Хэнтий аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар Ерөнхий сайд мэдээлэл сонсож, чиглэл өглөө

Ерөнхий сайд Хэнтий аймгийн удирдлага болон орон нутгийн холбогдох албаныхантай уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, холбогдох агентлаг, нэгжийн удирдлагууд болон тус нутгаас УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар нар оролцсон юм. Аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй цаг үеийн ажлаа Засаг дарга Ч.Эрдэнэбаатар уулзалтын эхэнд тоймлон танилцуулав. Хэнтий аймгийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтвортой дээшилж байна. 2009 оноос эхлэн орон нутгийн төсвийн хувьд биеэ даан санхүүжиж, 2008-2011 онд орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 111 хувь хүртэл давуулан биелүүлжээ. Энэ оны 9 сарын байдлаар орон нутгийн төсөвт 6,4 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа аж. Хэнтий аймагт 2009-2012 онд нийт 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Дэд бүтэц, зам барилгын салбарт энд сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж, энэ хэрээр бүтээн байгуулалтын ажил идэвхтэй өрнөж эхэлжээ. Тухайлбал, Өндөрхаан хотыг тэлэх, шинэ суурьшлын бүс байгуулах далайцтай ажлыг санаачилж, “Шинэ Өндөрхаан” төсөл эхлүүлээд байна. Төслийн хүрээнд 720 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, багийн төв, өрхийн эмнэлэг зэргийг бүтээн босгох юм. Үүнээс өнөөдрийн байдлаар “Шинэ Өндөрхаан” төслийн ажлын эхлэл хатуу хучилттай замыг өнгөрсөн онд барьж дуусгаж, 180 айлын орон сууцны барилгыг барьж эхэлжээ.

 

Зам, барилга бүтээн байгуулалтын салбарт голлох хөрөнгө оруулалт оруулж, үүнээс гадна боловсрол соёлын салбарт 23 тэрбум, эрүүл мэндийн салбарт 8,5 тэрбум төгрөг зарцуулж, хэд хэдэн том бүтээн байгуулалт хийснийг Засаг дарга онцоллоо. Замын томоохон ажлын тухайд, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 193 км замын барилгын ажлыг үргэлжлүүлж, аймгийн төвд асфальтбетон хучилттай 7,6км автозам барьж, гэрэлтүүлэг чимэглэлийн хамт бүрэн тохижуулжээ. Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд Өндөрхаан хотод 174 айлын орон сууц барьж байна. Эдгээрт “Тулга констракшн” ХХК-ийн барьж буй 72 айлын, ОССК-ийн захиалгатай 30 айлын, “Талын язгууртан” ХХК-ийн барьж байгаа 60 айлын, “Хангарьд” ХХК-ийн барьж буй 12 айлын орон сууцны барилга багтсан юм. Эдгээр барилгын ажил одоогоор 70-90%-ийн гүйцэтгэлтэй байна. Өндөрхаан хотод гэр хорооллын 50 айлыг цэвэр, бохир ус, дулааны төвлөрсөн шугамд холбох 580 метр инженерийн шугам тавьж байна. Эхний ээлжинд 10 айлыг төвлөрсөн шугамд холбон халаалт, цэвэр усны шугамыг ашиглалтад оруулжээ. Хэнтий аймагт жижиг, дунд үйлдвэрлэл сэргэснийг аймгийн удирдллагууд онцлон тэмдэглэж байв. Засгийн газраас сум бүрт хөгжлийн сан байгуулж, хүн амын тооноос нь хамааруулан 50-265 сая төгрөг хуваарилан өгч байгаа. Энэ хөрөнгөөр 2009-2011 онд аймгийн хэмжээнд нийт 1593 төсөлд 6161,9 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Хэнтий аймагт шинээр байгуулагдсан зарим үйлдвэрээс дурьдвал, хоногт 2 тн сүү боловсруулах хүчин чадалтай “Өндөрхаан сүү” ОНӨҮГ-ын сүүний үйлдвэр, хоногт 120 бод, 250-300 бог нядалж хагас боловсруулах хүчин чадалтай махны анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр зэргийг дурьдлаа. Мөн мах, түүхий эдийн төвлөрсөн цэг байгуулахаар түүхий эдийн 9 агуулах, 300 тонн мах хадгалах багтаамжтай хөлдөөгч зоорь 2-ыг ашиглалтад оруулжээ. 2009-2012 онд 11 цэцэрлэгийн барилга шинээр барьж, хүчин чадлыг 900 гаруй суудлаар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр тус аймагт одоо ерөнхий боловсролын 26 сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлийн 2 төв, 32 цэцэрлэг ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн салбарт 2008-2012 онд 6 эмнэлэг шинээр баригдаж, 7 эмнэлэгт их засвар хийсэн байна. Одоо сумын эмнэлгүүдийн 71 хувь нь эмчийн байртай, 85 хувь нь эмнэлгийн зориулалттай байртай болж, багаж төхөөрөмжийн хангалт 87 хувьд хүрчээ. Хөдөө ахуйн салбарт энэ аймагт сүүлийн жилүүдэд чамлахааргүй ахиц дэвшил гаргасан байна. 2012-2013 оны өвөл 18 сумын 88 багт 7185 өрхийн 2,3 сая толгой мал өвөлжиж байна. Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр хэд хэдэн суманд тэжээлийн цех, бага оврын үйлдвэр байгуулжээ. Үүнээс гадна 2009-2012 онд шинээр улсын төсвөөр инженерийн хийцтэй 83 худаг, малчид иргэдийн оролцоотойгоор 127 энгийн худаг гаргаснаар нийт 550 орчим мянган га бэлчээр нэмж усжуулаад байна. Жил бүр тариалалтын хэмжээг нэмэгдүүлэн арвин ургац авах зорилт тавьж ажилласнаар энэ онд тариалалтын хэмжээ өмнөх оноос 37%-иар нэмэгджээ. Шинэчлэлийн Засгийн газраас зөвхөн төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй аймаг, орон нутагт ч ил тод, нээлттэй, тунгалаг ажиллахыг даалгаж байгаа. Хэнтий аймгийн хувьд аймгийн ЗДТГ-ын байрандаа өргөтгөл хийж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос хүргэдэг болжээ. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 32 төрийн байгууллагыг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож, ингэснээр үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлжээ. Түүнчлэн, төрийн болон төсөвт байгууллагуудын ажлыг өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс 08.00-17.00 цагт ажиллуулж эхэлжээ. Өөр нэг чухал шийдвэрийг Хэнтий аймгийн удирдлагууд гарган хэрэгжүүлж байгаагаа Ерөнхий сайдад дуулгав. Аймгийн ИТХ-ийн шийдвэрээр 2012 оноос аймгийн нутаг дэвсгэрт хайгуулийн лиценз олгохгүй болсон байна. Аймгийн удирдлагаас танилцуулсан дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Ерөнхий сайд зарим чухал асуудлаар чиглэл өгч, Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод туссан асуудлуудыг тайлбарласан юм. Аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, бусад цаг үеийн ажлаа ийнхүү танилцуулсны дараа тулгамдсан хэд хэдэн асуудлыг Ерөнхий сайдад дуулгав. Хэнтий аймгийн төвийн 22 мянган оршин суугчийн 9,7 хувь нь л орон сууцанд амьдардаг нь эндэхийн гол шийдвэрлэх асуудал болдог гэнэ. Мөн иргэдийн түлээ нүүрсний асуудал хүндрэлтэй байдаг тул ойрын хугацаанд зарим арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, аймгийн нутаг дэвсгэр дээрээс түлээний зориулалтаар мод бэлтгэн гадагш гаргахыг хоригложээ. Тулгамдсан эдгээр асуудалд үндэслэн орон нутгийн удирдлагын зүгээс Засгийн газрын тэргүүнд гурван чухал саналыг онцлон дэвшүүлэн тавьж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нэгдүгээрт, зураг төслийг нь хийж, замын ажлаа эхэлчихээд буй “Шинэ Өндөрхаан” төслийн дэд бүтэц байгуулахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгвөл энэ бүс нутагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, иргэдийн амьдралын нөхцөл эрс дээшлэхийг Ерөнхий сайдад уламжлав. Хоёрдугаарт, “Их эзэн богд Чингис хаан”-ы аялал жуулчлалын цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэхийг чухалчлан дуулгав. Чингис хаанаар овоглодог энэ нутагт аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой учир энэ салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж эрх баригчдад удаа дараа уламжилсан байна. Энэ дагуу Засгийн газрын тогтоол 6 удаа, Ерөнхийлөгчийн зарлиг 3 удаа гарсан ч одоог хүртэл дорвитой хөрөнгө гаргаж байгаагүй аж. Иймд энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжиллаа. Гуравдугаарт, Өндөрхаан-Дадал чиглэлийн хатуу хучилттай автозамын хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг орон нутгийн удирдлага мөн Ерөнхий сайдад дэвшүүлэн тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих