Гэрийн эмэгтэй 5 зөвлөмж
Гэрлэхээсээ өмнө чи олон зүйлд цаг гаргадаг, гялалзсан хүчирхэг бүсгүй байсан байх. Хайрттайгаа л гэрлэвэл цаашид улам илүү жаргалтай болно гэдэг сайхан төсөөлөл чамайг өнөөдрийн амьдралд хөтөлсөн гэдэгт ч эргэлзэхгүй байна.
Гэхдээ эргээд харахад олигтой уулзалт цуглаанд ч явдаггүй, гэрийн ажлаа хийж өдрийг өнгөрөөгөөд байвал дараах зөвлөмжүүдэд анхаарлаа хандуулаарай. Одоо байгаа зүйлсээ илүү үнэ цэнэтэйгээр мэдэрч, хором мөч бүхнийг гэрийн эзэгтэй байсныхаа төлөө хөгжилтэй өнгөрүүлэх боломж байгааг олж хараарай.
1.Хийх дуртай зүйлээ ол
Эртнээс хичээллэхийг хүсдэг байсан спортынхоо секцэнд бүртгүүл. Хэрвээ цаганд баригдахыг хүсэхгүй байгаа бол долоо хоногт нэг удаа хичээллэдэг ууланд авирах, явган алхалтын клубд ч бүртгүүлж болно шүү дээ. Бидний бодсоноос ч олон эрч хүчтэй ажил байгаа. Гол нь бид өөрөө өөртөө цаг гаргаж энэ тухай судлаагүйд л гол учир байгаа юм.
2.Уригдсан үйл ажиллагаа байгаа бол заавал яв
Хүмүүстэй холбогдож, санал бодлоо хуваалцахгүй болж чи хэзээ ч гаднах ертөнцтэй жинхэнээсээ холбогдож чадахгүй. Тиймээс бүхэл өдөржингөө гэртээ суугаад байлгүй уригдсан үйл ажиллагаандаа яваад оч. Заавал хүлээн авалт, томоохон арга хэмжээ байх албагүйг санаарай. Ажлынхаа залуугийн гэр бүлд төрсөн шинэ хүүхдийн баяр, байрны найр, номны нээлт гэх мэт урьд нь очих хэрэггүй гэж боддог байсан зүйлүүддээ цаг гаргаад үзвэл цоо шинэ мэдрэмжийг ч авах юм билүү? Энэ бол бусдаас хэрэгтэй зүйлээ “шүүрдэж” авах том талбар юм шүү.
3.Сонирхлоо ажил хэрэг болгон хөгжүүл
Маш олон эмэгтэйчүүд гэрийн эзэгтэй болж төрснийхөө дараа хэдэн сараас хэдэн жил хүртэл удаан хугацаагаар ажлаа орхиж хүүхдээ өсгөх шаардлагатай болдог. Дуртай ажлаасаа түр хөндийрлөө гээд энэ нь хорвоо ертөнц хөмрөөд, гэрийн авгай болчихлоо гэсэн үг яав ч биш. Харин ч чамд хоббигоо хөгжүүлж ажил хэрэг болгох маш том боломж. цаг хугацаа олдож байна гэсэн үг. Хоол хийх, юм оёх, нэхэх, ном унших гэх мэт гэртээ байхдаа ч хийж болдог хоббинууддаа яг одоо за гэж хэлээрэй. Гэрийн эзэгтэй нарт зориулсан хоолны жортой ном бичих, номын хорхойтнуудад зориулсан цахим клуб байгуулах, оёсон хувцаснуудаараа зургийн цуглуулга гаргах гэх мэт олон төрлийн бүтээлч санаагаа “ахисан” түвшинд хэрэгжүүлээд үзэцгээе.
4.Найзуудтайгаа өөрийгөө харьцуулахаа боль
Гэрлэснээсээ хойш найз нөхөдтэйгээ тавтай уулзаж суух цаг зав хомсдсон биз дээ? Хааяа нэг тэдэнтэйгээ уулзахад ажил дээрээ тушаал дэвшсэн, шинэ найз залуу нь ямар гэнэтийн бэлэг барьсан, удахгүй гадаад руу томилолтоор явах гэж байгаа зэрэг олон сайхан мэдээ ганц бие найзуудыг чинь хүрээлж байдагт бүү сэтгэлээр унаарай. Энэ бол чиний бас хайртын чинь сонгосон амьдрал гэдгийг санаж, өөдрөг хэвээр үлдэх замыг сонговол ирээдүйд цоо шинэ боломжууд ар араасаа гарч ирнэ. Тэгээд ч удаан уулзаагүй найз нөхөд “Амьдрал ийм байна, тийм байна” гэж гомдоллохын оронд хамгийн түрүүнд сайхан мэдээгээ л дуулгахыг бодно биз дээ?
5. Инээмсэглэ, нэг л амьдрана гэдгээ сана
Өнөөдөр хэчнээн олон бэрхшээл байсан ч чи эерэгээр зөв зүйлд анхаарлаа хандуулвал тэдгээрийг засаж өөрчилж чадна гэдэгтээ итгээрэй. Хүн болгонд сайн хадам ээж, сайхан ажил, халамжтай нөхөр, хүссэн бие галбир цогцлохгүй ч гэлээ хандах хандлагаа өөрчлөх боломж үргэлж бий. Тэмдэглэлт өдөр болгоныг санаад байдаггүй ч төрсөн өдрөөр чинь чихэр, сарнай бариад ороод ирдэг нөхрөө “Хэнэггүй амьтан юм байгаа юм ш дээ” гэж өхөөрдөн хайрлаарай. Хатуу ширүүн үг хэлчихдэг ч цаанаа цайлган хадам ээжээ “Хал нь гаднаа, хайр нь дотроо хүн” гэж бодож хайрлаарай. Жингээ үзээд хошуугаа унжуулахын оронд “Маргааш зад турна аа” гэж хэлээд тас тас хөхөрсөн нь хамаагүй эерэг шийдэл байж мэднэ. Яагаад гэвэл бурхан аз жаргал алга гэж гомдоллодог хүнд бус аз жаргал одоо ч дэргэд минь байна гэж боддог хүнд л гараа сунгадаг юм шүү.
Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”
URL: