ЯПОНЧУУД 16 МЯНГАН ТОНН ЦАГААН БУДААГААР ТУСАЛЛАА
Япон улсын Засгийн газрын “Хүнсний буцалтгүй тусламж КR-1” төслийн хүрээнд 16 мянган тонн цагаан будаа хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Материал импекс” компанийн хашаанд боллоо.
Ёслолын ажиллагаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такенори нарын албаны хүмүүс оролцов.
ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлэхдээ, “Монгол Улс цагаан будааг 100 хувь гаднаас авдаг.
Тухайлбал өнгөрсөн онд манай улс 12 мянган тонн цагаан будааг импортлон хүнсэндээ хэрэглэжээ. Хүнсний тусламжаар нийлүүлж буй улаан буудай, цагаан будаа нь манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд их хувь нэмэр болдог. 16 мянган тонн цагаан будаа нь дотоодын хэрэгцээний 40 хувийг хангахаас гадна үнийг тогтвортой барихад гол хөшүүрэг болно” гэлээ.
Харин элчин сайд Шимизү Такенори “Энэ удаа 14.1 тэрбум төгрөгийн өртөгтэй цагаан будааг монголчуудад нийлүүлж байна. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа учраас энэ нь хамгийн сүүлчийн хүнсний буцалтгүй тусламж ч байж магадгүй” хэмээн онцолсон.
Япон улсын Засгийн газрын “Хүнсний буцалтгүй тусламж КR-1” төсөл нь 1991 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил тутамд 16 мянган тонн цагаан будааг манай улсад нийлүүлсэн байна. Мөн хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор “КR-2” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бордоог манайд нийлүүлжээ.
Б.Заяа
URL: