“МАК”-ийн хайгуулчдын балгаар Завханд нүүрлэсэн “гамшиг”
Дөрвөлжин суманд хайгуул хийсэн “МАК”-ийн ажилчид нинжа нарт мэдээлэл дамжуулснаар хоёр сумын нутаг сүйдээд байна
Монгол Улсын хэмжээнд нинжа нарын гарт сүйтгэгдээгүй ганцхан аймаг нь Завхан байв. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг нинжа нарын дайрлагад өртсөнөөр энэ аймаг уул уурхайн бодит эмгэнэлтэй нүүр тулсан билээ. Хамгийн сонирхолтой нь Завхан аймагт гарсан алтны судлыг нинжа нар өөрсдөө очоод нээчихсэн юм биш. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “МАК” ХХК-ийн хайгуулчид Дөрвөлжин сумын нутагт алтны судал илрүүлсэн тухай мэдээллээ нууцалж чадаагүйгээс ганцхан жилийн дотор хоёр сумыг дамнасан газар нутаг сүйдээд байна.
Энэ асуудалтай холбогдуулан манай сурвалжлах хэсэг Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумыг зорьсон юм. Завхан аймгийн хувьд бас л алслагдсан аймгуудын нэг. Аймгийн төв Улиастай хот Улаанбаатараас 1000 гаруй км-т оршдог бол Ховд, Увс аймгийн нутагтай хил залгаа Дөрвөлжин, Ургамал сумд нь бараг 1400 км-т оршдог юм билээ.
Үүр цайхтай зэрэгцэн Улаанбаатар хотоос хөдөлсөн бид Архангай аймгийн Чулуут сум хүртэл засмал замаар явлаа. Их үдийн алдад шороон замтай залгасныг ч хэлэх үү хэсэг яваад л нар давчихав. Завханы нутаг дөхөх тусам цаг агаар ч таагүй болж, наран жаргах зүгээс үүл харанхуйлаад ирлээ. Завханы “босго” гэгдэх Солонготын даваа дөхөх тусам манай багийнхан тэрүүхэндээ ямар нэгэн зүйлээс эмээнэ. Арга ч үгүй биз. Цагтаа тээвэрчдийг шүүрс алдуулдаг байсан Солонготын давааг харуй бүрийгээр давна гэдэг бас л яггүй. Өдөр бүр яваад сурчихсан хот хоорондын жолооч нарт ч хэцүү гэдгээрээ алдартай шүү дээ. Ингэж явсаар манай сурвалжлах хэсэг Завханы нутагт орлоо. Даваа давах үест цасаар шуурч эхэлсэн юм. Ер нь л Архангай, Завханы хил залгаа сумдын уул, толгод цасаар хучигдаад, хэдийнэ өвөл болчихжээ. Цас будрах тусам шуурга тавьж, зам мэдэхгүй мань мэтийн хүмүүст нэлээд төвөг учруулах янзтай.
Харин бид зорьсон газартаа хүрэхийн тулд Тосонцэнгэл сумаар дайрч Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Сантмаргац гэсэн сумдаар дамжиж явлаа. Зам зуур Тэлмэн, Баян гэсэн хоёр ч том нууртай таарна. Тэлмэн нуурын урт нь 27.6 км, өргөн нь 12.1 км бол Баян нуур нь 40-50 метр гүн, урт нь 30 км, өргөн нь 18 км ажээ. Хоёулаа цэнгэг устай.
Ерөнхийдөө Завхан аймгийн нутаг хангай, говь гэсэн бүсэд хуваагдана. Хангай, говийн бүсийг Ургамал сумын нутагт орших Бор хярын элсэн манхан заагладаг юм байна. Үнэхээр ч 300 гаруй км үргэлжлэх Бор хярын элсэн манхан дөхөх үед цасан шуурга арилаад манхны ойролцоох нутагт нар шарж, намраараа байна лээ. Хангайн бүсэд байрлах Түдэвтэй суманд шөнөдөө -26 хэм хүрч хүйтэрсэн бол говийн бүсэд орших Ургамал суманд шөнөдөө -8 хүрч байсан.
Мэдээлэл задруулсан “МАК”-ийнхантай хариуцлага тооцвол яасан юм бэ
Түдэвтэй суманд хоноглосон манай сурвалжлах хэсэг нар хэлбийхтэй зэрэгцэн Бор хярын элсэн манхныг захалсаар Ургамал суманд ирэв. Элсэн манхныг тойров уу, үгүй юу хэдэн зуун салаа зам тэртээх уулыг чиглэн зурайна. Говийн бүсийн эмзэг хөрсийг нинжа нарын хөлөглөсөн машин хайр найргүй хэрчиж, олон салаа зам үүсгэсэн нь энэ. Нинжа нарын зам гэдгийг батлах нэг зүйл нь зам дагасан гялгар уут, архины шил бүхий хог, новш. Тэнд төөрсөн хүн архины шил хөглөрсөн замыг дагаад явбал алтны газрыг төвөггүйхэн олчихмоор санагдсан. Нинжа гэх тодотголтой хагас зэрлэгшсэн алтны эрэлчид байгаль орчныг иймэрхүү болгодог аж. Энэ бол дөнгөж эхлэл нь.
Архины шил бүхий хог новш хөглөрсөн замаар туучсаар Ургамал сумын төв рүү орлоо. Энэ сум нинжа нарын дүйвээнд нэлээд өртжээ. Аймаг хоорондын хил залгаа нутагт оршдог тул юм, юмнаас алслагдсан. 1300 гаруй хүн амтай энэ сум хөгжил гэхээр зүйлгүй, төвийн цахилгаан, авто замд холбогдоогүй. Ёстой л бор зүрхээрээ явж байгаа сум. Зуны улиралд нарны гэрлийн зайн хураагуураар сумынхаа цахилгааныг хангачихдаг учраас “Жи мобайл”-ийн сүлжээ барина. Харин өвөл нар гарахгүй л бол гэрэл цахилгаангүй, тас харанхуй сууна гэсэн үг. Сумын төв нь есөн жилийн дунд сургуультай.
Ургамал сумын нутагт алт гарснаас хойш нинжа нарт нэлээд дээрэлхүүлсэн тухай орон нутгийн иргэд ярьж байна лээ. Анх энэ алтны судал Дөрвөлжин сумын Бөрчигтий хэмээх ууланд илэрсэн байна. Тухайн үед “МАК” ХХК-ийн хүмүүс Бөрчигтий ууланд хайгуул хийж, алтны судал илрүүлжээ. Харамсалтай нь, “МАК” ХХК-ийн хайгуулчид дотроосоо нууц задруулснаар өнөөдөр Дөрвөлжин, Ургамал гэх хоёр сумын нутаг нинжа нарын гарт сүйдээд байгаа юм.
“МАК”-ийнхан судал илрүүлсний дараахан Бөрчигтий ууланд хамгийн эхлээд Ховд аймгийн гэх хэсэг хүмүүс ирж, алт ухаж эхэлсэн байна. Улмаар тэлэгдэж, Ургамал сумын нутаг Улаан толгой гэдэг газар хүртэл үргэлжилжээ. Одоогийн байдлаар 20-30 орчим км газар нутаг нинжа нарын гарт сүйтээд байна. Тэгэхээр үндсэндээ “МАК” ХХК-ийнхантай асар том хариуцлагын асуудал ярих нөхцөл бүрджээ. Мэдээж, ухаж сүйтгэсэн газрыг нинжа нар нөхөн сэргээхгүй. Тиймээс алтны судал илрүүлчихээд мэдээллийнхээ нууцыг задруулж, байгаль орчин сүйдэх эхлэлийг тавьсан “МАК”-ынхныг буруутгаж болох юм.
Машинаа сансрын холбоогоор тоноглосон нинжа нар ямар ч мэдээллийг хүлээж авдаг
Газар нутгаа сүйтгүүлэхгүй гэсэн Ургамал сумын иргэд хэсгийн төлөөлөгч, захиргааны хүмүүстэйгээ хэд хэдэн удаа очиж, нинжа нарыг хөөсөн боловч эргэж ирэхдээ нэмэгдээд л байж. Эхэндээ 30-40 хүнийг сумын цагдаа нарын хүчээр хөөж, багаж хэрэгслийг нь хураачихдаг байжээ. Гэвч хөөгдөж явсан нэг хүн 2-3 хүн дагуулж ирсээр сүүлдээ хүчрэгдэхгүй болсон байна. Хураалгасан металл хайгч, багаж хэрэгслийг эргүүлж авахаар захиргааны үүдээр эргэлддэг болж. Бүр сүүлдээ бүлэглэсэн нинжа нар сумын цагдаа болон нутгийн иргэдийн эсрэг үзүүртэй төмрөөр зэвсэглэн ирж, “Нинжа нарыг хөөж байсан түүх Монголд байдаггүй юм. Та нарыг яахыг чинь харъя” гэх зэргээр дарамталдаг болсон байна.
Гэхдээ Ургамал, Дөрвөлжин сумын зааг бүхий нутаг дахь алтны газарт төвлөрөөд байсан 1500 гаруй нинжаг Завхан аймгийн Цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн Ерөнхий газрын баг бүрэлдэхүүн тараасан. Одоогоор тус бүс нутгийг цагдаагийн байгууллагын хамгаалалтад аваад байгаа юм.
Хамгийн гол нь, манайхан нинжа гэхээр л хоногийнхоо хоолны мөнгийг олох гэж яваа, ядарсан хүмүүс байдаг мэтээр төсөөлдөг. Тэгвэл тэр цаг ард хоцорчээ. Монголд нинжа буюу гар аргаар алт олборлогчид бий болоод 10-аад жил болсон. Өнгөрсөн хугацаанд нинжа гэх тодотголтой эдгээр хэсэг бүлэг хүмүүс улам бүр нарийн зохион байгуулалтад орж, мафийн шинжтэй болчихсон байгааг цагдаагийн байгууллага баталж байна лээ. Өнөөдөр нинжа гэх бүлэглэл Монголд байхгүй өндөр хүчин чадалтай металл хайгч, сансрын холбоо ашиглаж байна. Унадаг унаа нь “Ланд 200”, “Лексус 570”. Ядарсан нинжа л “Ланд-80” унадаг болж.
Алтаар хөлжсөн нинжа нарын эдэлж хэрэглэж бай-гаа хэрэгсэл үнэхээр өндөр түвшнийх. 20 саяын металл хайгч хэрэглэх нь энгийн зүйл. Муухан геологичоос дээр тоноглогдсон байна. Унасан машинаа сансрын холбоогоор тоноглодог учраас Монгол орны хаанаас ч мэдээлэл хүлээж авах боломжтой. Ямар сайндаа Улаанбаатар хот, Завхан аймгаас цагдаагийн хүч гарах өдрийг сумын удирдлагуудаас түрүүлж мэдсэн байсан гэх. Цагдаагийн хүч хотоос гарах гэж хоёр өдөр болсон талаар зарим хүмүүс ярьж байсан. Энэ дагуу Ургамал сумын төв дэх нинжа нарын мэдээлэгчид эхний өдөр нь “Цагдаагийн хүч хотоос хөдөллөө” гэсэн мэдээллийг нинжа нарт цацахад “Өнөөдөр гарахгүй ээ. Маргааш болж хойшлогдсон” гэж байжээ. Маргааш нь цагдаа нар хотоос яг хөдлөхөд л Ургамал сумын нутагт төвлөрсөн 1500 гаруй нинжа тал тал тийшээ бутран алга болжээ. Ингэж л нарийн мэдээллийг цаг тухай бүрт нь авдаг болсон байна.
“Фургон” машин хөлөглөсөн нинжаг ядуу гэж бодох хэрэггүй. Харин ч хамгийн тохиромжтой унаа. Тэд “Фургон” машиныхаа арын суудлыг авч хаяад оронд нь хоёр давхар ор тавьчихдаг аж. Гал тогоо, гар угаалга, халаалт гээд бүгдийг нь шийдчихсэн. Ерөөсөө л алт ухаж, хээр явах зориулалттай болгож тоноглодог юм байна.
Ургамалд цугларсан нинжа нарыг эрүүгийн хэрэгтнүүд зохион байгуулалтад оруулж байжээ
Нинжа нарыг мафийн шинжтэй болсон гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байсан. Энэ нь Ургамал сумын алтны эргэн тойронд болсон үйл явцаас дахин батлагджээ. Алттай газар цугларсан нинжа нарыг зохион байгуулалтад оруулдаг цөөхөн хэдэн хүн байдаг аж. Энэ хүмүүсийн ихэнх нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан цагдаагийн хар дансанд бүртгэлтэй хүмүүс. Хэдэн жилийн өмнө Говь-Алтай аймгийн Бигэр сумыг түйвээж байсан зохион байгуулагчид сая Ургамал суманд ирж, зохион байгуулсан гэдгийг албаны хүмүүс онцолж байсан.
Мэдээж энэ хүмүүсийн хажуугаар сум орон нутгийн иргэд болон гол зохион байгуулагчдын золионд явж байдаг хүмүүс бий. Зохион байгуулагчид нь өөрсдөө алт ухахгүй, ийм хүмүүсээр алтаа ухуулж, худалдаж авах л үүрэгтэй. Иймээс аймаг бүрээс холбоо сүлбээтэй нинжа нарыг дуудаж, худал цуурхал тарааж, аль болох олон хүн цуглуулах бодлого баримтална. Олон нинжа цуглах тусам их алт худалдаж авна.
Гэтэл бодит байдал дээр нинжа нарын цуурсан шиг алт нь алга. Гэсэн ч эрх биш тэнд зориод очсон юм болохоор ухаж үздэг аж. Энэ бол нинжа бүлэглэлийн энгийн зарчим. Үүнээс далдуур юу болдгийг мэдэх аргагүй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас алтны нинжа нарын дунд нэвтэрч, нэлээд мэдээлэл судалгаа явуулсны үр дүнд Ургамал суманд ирсэн нинжа нарыг зохион байгуулсан этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.
Бас нэг сонирхолтой зүйл нь алт, мөнгөний асуудал яригдаж байгаа тухайн газарт садар самуун ч нүүж явдаг гэнэ. Нэг машинд дор хаяж 5-6 нинжа сууж ирдэг аж. Машин бүрт нэг эмэгтэй хүн бий. Зарим нь гал тогоо барьдаг бол зарим нь өөр зорилготой. Мэдээж асар их мөнгө, архидалт, хууль бус үйл ажиллагаа болж байгаа учраас биеэ үнэлэлт, янхандалт ч дагаж явдаг бололтой.
Тэнд архи, тамхи, хоолны наймаа хамгийн ашигтай. Ургамал сумын зүгээс иргэдийнхээ аюулгүй байдлыг бодолцож, сумын төвд архи, согтууруулах ундаа зарахыг хоригложээ. Ийм хориг тавьсаны маргаашнаас л бүхээгтэй машинууд алт гарч буй Улаан толгойн зүг хөврөх болсон байна. Алтныхан дээр очсон нэг бүхээгтэй машин өдөртөө бараагаа дуусгачихаад шөнөдөө нутаг буцах жишээтэй.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: