ЗААН БАЙСАН НЬ ДЭЭР Ч ЮМ ШИГ…

Лувсандамбын Дашням

Дэндэв сүүлийн үед сонин сонин юм их сонсдог болжээ. Үзэж мэдсэн, дуулсан сонссоноо хүмүүст ярихаар

- Дэндэв чи ер нь дэндэж байна шүү. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж хүмүүсийн толгой тархийг эргүүлдэгээ больж үз! гэж уцаарлацгаана. Зарим нь өөртөө холбоотой юмыг машид сонирхох боловч зарим нь бол харин ч жигтэйхэн дургүйцэж, сэгсэрдэг бүхнээ л сэгсэрнэ.

Байдал ийм болохоор Дэндэв явж явж өөртөө л тустайг мэдэж байхаар шийджээ. Юуны өмнө өөрийнхөө хэн байсан, хэн байгаа, хэн болохыг хүсэж мөрөөддөг вэ, түүнээ мэдэхийг оролдов. Урьдах, хойтох насны тухай яриа лам нарт л байх бөгөөд Дэндэв тэдэнд хэзээний дургүй, тэр битгий хэл аливааг шүтэж, бишрэх ч дургүй хүн байв. Тэр “Бусдын царай харж, сайн сайхан, болж бүтэхийг хүлээж хүсэх нь инээдтэй бөгөөд аврал, ачлал эрэх нь ерөөс бэлэнчлэгчдийн л ажил. !” гэж шүүмжлэх дуртай.

 

Гэтэл хүний явсан хийгээд явах зам мөр бүр нь нарийвчлаад өнгөрсөн, ирээдүйг хэлсэн “компьютерийн үйлдэл” байна гэдгийг сонсоод чих нь сортосхийжээ.

 

“Худлаа хэлдэггүй” гэж үнэлдэг өөрийн нэг сайн таних мэргэжлийн хүнээс асуувал

- Өө, тийм юм байхыг үгүйсгэхгүй. Загварчлалыг өмнөх мэдлэгт л тулгуурлаж хийдэг болохоор урьд нь хүн юу мэддэг, юу ярьдаг байсан байна түүнд нь түшиглээд элдэв төлөг мөлөг маягтай юм хийж болно-ш-дээ гэж байна.

“ Тэгэхээр юутай ч компьютер мэт техникийн тусламжтайгаар элдвийг “зохиомжлон” ямар нэг юм “хэлээд” байж болох нь. За тэгээд хүний биохэмнэлийг хэлдэг, оюуны чадвар болон бие махбодийн байдал оноолыг хэлж байгаа юм чинь бас л түүн шиг яагаад ер нь өнгөрсөн, ирээдүйг хэлж болохгүй гэж?” хэмээн өөрөөсөө асуун, тийм нэг “чадвартан”-тай уулзаж өөрийн өмнөх, хойтохыг төлөгдүүлжээ.

Компьютерийн мэдлэгтэний хэлснээр бол Дэндэв урд төрөлдөө заан байсан бөгөөд хойт төрөлдөө хэрэв буян сайн хийвэл сайн лам болох хүн юмсанж.

- Хэрэв буян сайн хийгээгүй бол юу болохов? Буян гэдэг нь одоо сайн үйл л гэсэн үг биз дээ гэвэл цаадах нь

- Тиймээ тийм. Буян хийхгүй бол та урт хүзүүт улаан шувуу болох юм байна! гэж бараг компьютерийхноо дэлгэцийг харахгүй шахам шуудхан дуугарчээ.

- Чи таачихав уу, үнэхээр тийм байна уу?

- Энэ үйлдлэгийн хувьд тэгж хэлж байна. Би таны “явдал”-ыг хараад л сууж байна л даа.

- Өөр бас явдлууд байгаа юм уу?

- Байна байна. Та өөртэйгөө холбоотой олон “мэдээ” хэлүүлж болно. Хэлүүлэх үү?

- За даа, эхлээд заан, лам хоёрынхоо учрыг олоё. Дараа нь улаан шувуугаа хайя.

Дэндэвийн компьютерч залуутай ярьсан нь ердөө л энэ.

Үйлчилгээ нь өөртөө таарсан хөөрхөн үнэ өртөгтэйгөөс гадна хэзээ ч дахиад юу ч асууж болох өргөн хариулттай юм гэнэ. Гэвч Дэндэв энэ удаад нэг л асуултаараа хязгаарлав. Юу гэвэл тэр зааны тухай ямар ч мэдлэггүй, хэдийгээр бөөн лам дунд амьдрах боловч тэдний талаар ч гаргууд сайн ойлголттой биш байж. Юутай ч амьтан байгаад хүн болсон, ахиад аягүй бол амьтан ч болж мэдэх хүн болж таарав.

Мэдэе гэснээ хийж гарлаа. Зааны тухай маш их мэдлэгтэй болж болохоор арвин их мэдээлэл байдаг юмсанж. Дэндэв сүүлдээ бүр заан судлаач ч болчих шахав. Заан байдаг олон орон, аль орны хаана амьдардагаасаа үл хамааран 50-70 насладагийг нь, хамгийн урт насласан заан 82 хүрснийг, эр эм зааны хувь заяа өөр өөр байдаг зэрэг олон зүйлийг Дэндэв мэдэж авав.

“Заан өдөрт 130-150 кг ургамал иддэг гэхийг бодоход хэрвээ тоо толгой нь хэтэрвэл энэ дэлхийгээ цөлмөчих амьтан юм байна л даа” гэж бодож суухдаа тэдний нэг нь өөрөө байсандаа ичих шиг болов. “Тийм их иддэг болохоор урт насладаггүй юм болов уу, 70-80 гэдэг чинь ч бага л байна даа” гэж бодсоноо “За за, ер нь ямар ч амьтан тэрнээс урт наслаад яах юм бэ. Тэр тусмаа амьтан адгуусны ихэнх нь зөвхөн л идэж уух, өсөж үржихийн төлөө л төрдөг биз дээ. Хүн ч гэсэн дээ их ялгаа ер юу байна? Бусад нь түүхэн турш хэрэглэж ашиглах юм хийдэг хүн ер нь хэд билээ?” гэж мөн л зааны амьдралыг өөртөө болон хүмүүст хамаатуулан шалган бодож суув.

“Би ер нь ямар заан байсан юм бол? Эр байсан бол дөнгөж 15 хүрээд л сүргээс хөөгддөг юм байна. Бусад заантай зодолдож нанчилдаад дийлэхгүй бол уг удамгүй үлдэнэ.  Эхийн хайр мэддэггүй багад нь эх нь хажиглаж хөөсөн учраас эр заан маш муухай ааштай, ууртай байдаг юм гэнэ.

Надад уур байдаггүй болохоор би эм ч байсан байж магадгүй. Хэрвээ эм байсан бол хань ижлийн хайраар огтхон ч дутаагүй амьтан байсан байж таарна. Тэр байтугаа эм төрсөн бол сүргийн манлайлагч ч болж болох л юм байна шүү дээ.

За за, миний сүргийн манлай гэж юу байсан юм бэ! Нэг л шороо манаргасан амьтан явна биз. Тугал мугал гаргаагүй, бусдыг хайрлах ч ухаан сөгөөгүй нэг юм яваа биз” гэж  залгуулан бодохдоо өөрийгөө ер нь лут сүрхий заан явсанаар бодож чадсангүй.

Гэхдээ олигтой амьтан болохгүйг нь төрмөгц нь л ус уруу живүүлчихдэг байгалийн хатуу хуулинд л лав би өртөөгүйг бодоход эр ч байсан, эм ч байсан амьдрах л хувьтай амьтан байж.

Заанууд өөд бологсдынхоо хойноос бүгдээрээ гашууддаг, гашуудахаараа уйлдаг, уйлахдаа нүднээсээ биш хошуунаасаа нулимс асгаруулдаг, хошуу гэдэг нь үнэн хэрэгтээ хамар нь болохыг Дэндэв нэг днэгэнгүй мэдэж авав.

Бурхан бологсдынхоо араас гашуудаж, харамсаж чаддаг, хамраараа ч болохноо уйлж, гиюүрч, энсэж чаддаг, их зөөлөн, энэрэнгүй сэтгэлтэй амьтан явсан нь түүнд таалагдсан боловч яаж яваад заан болчихсон, бас яаж яваад эргээд хүн болчихсон нь оньсого хэвээр үлдэв.

Бас эр заан ч байсан юм уу, эм заан ч явсан юм уу аль нь ч таахын аргагүй санагдав. Мэдэе гэвэл тэр тухайд дахиад л асуух хэрэг гарна. Гэтэл хариулт хэр зөв гэдэг нь итгэхэд, за итгэлтэй, найдвартай байлаа гээд яах ч юм билээ?

Зааны асуудал буюу урд насны явдал ингээд л дуусав.

Одоо хойт нас!

Лам гэдэг олон янз. Тэр байтугаа гэлэнмаа нар ч бий. Бас л аль нь болж төрөх юм бэ? гэдэг таавар. Асуудал зөндөөн. Бодвол дуусна ч гэж байхгүй биз. За таньдаг лам нараараа жишээлэн бодоё.

Лодон гуай, Бодун гуай хоёр нэг зиндааных гэдэг. Нэг нь ном уншиж, маань үглэж, эрхи эргүүлэхээс өөр юу ч хийхгүй. Ядаж хүн харын судас барьж ийм тийм худлаа үнэн юм юу ч хэлэхгүй. Тэр ч байтугаа хүмүүнийг, хүний амьдралыг, хорвоо дэлхийг “тоож” харах ч үгүй. Голцуу л нүд аниастай сууна. Өөрөө өөртөө оршигч гэж түүнийг хэлж болно. Тиймдээ ч юунд ч оролцоогүй, хэнд ч гэм хар байхгүй, чухамдаа эзэнгүй мэт эзэн л явна.

Гэтэл нөгөө нь “Би Бодун биш бодон гахай!” гэсэн янзтай тарган цатгалан ч гэж жигтэйхэн, оролцохгүй, хүрэлцэхгүй, хүрэхгүй юмгүй, хаа л бол хаана цохиж явна. Ерийн ардаас Ерөнхийлөгч хүрч чаддаг хүн бол тэр!

Ламд болдоггүй, цээртэй хориотой юм нь их гэх боловч Бодун гуайд бол хориулдаг, хясагддаг юм нэг ч үгүй. Тэр шалбуур өмд өмсөж, бүрх малгай духдуулаад, авгай хүүхэн эргүүлж, архи дарс балгана. Агсан согтуу ч тавина.

Дэндэв тэгэхээр аль лам нь болох нь тодорхойгүй. Магадгүй бүр лам болчих вий гэхээс үстэй толгой нь арзаймаар болно.

Бодож бодож “Ер нь тэр улаан шувуу гэгч нь болвол ч дээр юм уу даа” гэж шийдэв.

- Яагаад хүн болохгүй гэж?

- Хүн болоё гэхээр лам болчих гээд байна-ш-дээ.

- Яахав, шувуу болсонд орвол хүн яв л даа.

- Хүн гэдэг ямар амьтан вэ? Сайн бод доо!

Дэндэв одоо хүн байгаа болохоор хүний тухай өөрөөрөө жишээлэн бодов. Тэр муу юмыг их хийгээгүй ч, сайн юм бас л тэгтлээ нэг их хийсэнгүй. Тэр тусмаа магтагдаж, бахдагдахаар юм юу ч хийсэнгүй. Түүний хийж бүтээсэн бүхэн тэр буян гэдэгт нь багтах эсэхийг хэлэхэд хэцүү. Харин гагц өөртөө баярлууштай нь тэр нөгөө л заан удмаасаа өвлөсөн үү, яасан бэ, тун их өрөвч, юм л бол хавь ойрынхныгоо хайрлаж, эвийлдэг, шалтгаантай шалтгаангүй уярч хайлж, өр нимгэрч, сэтгэл хөндүүрлэж, юм л бол уйлчих гээд л явдаг амьтан байв. Магадгүй, нулимс нь заримдаа хамраараа ч урсдаг байж мэднэ.

“Тэгээд яах юм бэ? Энэ хорвоод чинь хүн уйлах гэж л ирдэг юм уу?”

Энэ бол түүний өөртөө тавьсан хамгийн том асуулт, хамгийн том дүгнэлт байлаа. “Хүн яах гэж төрдөг юм бэ?” Хоёрын хооронд идсэн ч биш, уусан ч биш, бусдыгаа, хорвоо дэлхийгээ хорлож явснаас нэгэнт л идэхээс цаашгүй төрснөөс хойш заан шиг арвинхан идээд, тааруухан наслаад (70-80 гэдэг ч бас их юмаа!) амгалан тайванхан амьдарсан нь дээр юм ч шиг…

- Яаж би хүн ч биш, шувуу ч биш, заан болж төрөх вэ?

- Юунд үүнийг хүсээд байгаа юм бэ?

- Яагаад гэвэл зааны их идэх нь гол биш. Тэр өөрийнхөө арьсыг цоо цоо хатгуулсан царил мэт том шөвөгийг газар унахад нь эзэндээ хошуугаараа аваад өгдөг юм. Тийм тэнэг ч гэх юм уу, тийм ухаантай амьтан. Дахиад цоо цоо хатгуулчихсан ч амандаа маань унших мэт хошуугаа дээш доош нь болгосоор, яарал үгүй нэгэн хоёр алхалсаар замаа даган оддог амьтан гээд бод доо.

Дэндэв заан явсандаа хязгааргүй их баярламаар санагдав.

 

 

2012.10.25

Улаанбаатар – Москва

Онгоцонд

 

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих