”Оюутолгой” зардлаа өсгөх замаар ашгийн хувийг бууруулж байна

УИХ-ын нэр бүхий гишүүд “Оюутолгой” компанийг иргэдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа явуулж байгаа хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн билээ. Тус компани Монгол улсад нийт 1 их наяд 51 тэрбум төгрөг өгсөн гэж сурталчилж байгаа ч үнэн хэрэгтээ хэд дахин бага тоо гарч байгаа талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Тэд “Оюутолгой” компанийг дахин шүүхэд өгөхөөр болсон бөгөөд монголчуудад 71 хувийн ашиг өгсөн гэж байгаа тооцоогоо ил болгохыг шаардаж байгаа аж.
“Оюутолгой” компани улсын төсөвт татварт 143 тэрбум төгрөг, гаальд 325 тэрбум, урьдчилгаа хэлбэрээр 250 сая доллар буюу 325 тэрбум төгрөг өгсөн байгаа аж. Тус компани нь Сангийн яамнаас шаардсан дагуу санхүүгийн бичиг баримтаа үзүүлэхгүй байгаа бөгөөд УИХ-ын гишүүд өөрсдийн эх сурвалжаар дээрх мэдээллийг олж авчээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Биднийг мэдэхгүй юм шиг худал мэдээлэл тарааж байгаа нь хэр итгэлтэй түнш вэ гэдгийг нь харуулж байгаа. Энэ компани зардлыг өсгөх замаар ашгийн хувийг бууруулж байна. Бид Оюутолгойн төслийг огт хэрэггүй гэж хэлээгүй. Харилцан ашигтай ажиллахыг хүсч байна” гэв. Харин С.Ганбаатар гишүүн “Надад шүүхээс хариу ирсэн. Гэхдээ намайг Оюутолгойгоор уучлал гуйлгуулах хүн нь биш гэсэн утгатай хариу ирсэн. Тиймээс энэ компаниас үнэн, зөв мэдээлэл авах, монголчуудыг хуурч байгаадаа уучлалт гуйлгахыг хүсч байна” гэлээ. Түүний хэлснээр “Оюутолгой” компанийн бараа, бүтээгдэхүүн худалдаж авсан, орлого оруулсан гэх байгууллагуудын ихэнхи нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд байгаа юм. Тухайлбал “Жиансу Жианду Монголия” компанид 195 тэрбум төгрөгийн, “Чайна металлуржикал”-аас 72 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдан авсан байгаа аж.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих