“Голдман Сакс”-ийн захирлууд хөнжилдөө хөлөө жийлцэв

Тавантолгойн ордыг хариуцагч «Эрдэнэс Таван-толгой» компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах ажлыг АНУ-ын «Голдман Сакс» болон Германы «Дойче Банк» гүйцэтгэхээр болсон. Тэр ч үүднээсээ эдгээр банкуудын талаар ард иргэдэд таниулахын тулд энэхүү хоёр банкны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Гэхдээ энэхүү хоёр банкны талаар зөвхөн таагүй мэдээ чих дэлсэх болсон нь бид ямар эрхмүүдээр хариуцлагатай чухал ажлыг гүйцэтгүүлэхээр болчихов гэх эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Өмнө нь бид «Голдман Сакс» банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн асан Ражат Гапта санхүүгийн үйлчилгээний «Галлоен Групп»-ийг үндэслэгч тэрбумтан Раж Ражаратнамд орлогын нууц мэдээлэл дамжуулсан хэрэг үйлдсэн талаар мэдээлсэн. Харин энэ долоо хоногт хэрэгт холбогдсон Раж Ражаратнамыг шүүх хурал болж байна. Түүнийг шүүх хуралд «Голдман Сакс» банкны ерөнхийлөгч Лойд Бланкфейн мэдүүлэг өгсөн өгсөн бөгөөд мэдүүлэгтээ нэлээд сэжиг бүхий зүйлсийг ярьжээ.

Ноён Лойд Бланкфейнээс шүүгч «Та ТУЗ-ийн гишүүн асан Ражат Гапта нууц мэдээлэл дамжуулан удирдах зөвлөлийн дүрмийг зөрчсөн гэж бодож байна уу» гэхэд тэрбээр «Тийм. Учир нь бид компанийн талаарх мэдээлэл гадагшаа алдагдахыг зөвшөөрдөггүй» гэж хариулжээ. Лойд Бланкфейн ийнхүү ТУЗ-ийн экс гишүүнийхээ хэргийг улам  хүндрүүлэх хариулт хэлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Учир нь ноён Ражат Гаптад холбогдох хэрэгт одоогоор шүүх ямар нэг ял оноогоогүй байгаа юм. Ражат Гаптагийн өмгөөлөгч Гари Нафталис түүнд тулгаж байгаа хэргийг ор үндэсгүй гэж үзэж буйгаа хатуу мэдэгджээ. Гэтэл Лойд Бланкфейн бүх зүйлийг өөр өнцгөөс харж байгаагаа мэдэгдсэн нь шүүгч нарын гаргах шийдвэрт нөлөөлөх нь тодорхой гэж шинжээчид үзжээ.

Ийнхүү «Голдман Сакс»-ийн захирлууд хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлсэн нь тэд өөрсдийнх нь булхай илрэхээс айсан байж болзошгүй юм. Лойд Бланкфейн одоогоор ямар нэг хэрэгт холбогдоогүй байгаа ч нөхцөл байдал тун эргэлзээтэй болж эхэлсэн талаар мэргэжилтнүүд мэдэгдэв.

Д.Оюунбаатар


URL:

Сэтгэгдэл бичих