Шатахууны үнийг нэмүүлэхгүй
Зарим шатахуун түгээх станцууд нөөцгүй болсон гэсэн шалтгаанаар ДТ, АИ-92, АИ-95 шатахуунаа худалдаанд гаргахгүй байгаа бол зарим газарт зөвхөн картаар олгож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Уул уурхайн яамнаас өчигдөр 15.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж “Шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй”гэж мэдэгдлээ. Тус яамнаас мэдэгдсэнээр бол шатахууны үнийг нэмэхгүй байх янз бүрийн арга хэмжээ авч байгаа, мөн шатахуун стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн учраас үнэ нэмэх байсан ч харьяалах яам, Засгийн газарт мэдэгдэж зөвшилцөх ёстой гэлээ.
Гэвч үүнийг үл хайхран үнийг нь нэмчихвэл яах вэ гэсэн асуултад тэд “Хэрвээ Засгийн газар чиглэл өгөөгүй байхад үнээ нэмбэл үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах ч арга хэмжээ авч болно” гэж хариулжээ. Түүнчлэн ямар нэгэн хязгаарлалт, хүндрэлгүйгээр шатахуун худалдах ёстой гэлээ.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: