“ОЮУ ТОЛГОЙ” ХХК ХЯТАДААС ЭРЧИМ ХҮЧ АВАХААР БОЛЖЭЭ

“Оюу Толгой” компани БНХАУ-ын ӨМӨЗО-оос цахилгаан эрчим хүч авах хэлэлцээгээ дуусгаж, хоёр тал энэ талаар тохиролцон, даваа гарагт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Эрчим хүчийг ӨМӨЗО-ы Баяннуур аймгаас “Оюу Толгой” төслийн талбай руу татахаар болжээ.
“Өмнийн говь дахь Оюу Толгойн зэс, алтны уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан нь уурхайн их бүтээн байгуулалтын нэгэн чухал үйл явдал боллоо” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Тэрбээр, эрчим хүчтэй болсноор баяжуулах үйлдвэр удахгүй ашиглалтад орж, улмаар төлөвлөсөн ёсоор 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах боломжтой болсныг онцолжээ.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей эрчим хүчний гэрээний талаар хэлэхдээ “Оюу Толгой төслийн хамт олны хувьд болон үйлдвэрлэлийг эхлүүлэхэд бас нэг том алхам боллоо. Монголын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалт болсон энэхүү төсөлд шаардлагатай эрчим хүчийг баталгаажууллаа. Энэ бол маш чухал мөч төдийгүй Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал боллоо” гэж онцлон тэмдэглэжээ.
БНХАУ-ын талтай эрчим хүчний гэрээ хэлэлцээ хийсэн баг нь “Оюу Толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн төлөөллөөс бүрдсэн байжээ. Манай улсын Засгийн газраас “Оюу Толгой” төслийн эрчим хүчийг Тавантолгойд цахилгаан станц барьж шийдэх саналыг тавьж байсан ч ийнхүү асуудал шийдэгджээ.
“Оюу Толгой” компани үүнийг “Монгол Улсын эрчим хүчний төвийн сүлжээ Оюу Толгойд шаардагдах эрчим хүчийг хангаж чадахгүй, мөн дэд бүтэц, үнэ өртөг зэрэг асуудлаас хамаарч ОХУ-аас эрчим хүч авах нь эдийн засгийн хувьд ашиггүй учраас БНХАУ-аас эрчим хүч худалдаж авч байгаа юм” хэмээн тайлбарласан байна.
Ш.Батболд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих