Хөрөнгө оруулагчид Монголын эрх баригчдаас болгоомжилж байна
Монголд өвөл хурдан бөгөөд эрт эхэлж байна. Зургаахан долоо хоногийн дотор Улаанбаатарыг тойрсон уулс цасанд дарагдаж, агаарын хэм шөнөдөө хасах 20 хүрэв. Энэ жил байгалийн хүйтрэлээс гадна өөр нэгэн жихүүн амьсгал Монголын тал нутгаар хэсүүчлэх болов. Гаднын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталсан, үндсэрхэг үзэл дэлгэрч, гадныхныг эсэргүүцэх болсон, уул уурхайтай холбоотой хууль, журмын талаархи мэдээлэл хомс, Засгийн газар нь зургаан тэрбум ам.долларын өртөг бүхий алт, зэсийн Оюутолгой ордод эзэмших хувиа нэмэх гэж оролдсон зэрэг нь тус улсыг чиглэсэн гаднын хөрөнгө оруулалтыг зогсоож орхив.
Өнгөрсөн гурван жилийн турш цутган орж ирж байсан мөнгөн урсгал өдгөө тасарсан тул Засгийн газар нь өмнө нь амласан сайхан амлалтуудаа биелүүлэхэд шаардагдах санхүүгийн хомсдолд ороод байна. Энэ долоо хоногт “Оюутолгой”-н захирал Камерон МакРей Хонконгод хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ “2009 онд “Оюутолгой”- н хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Монголын эдийн засаг 25 гаруй хувиар өссөн. Гэтэл Монголын талын эзэмших хувийг өсгөхийн тулд гэрээг шинэчлэх хэрэгтэй гэсэн байр суурь яригдах боллоо.
Сүүлийн үед бусдын анхааралд илүүтэй өртөх болсон гэрээ гурван жилийн дотор Монголын эдийн засагт гарсан гайхамшигт өөрчлөлтийн үндэс нь. Өндөр хувьтай эдийн засгийн өсөлтийг энэ гэрээ л эхлүүлсэн” гэв. Анхандаа төслийн 51 хувийг эзэмших хүсэлтэй байсан Монголын Засгийн газар өдгөө нүүрсний үнэ унаж, эрэлт хэрэгцээ багассанаас уурхайн татварыг 300 сая ам.доллараар нэмэгдүүлэх санал гаргаад байгаа билээ. 2009 онд баталсан гэрээнд татвар болон эзэмшлийн хувь хэмжээг 30 жилийн турш хэвээр хадгалахаар заасан байдаг.
Гэрээг зөрчсөн энэ саналыг бусад намтай хамтран засгийн эрх барьж буй Ардчилсан нам гаргажээ. Дээрх шаардлагуудыг “Рио Тинто” хүлээн авах боломжгүй хэмээн эсэргүүцэж буй. Дэлхийд тэргүүлэгчдийн нэг уг компани дөрвөн жилийн дотор хоёр дахь удаагаа тааруухан дуулианд холбогдож буй нь энэ. “Оюутолгой” төсөлд дараагийн удаа юу тохиолдох бол гэх хүлээлт өдгөө үүсчээ.
“Рио Тинто” төслийг Канадын хөрөнгө оруулагч Р.Фрийдландаас хүчээр шахам авч хяналтаа тогтоож байсан юм. Өдгөө үүсээд буй энэ нөхцөл “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид хэрхэн амжилттай ажиллаж буйг анхааралтай ажиглаж байгаа бусад хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргээд байна. Үүнээс гадна тэд хараахан батлагдаагүй байгаа Гаднын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах, Уул уурхайн татварын тухай зэрэг хуулийн заалтуудаас “айж” байгаа юм.
Газар нутгийн хувьд түгжигдмэл Азийн энэ улсын гаднынханд хандах хандлага улам ширүүсч байна уу гэлтэй энэ долоо хоногт Австралийн хуульч Сара Армстронгийг Монголын хилээр гарахыг хориглов. Тэрбээр тус улсын хамгийн том авлигын хэрэгт сэжигтнээр татагджээ. “The Weekend Australian” сонин өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт очиж Австрали, АНУ, Хятад, Оросын хөрөнгө оруулагчид болон дипломатуудтай уулзсан юм.
Тэд бүгд өнөөгийн нөхцөл байдлыг 2008-2009 оны эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн муу үе хэмээн тодорхойлж байв. Логистик, зөвлөгөө, мэдээллийн “Oriental Resources” компанийг үндэслэгч, Хятадын бизнесмэн Че Реншай “Сүүлийн хэдэн жилийн дотор гаднын хөрөнгө оруулагчид Монголд томоохон төслүүд хэрэгжүүлж олон монголчуудыг ажилтай болгож, заримыг нь хэт баян болгосон.
Гэтэл Монголын Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслийг чадварлаг ашиглан иргэддээ ядуурлын гол шалтгаан нь гаднын хөрөнгө оруулагчид хэмээн ойлгуулж байна. Тиймээс монголчуудын дунд гаднынхныг үзэн ядах үзэл дэлгэрч, улам бүр газар авсаар байна” гэв.
Ж.Баярмаа
Эх сурвалж: “Үнэн.мн”
URL: