Нэгдүгээр эгнээгээр явахыг хориглосон нь шийтгэл үү, ширүүхэн хэлэхэд ял уу

Жолоо барих хэцүү. Тэгвэл жолооч байх бүр ч хэцүү болжээ. Сандал ширээтэйгээ зууралдсан улстөрчид сав л хийвэл жолооч   нарыг дарамтлах болов. Авто замын нэгдүгээр эгнээгээр явах эрхийг нь боомилоод зогсохгүй, албадан даатгалд хамруулж халаасыг нь  сэгсэрсэн.  Одоо бүр давраад шатахуунаар нь шантааж хийж эхлэв. Төрийн жолоо алдагдвал түмэн олны жолоо барих эрх   “хязгаарлагддаг” юм байна. Хэн нэгний буруутай үйлдлээс биш хэсэг бүлэг олигархиудын     шийдвэрээр   хотын төв   хэсгээр жолоо мушгих эрхгүй болсон. Нэгдүгээр  эгнээгээр    автобус, таксинаас өөр унаа явахгүй байх журмыг  хотын удирдлагууд “хор” найруулан   байж гаргасан   гэхэд хилсдэхгүй.  Эл шийдвэр зарим нэгний сайшаалыг хүлээсэн ч ихэнх жолооч нарын уурыг хүргэсэн урагшгүй ажил. Манайх шиг хот төлөвлөлт муутай улсад ахадсан шийтгэл гэлтэй. Өндөр хөгжилтэй орнуудад өргөн замаар хязгаарлалт хийж замын хөдөлгөөнөө зохицуулдаг.

Гэтэл ганц, хоёрхон эгнээ замтай байж хязгаарлалт хийж “тэнэгтдэг” улс гэвэл манайх л байх. Жилийн жилд хэл ам дагуулдаг зам засварын ажил энэ онд эрчимтэй хийгдсэн ч эвдэрхий, сэтэрхий зам энд тэндгүй байгаа. Зам засвар нэрийдлээр зардал мөнгийг нь “идчихдэг” замбараагүй замын компаниудын бал­гаар жолоочийн эрх хумигдаж зорчих хэсгээр явах эрхгүй болсон.

Эрхээ “хасуулсан” жолооч нар нэгдүгээр эгнээ рүү энэ насандаа ч орох эрхгүй хэрэг үү. Ийм шийдвэр  гаргачихаад   “Замын хөдөлгөөний ачаалал буурсан” гээд ярихаасаа ичээсэй. Дан ганц нэгдүгээр эгнээгээр явуулахгүй байлаа гээд замын ачаалал буурна гэж байхгүй. Жолоочийн хариуцлагын даатгал, автомашин оношлогооны хураамж гээд яах нь мэдэгдэхгүй хурааж авсан мөнгөнүүд хэний халаасанд шургалчихаад эцэст нь иргэдэд хариуцлага тооцоод байгаа юм бэ. Жолооны  курст сураад жолооч болсон  хүн бүхэн хотын төв  хэсгээр, бүр цаашлаад нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй баймаар. Гэтэл хотын даргын хоромхон зуурын сэтгэлийн хөөрлөөр жолооч нарыг нэгдүгээр эгнээгээр явахыг хориглосон нь шийтгэл үү, ширүүхэн хэлэхэд ял уу.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих