“Петровис” ХХК-ны шатахуун нөөцлөх агуулахад шалгалт хийнэ

Энэ сарын 5-наас эхэлж Улаанбаатар хотод байршилтай шатахуун түгээх станцууд АИ92, АИ95, дизелт түлшний нөөц дуусаж байгаа, дууссан гэх мэтээр ярьж шатахууныхаа борлуултыг зогсоох, картаар олгох зэргээр түгээж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө “Петровис”-ын удирдлагууд ОХУ-ын “Роснефть” ханган нийлүүлэгч компани шатахуун түлшний үнийг нэмсэн тул бид ч мөн доод тал нь 200-230 төгрөгөөр литр тутмын үнийг нэмэхээс өөр аргагүй болсон гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл АИ-92 бензин түлш өнгөрсөн сар “Петровис” компанийн нэр дээр хилээр хангалттай хэмжээгээр орж ирсэн тухай мэдээлэл байна.

Харин тус компанийн удирдлагууд үнээ нэмсэний дараа нөөцөлсөн шатахуунаа зарах бодлого барьж байгаа гэх хардлагыг бий болгов. Учир нь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай шатахууны үнийг дээд тал нь литр тутамд 40-50 төгрөгөөр нэмэхэд хангалттай гэж мэдэгдсэн билээ. Гэтэл маргааш болох Үнэ тогтоох хорооны хурлаар дээрх асуудал шийдэгдэхээс өмнө буюу 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагаас нөгөө байхгүй гээд байсан бензинийг борлуулж эхлэх болсон нь гайхшрал төрүүлж байна.

Хэрэв уг шалгалтаар бензин нөөцөлсөн нь илэрвэл өнгөрсөн жилийн орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах хуультай юм байна. Тиймээс “Петровис”-ынхан шоргоолж шиг бужигналдаж нөөцөлж байсан шатахуунаа гаргаж ирж зарахаас өөрцгүй болов. Харин дээрх компанийн үнэ нэмэх асуудлаас үүдэн нийгэмд бухимдал үүсч, бусад шатахуун борлуулдаг компаниудын ШТС дээр ганц өдөр бөөн дараалал үүсэв. ОХУ-д дизель болон шатахууны хомсдол тодорхой хэмжээнд бий болсон ч Монголын компаниудтай хийсэн гэрээ ёсоор нийлүүлэлтийн хэмжээнд нэг их өөрчлөлт гарахгүй ажээ.

 

Л.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих