Шинэ төмөр замын ачааг “Монголын төмөр зам” нуруундаа үүрнэ

Өнгөрсөн мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хэлэлцсэн. Үр дүнд нь Даланзадгад-Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн буюу Сайншандад босох учиртай аж үйлдвэрийн паркийг дэмжихэд чиглэсэн 1100 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон юм.

Ямартай ч 2010 оноос хойш дуншсан асуудал одоо л нэг гараанаасаа гарч байна. Гэхдээ асуудалтай. Учир нь шинэ төмөр замын ажлыг дөнгөж эхлэхэд л 1.1 тэрбум амдоллар шаардлагатай. Үүнийг мэдээж “Хөгжлийн банк” хариуцна. Яагаад гэвэл Засгийн газраас хэрэгжүүлэх нэн шаардлагатай төслүүдийг энэ банк санхүүжүүлэх ёстой.

Гэтэл одоо “Хөгжлийн банк”-ны дансанд 500 хүрэхгүй сая ам.доллар л үлдсэн гэх тооцоо гарчээ. Үүнээс “Эрдэнэс Таван толгой” компани 250 сая ам.долларыг нь зээлнэ гэж Засгийн газартай тохиролцсон гэсэн. Ингээд Засгийн газрыг барьцаалан байж босгосон хөрөнгө “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дөнгөж эхлүүлээд замхрах бололтой.

Ийм болохоор Засгийн газар бүх ачааг “Монголын төмөр зам”-д даатгаж, төслийн санхүүжилтийг төрийн өмч давамгайлсан байдлаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран зохион байгуулах хатуу үүрэг өгсөн байна.

Ингээд Монголын төр тооцоогүй ажлуудынхаа уршиг, улстөрчдийн элдэв амлалт, хий ихтэй санаачилгуудын улмаас хоёр дахь их өртэйгөө золгох нь тодорхой болж байх шиг. Өнөөдрийн байд­лаар Монгол Улсын гадаад өр 13 их наяд төгрөгт хүрсэн аж. Үүний гурван их наяд нь Засгийн газрынх юм байна. Харин одоо “Монголын төмөр зам”-аар дамжин цугларч, шинэ төмөр замыг босгох ажилд зарцуулагдах мөнгө ч их өрийг зузаатгах нь тодорхой болов.

Хамгийн гол нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Standard & Poors”, “Fitch”, “Moody’s” ком­паниуд “Тогтвортой” гэж тодор­хойлжээ. Гэхдээ үүний эс­рэг олон улсын байгууллагууд Монголын улстөрийн тодорхой бус байдал болон банкны зээл хэт хурдацтайгаар өсч байгаа нь зээлийн чанарын эрсдэл дагуулж, банкны салбарт доголдол үүсгэж болзошгүй гэсэн байна.

Мөн төсвийн зардлыг хэт өс­гөж, төсвийн тогтвортой байд­лын ту­хай хууль бодитоор хэрэгждэггүй. Гадаад орчноос эдийн засаг нь хэт хараат учраас экспортын орлого буурч, тэнцвэргүй байдал үүсэх эрсдэл өндөр.

Төсвөөс гадна Засгийн газрын батлан даалт гаргаж “Хөгжлийн банк” 600 сая ам.долларын үнэт цаас гаргасны дээр дахин 1.5-2 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байгаа нь гадаад өр эрс өсөх нөхцөл болно. Валютын ханшийн тогтворгүй байдал болон ханшийн эрсдэлээс үүсэх санхүүгийн таагүй байдал Монголын эдийн засагт оршсоор байгааг эдийн засагчид хэлдэг.

Гэвч хэтэрхий үрэлгэн улс­төрчид төсөв батлахдаа дуртай тоогоо тавьдаг гэхэд хилсдэхгүй. Гол нь үүний горыг Сангийн яам, эсвэл Засгийн газар амсахгүй, “Хөгжлийн банк”, “Монголын төмөр зам” зэрэг төрийн өмчийн хэдхэн байгууллага болон хувийн хэвшил нуруундаа үүрдэг.


URL:

Сэтгэгдэл бичих