу?
-Ямар ч хүн хэдий чадвартай байсан ч байгалиасаа хийж чаддаг ажил нь өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс, хот, дүүрэг гэдэг айл өрхөөс ялгаагүй. Тиймээс ойрын жишээ татахад гэр бүлд аливаа асуудалд хандахдаа хэн эрх мэдэлтэй нь бус, бүгдээрээ хэлэлцэж, ярилцаж шийддэг.
Бид УИХ-д орж ирснээр цэцэрлэг, сургууль, төрөх газар зэрэг нийгмийн асуудлуудад анхаарлаа түлхүү хандуулж байгаа. Тэгэхэд эрчүүд “Яг үнэнийг хэлэхэд энэ асуудлуудыг хөндөж, төсөв барьж гүйдэг гишүүн байхгүй. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хараад, түүнийхээ төлөө л ажиллаад байдаг” гэж байна лээ. Үнэхээр ч аргагүй л дээ. Цаг хугацаа гэдэг хязгаарлагдмал учраас хүн бүр бүх зүйлийг хийж, бүтээж амжихгүй. Тиймээс байнгын хороодод орохдоо ч өөр өөрсдийн чаддаг чиглэлийг сонгон, ажиллаж байгаа.
-Тэгвэл эрчүүд нийгмийн буюу хүн рүү чиглэсэн асуулуудыг хэт орхигдуулаад байна гэж үү?
-Саяхан Эрүүл мэндийн яамнаас нэг судалгаа гаргуулж, харлаа. Гэтэл 6-60 насны эрчүүдийн нас баралтаар Монгол Улс тэргүүн эгнээнд орчихсон байна. Бүр дайн, дажинтай газраас ч өндөр. Эндээс харахад эрчүүд маань өөрсдийнхөө эрүүл мэндийг бодохгүй, ажлын төлөө зүтгэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхээр өөрсдийнхөө эрүүл мэндийг бодохгүй байгаа хүмүүс яаж бусдынхыг бодох вэ. Нэгэнт тэд ийм байдалтай байхад үүнийг эмэгтэйчүүд анхаарах шаардлагатай.
-Арай чимхлүүр ажилд санаачилгатай ханддаг гэж хэлж байна уу?
-Аймаг, дүүрэг гэдэг яг л нийслэлтэй адилхан аж ахуй шүү дээ. Тэр утгаараа хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам ямар байх ёстой вэ гэдгийг эхчүүд, эмэгтэйчүүдээс илүү сайн мэдэх хүн ховор. Тиймээс тэднийгээ илүү дэмжинэ гэж бодож байгаа.
-Та урьд нь НИТХ-ын төлөөлөгч байсан. Мэдээж бүхий л бэрхшээлийг мэдэж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Намайг НИТХ-ын төлөөлөгч байх үед нийслэлд тав ялчихсан, дүүрэгт ч тэр хэмжээний ялалт байгуулж байсан хүн олон байсан. Одоо ч бий. Гэтэл ийм туршлагатай хүмүүс байхад яагаад өнөөдөр нийслэл хөгжихгүй байгаа юм. Ердөө л шинэ санаачилга дутаж байгаа хэрэг. Харин эмэгтэйчүүд, залуучууд маань өөрөөр амьдрахыг хүсч, мөрөөдөж байгаа учраас эрх мэдлийг өөрсдөд нь өгөх нь чухал юм гэж ойлгосон.
-Хэдий эмэгтэйчүүдэд квот тогтоож өгсөн ч намын жагсаалт зарим тохиолдолд шинэ хүмүүст халгаатай юм биш үү?
-Би залуучуудад халтай гэж хэлж чадахгүй. Улстөрийн нам гэдэг татвараар санхүүждэг байгууллага биш. Дөнгөж оршин тогтнож байгаа учраас жагсаалт байх ёстой. Нам хэдхэн хүний нуруун дээр л явдаг. Тиймээс тухайн нам өөрийнх нь олон жилийн үйл ажиллагаанд хэн идэвхтэй оролцож байна вэ гэдгээ харгалзан үзэж, жагсаалтад оруулдаг. Хэрвээ тухайн хүн намын анхан шатны байгууллагаасаа л идэвхтэй ажиллаж ирсэн бол жагсаалтад орж, дээгүүр бичигдэж болно.
-Ирэх оноос эрх мэдлийг орон нутагт өгч байгаа болохоор эрчүүд олноороо нэр дэвшиж байна. Тэгэхээр улстөрийн ард эдийн засгийн сонирхол байнга уялдаатай байдаг нь харагдаад байх шиг?
-Манай улстөрийн амьдрал дампуурчихаад байгаа шүү дээ. Улстөр бизнес, мөнгө санхүүтэй бүхий л талаараа холбогдож, хутгалдчихсан. Энгийнээр хэлэхэд намуудад их хэмжээний мөнгө хэрэгтэй байдаг. Үүнийгээ хаанаас авч байна вэ гэхээр бизнес эрхлэгчдээс хандив нэрээр, өөрсдөө төсвийн мөнгөнөөс зувчуулах болон тендер маягаар хувилж авдаг. Энэ нь ч нууц биш. Авлига гээд байгаа бүхэн үүнтэй л холбоотой.
Тиймээс улстөрийн намуудын үзэл баримтлалын хуульд үндсээр нь өөрчлөлт хийх ёстой. Монгол Улс хэт улстөржчихөөд байна. Намууд их хэмжээний мөнгөтэй, том барилга байшинтай байх нь буруу. Уг нь улс орноо ямар чиг баримжаагаар хөгжүүлэх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөөрөө л өрсөлдөх ёстой.
Хэрвээ бизнес эрхлэгчдэд бүгдэд нь тэгш боломж, гараа байвал тэд улстөр рүү хошуурахгүй. Гэтэл улстөрийн намд хэн их үйлчилж, хандив өгснийх нь бизнесийн амжилт сайнаар тодорхойлогддог болчихсон.
-Эмэгтэй гишүүд “Эх орон 36” хөтөлбөрийг санаачилж, УИХ-аар дэмжүүлсэн. Яагаад гэнэт энэ асуудлыг хөндөх болсон юм бэ?
-Өмнө нь цахилгаан станц барих гэх зэргээр төсвөөс мөнгө зарцуулахдаа байнга хатуу зүйлд зориулдаг байж. Тиймээс бид ярилцаж байгаад энэ хөтөлбөрийг санаачилсан. Анх удаа иргэдийнхээ хүмүүжилд мөнгө зарцуулах гэж байгаа юм. Маш бага зардлаар, ирээдүйд нь маш их хөрөнгө оруулалт болохуйц хөтөлбөр.
-36 цагийн хугацаанд залуусыг эх оронч үзэлтэй болгож амжих уу?
-Тухайн хугацаанд энэ үзэлтэй холбоотой зан төлөвшлөөс нь эхлээд дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох гэж буй залуусыг ч хөтөлбөртөө хамруулах бодолтой байгаа. Тухайн мэргэжлийн гоё сайханд бус, яг тэр мэргэжлийг эзэмшсэн хүнээс нь сайн, муу, бэрхшээл зэргийг сонсож, мэдрэх хэрэгтэй. Ингэснээр ядаж л мэргэжлээ сонгохдоо сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байх нөхцөл боломжоор хангаж байгаа хэрэг.
-ТББ-ыг түшиглэнэ гэсэн байх аа?
-Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс маш их хөрөнгө шаардлагатай. Тиймээс хийж, гүйцэтгэж буй ТББ болон хувийн компаниудаар гүйцэтгүүлэх юм.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: