АН, МАН эвтэй бол ард түмэн амгалан
УИХ-ын сонгуулиар МАН, АН-ын аль нь ч олонхийн суудал авч дангаараа засаг байгуулаагүй. Гэхдээ АН засаг барьж МАН-ыг буланд шахаж байгаа нь бодит үнэн юм. Эхэндээ ялсан талд сайхан л байсан байх. Сүүлдээ тоглоом нь шоглоом болох янзтай. Нөгөөдүүл нь аргаа бараад буйдантай жагсаж үзэв. Тэгээд ч нэмэр болсонгүй. Цөөнхий бүлэггүй болохоор байнгын хороодын хуралд ч суух эрхгүй болчихож байгаа юм. Олонхи бүх зүйлийг ямар ч хяналтгүйгээр хийж дураараа дургих нөхцлийг өөрсөддөө бий болгосон гэсэн үг. Энэ бол Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг зөрчсөн тун ноцтой үйлдэл юм. Өөрөөр хэлбэл парламентын ардчилал устсан гэж хэлж болно. Энэ нь Монгол улсыг гадаад ертөнцөд маш муухайгаар харагдуулж байгаа. Тиймээс Ерөнхийлөгч намуудын үл ойлголцыг арилгах, ардчиллаа аврах зорилгоор хууль санаачлан УИХ-д өргөн барьсан. Гэвч олонхи ямар нэгэн шалтаг олж, хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаа нь 2013 оны улсын төсвийг цөөнхийн ямар ч хяналтгүйгээр батлах сонирхолтой байна гэхээс өөр хэлэх үг алга. Олон нийт шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй олон ажлыг дэмжиж буй ч хяналттай төр тэнцвэртэй засаглалыг хүсч байна. Хагас сая гаруй сонгогчийн саналыг авсан цөөнхөө үл хүндэтгэх нь эрх баригчдад хэр зохистой юм бол. АН, МАН эвтэй бол ард түмэн амгалан байх сан.
URL: